Хайх

Миланы загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Миланы загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Таны сонорт

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7-гийн редакц том дөрвөн хотын загварын долоо хоногуудыг сайтар ажиглаж, ирэх жилийн хавар-зуны гол чиг хандлагуудыг тодорхойлж байна

1. Нарийн хуниас

Миланы загварын долоо хоног дээрх ихэнх брэндүүд (MSGM, Marco de Vincenzo, Wunderkind) нарийн хуниас бүхий аргачлалыг ихэвчлэн өвдөг давсан урттай юбка дээр ашигласан харагдлаа. Харин Донателла Версаче сүлжмэл материалтай хувцсыг хуниастай болгож, илүү этгээд шийдэл танилцуулаад авлаа. Түүний урласан минимал эсгүүртэй, спорт маягийн, хуниастай хувцаснууд үнэхээр шинэлэг байж чадсан. Гэхдээ бүх брэндүүдээс хамгийн ихээр ялгарсан нь Jil Sander юм. Тэр архитектурын хэлбэр дүрс санагдуулам футуристик эсгүүртэй, бөмбөгөр мөртэй даашинзуудыг хуниастай материалаар урлажээ.

2. Өд

Миучча Прада шинэ цуглуулгынхаа бараг бүх хувцсыг тэмээн хяруулын өдөөр чимсэн байлаа. Prada-гийн зөгнөсөн загварууд ихэвчлэн улирлын томоохон трендүүдийн нэгээр тодордог тул бид 2017 оны хаварт зориулж өдөн детальтай хувцас ба аксесуар худалдаж авах шаардлагатай болж байх шиг байна. Gabriele Colangelo, Antonio Marras, №21 брэндүүдээс санаа аваарай.

3. Арьс шир ба илгэн материал

Италид үйл ажиллагаагаа явуулж, Миланд цуглуулгаа дэлгэдэг брэндүүдийн хамгийн дуртай материалуудын нэг бол яахын аргагүй арьс шир юм. Ирэх хаврын улиралд зориулж Jil Sander ба Bottega Veneta брэндүүд цайвар шаргалаас эхлээд улбар шар хүртэлх дулаан өнгөний сонголттой, арьсан материалтай топ, хүрэм, юбка ба даашинз танилцууллаа. Wunderkind-ын шинэ цуглуулгад багтсан цасан цагаан өнгийн арьсан даашинз өмсөхөд эвгүй байх магадлалтай ч зурган дээр сайхан харагдаж байлаа. Харин Tod's-ын цуглуулга бүхэлдээ арьс ба илгэн материалтай загваруудаас бүрдсэн байв.

4. Цацаг

Богем стилийн хамгийн тод илрэл болсон цацагтай деталь нь Giamba, Giorgio Armani, №21 ба Marco de Vincenzo брэндүүдийн цуглуулгад романтик өнгө аястайгаар үзэгдлээ. Max Mara-гийн цацагтай загвар яг л хонины ноос шиг харагдаж байсан бол Trussardi ковбой уур амьсгалтай, илгэн материал бүхий цацагтай хувцаснууд тайзнаа гаргалаа.

5. Судалтай хээ

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр анх ажиглагдсан энэхүү тренд Миланд ч бас хүрэлцэн иржээ. Олон төрлийн хэмжээ, чиглэл ба өнгөтэй судалтай хээнүүд Arthur Arbesser, Missoni, Jil Sander нарын цуглуулгад багтсан байна. MSGM бага зэрэг спорт хэв маяг нэмэх зорилгоор даашинзуудын ханцуйг тод өнгийн судалтай хээгээр чимсэн байлаа. Харин Ports 1961 пижам загварын сул эсгүүртэй судалтай загварууд танилцууллаа.

6. Тод өнгийн total look

Нэг өнгөөр жигд хувцаслах тренд сүүлийн үед хүчээ авч байна. Emilio Pucci нимбэгийн шар, улаан, ба оюу ногоон өнгөтэй, урт шифон даашинзуудыг онцолсон бол, Versace маргад, индранил гэх зэрэг үнэт чулуудын өнгөтэй total look санал болголоо. Marni-гийн нарийн хийц бүхий, олон давхарга эсгүүртэй загварууд цасан цагаанаас эхлээд улаан ба ногоон гэх зэрэг тод өнгийн жигд өнгөтэй байлаа. Харин Max Mara энэ удаад улбар шар ба шар туяануудыг сонгожээ. Ерөнхийдөө ирэх хаврын хамгийн гол өнгөөр шар өнгө тодрох магадлал маш өндөр байна.

7. Тренч цув

Миланы загварын долоо хоногийн хамгийн эрэлттэй загвараар тренч цув тодорлоо. Wunderkind-ын загвар олон төрлийн өнгө ба оруулгатай, этгээд эсгүүртэй байсан бол, Salvatore Ferragamo зөөлөн ба романтик хэлбэр дүрсийг онцоллоо. Харин Prada-гийн цуглуулгад хамгийн сонгодог хувилбар нь багтжээ.

цааш үзэх