Хайх

“Millennial pink”-ийн оронд моодонд орж буй тод улаан өнгөний талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ?

“Millennial pink”-ийн оронд моодонд орж буй тод улаан өнгөний талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ?

Дэлхийн хэмжээний үйл явдал, шинжлэх ухаан, сэтгэл судлал өнгөний трендэд хэрхэн нөлөөлж байгаа талаар

Text: Buro.Mongolia


Зураг:

"Millennial pink" буюу пастель ягаан өнгө 2016 болон 2017 оны эхэн үеийн гол өнгөөр тодроод байсан билээ. Tumblr-ын ачаар алдартай болж эхэлсэн энэхүү өнгө нь тун удалгүй дэлхийн загварын ертөнцөөр тархсан юм. Жишээ нь Acne брэнд ягаан өнгийн бутик нээсэн бол Nike ягаан өнгийн цуглуулга гаргаж, Fantastic Man сэтгүүл хаврын шинэ дугаарынхаа хавтсыг millennial pink өнгөөр сонгож, тэр ч бүү хэл Starbucks пастель ягаан өнгийн фраппучино худалдаанд гаргасан юм. Эцэст нь Pantone институт пастель ягаан өнгийг "Rose Quartz" хэмээн нэрлэж 2016 оны гол өнгө хэмээн тодорхойлсон байдаг. Гэхдээ одоо "millennial pink" өнгөнөөс аль хэдийнэ хүн бүр залхаад эхэлжээ.

Ягаан өнгө нь ихэвчлэн эмэгтэй хүйстэй уялдан холбогдож байдаг учраас ерөнхийдөө нарийн, түвэгтэй өнгөнд тооцогддог байсан. Тэгвэл өнөөдөр ягаан өнгө улс төр, нийгмийн өнгө аястай болоод эхэлжээ. Өнгөрсөн жил пастель ягаан өнгө тренд болж, энх тайван, хүйсийн тэнцвэртэй байдлыг сурталчилсан нь 1960-аад оны хиппи "солиорол"-ыг санагдуулаад авсан юм. Гэхдээ яг л хиппи соёлын адилаар "millennial pink" өнгө хэт их зах зээлжсэн билээ. Мянга, мянган компаниуд энэхүү өнгийг "алтны эх үүсвэр" болгон харж, янз бүрийн асар үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаанд гаргасаар байсан юм (жишээ нь ягаан iPhone-ыг дурдаж болно).

“Millennial pink”-ийн оронд моодонд орж буй тод улаан өнгөний талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Харин одоо "millennial pink"-ийг ямар өнгө орлох вэ гэж үү? Маш олон мэргэжилтнүүд 1990-ээд оны цуглуулгуудад харагддаг байсан галын машин, сарнай цэцэг болон цусан улаан өнгө тренд болж, маш удаан хугацааны турш байр сууриа алдахгүй хэмээн үзэж байна.

Гэрлийн өнгө бүр өөр, өөр долгионы урттай ч улаан өнгө нь хамгийн хүчтэй долгионтой байдаг аж. Тиймээс ч хүний нүд бусад өнгөнөөс илүү улаан өнгийг түрүүлж хардаг байна. Мөн энэ шалтгаанаар гэрлэн дохио, анхааруулах тэмдэгт улаан өнгийг ашигладаг юм. Түүнчлэн улаан өнгө хүний сэтгэл зүйд сэргээх үйлчилгээ үзүүлдэг ба зүрхний цохилтыг түргэсгэдэг гэнэ. Ийм учраас интерьер засалд улаан өнгийн оронд тайвшруулах нөлөө үзүүлдэг зөөлөн ягаан өнгийг сонгодог байна.

Өнгөний сонголтын системийг зохиосон Pantone институт энэ улирлын гол өнгөөр "Grenadine" гэх өнгийг тодруулаад байна. Тэд уг өнгийг хүчирхэг, өөртөө итгэлтэй, бага зэрэг зэвэрсэн өнгө аястай хэмээн тодорхойлжээ. Мөн Pantone институт "Grenadine" өнгийн бас нэг төрөл болох "Tawny Port" гэх илүү гүн, хүрэн өнгө маш түгээмэл болно гэж таамаглаж байна.

Өнгөрсөн жил Хиллари Клинтон, Тереза Мэй, Ангела Меркель нар төрөл бүрийн улаан өнгийг моодонд эргүүлэн оруулсан юм. Тэдний хүчирхэг улаан өнгөтэй хослолууд эрэгтэй улс төрчдийн хөх өнгийн сонгодог дүрэмт хувцаснуудаас дутахааргүй их дэлгэцэнд харагдах болсон билээ. Эдгээр эмэгтэйчүүд улаан өнгийг улс төрийн өөрчлөлт болон феминизмийн бэлгэ тэмдэг болгосон юм. Бүр XX зууны эхээр дэлхий даяар хийгдэж байсан хувьсгалууд ихэвчлэн улаан өнгийг бэлгэ тэмдгээ болгож байсан түүхтэй.

“Millennial pink”-ийн оронд моодонд орж буй тод улаан өнгөний талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Энэхүү "хувьсгалын улаан" өнгийг поп одууд, жүжигчид биш харин улс төрчид моодонд оруулж байгаа нь ч учиртай. АНУ-ын ерөнхийлөгч нь долоо хоног бүр хачин жигтэй үйлдэл хийж, Хойд Солонгос дэлхий нийтийг цөмийн зэвсгээр сүрдүүлж байгаа орчин үед зөөлөн ягаанаас илүү хүчирхэг улаан өнгө тохиромжтой санагдах нь аргагүй биз ээ.

Загварын ертөнц ч шинэ трендээс хоцорсонгүй. Жишээлбэл Givenchy болон Balenciaga загварын ордны намар-өвөл 2017 улирлын цуглуулгууд ерөнхийдөө гүн улаан өнгөтэй байсан нь бидэнд цаг үетэйгээ хөл нийлүүлж, зоригтойгоор тод улаан өнгийн хувцас өмсөх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Түүнчлэн кино урлаг ч энэ өнгөөр "амьсгалж" байгаа гэж хэлж болно. Тухайлбал "The Handmaid's Tale" цуврал улаан өнгийн трендийг улам бүр бататгаад авсан билээ.
Эцэст нь улаан өнгө нь пастель ягаан өнгөнөөс харьцангуй прагматик шинж чанартай. Жишээ нь улаан өнгийн хувцсанд аксесуар сонгоход хамаагүй амархан байдаг. Мөн хамгийн гол нь улаан өнгө пастель ягаан шиг жин нэмсэн харагдуулдаггүй.

“Millennial pink”-ийн оронд моодонд орж буй тод улаан өнгөний талаар бид юуг мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

Хувцас бол өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлдэг бас нэгэн арга бөгөөд бидний сэтгэл зүйн байдлыг ч давхар харуулж байдаг юм. Одоо хүмүүс өөрийн эмзэг талыг харуулахын оронд хүчирхэг байдлаа тодотгохыг хичээх болжээ. Тиймээс ч энэхүү хүчирхэг улаан өнгө шинэ мянганыхны дуртай пастель ягаан өнгийн оронд тренд болон гарч ирж байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм.

цааш үзэх