Хайх

Мини тренд: Хагас түрийтэй лакан гутал

Мини тренд: Хагас түрийтэй лакан гутал

Гялалзаж байна

Text: Ө.Тодгэрэл


Намрын өдрүүд дуусах дөхөж, хүйтэн бас хальтиргаатай өвөл ирж байгаа ч энэхүү гутлын трендийг дурдалгүй өнгөрч чадсангүй

Эмэгтэй хүн бүрийн дотор гялалзсан зүйлд дуртай нууцхан "дагина" амьдардаг шүү дээ. Тэрхүү хүслийг нь өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх боломж олгох эдгээр дэгжин гутлууд хүйтэн улирлын жинхэнэ чимэг болж өгнө. Бүдүүн дөрвөлжин өсгийтэй, хагас түрийтэй лакан гутал нь 1960-аад оноос эргэн ирсэн тренд бөгөөд хөлд эвтэйхэн төдийгүй ямар ч хувцаслалтыг чамин харагдуулна. Тэгэхээр та хаврын гутлын худалдан авалтаа хараахан дуусгаагүй байгаа бол энгийн загвартай гутал авалгүй бидний санал болгох трендийг заавал анхаараарай.

Dior-ын намар-өвөл 2015 цуглуулгад багтсан чихэр шиг өнгийн тунгалаг өсгийтэй загвар энэ ангилалдаа хамгийн алдартай нь болов уу. Кардашьян гэр бүлийн хамгийн залуухан Кайли Женнерээс эхлээд бидний хайртай street style баатрууд Dior-ын гутлаар гангарсан нь нэг биш удаа ажиглагдлаа. Харин Rochas-ын сувд ба хадаасан чимэглэлтэй өсгий таныг бусдаас зоригтой, хүчирхэг харагдуулах нь гарцаагүй. Илүү сонгодог загвар сонирхдог нэгэнд Marc Jacobs-ын улаан хүрэн өнгийн, эсвэл Miu Miu ба Louis Vuitton-ы өхөөрдөм том бүсний толгойтой хар өнгийн загвар шилдэг сонголт болно. Эдгээр гутлууд шулуун өмд, "харандаа" юбка, богино шоорт, А хэлбэрийн даашинз ба юбка, богино жийнс, оройн даашинз гээд бүхий л хувцас дээр зохицдог тул, бүсгүй та хүссэн төрхөө зоригтойгоор бүтээгээрэй.

 

цааш үзэх