Хайх

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна

Танд хэрэгтэй цорын ганц үслэг эдлэл

Text: Ө.Тодгэрэл


Цаг үеэ дагаж өөрийгөө өвөрмөц байдлаар илэрхийлж, бусдаас онцгойрох дуртай хүмүүсийн дунд анхаарал татам төд өнгөтэй Монгол хурганы арьсан хүрэм өндөр эрэлттэй байна

Монгол хурганы арьс дэлхийн загварын ертөнцөд танигдаад олон жил өнгөрчээ. Яг хэзээнээс эхэлж алдарт дизайнерууд монгол хурганы арьсаар хувцас урлах болсныг тодорхой хэлж мэдэхгүй ч, өнгөрсөн жилийн намар-өвлийн улиралд энэхүү арьс хүчээ авч эхэлсэн юм. Загварын редакторууд, блогерууд ба моделиуд бүгд "The Muppets"-ыг санагдуулам олон өнгийн сагсгар хүрмээр гоёх болсон. Gucci-гийн намар-өвөл 2014 цуглуулгад багтсан бор ба цайвар ягаан өнгийн хүрэм тэр үеийн шилдэг сонголт байлаа.

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна (фото 1)

Харин намар-өвөл 2015 буюу одоо өндөрлөх дөхөж буй улиралд монгол хурганы арьсан хүрэм алдрынхаа оргилд хүрээд байна. Matthew Williamson, Holly Fulton, Sass & Bide, MSGM, House of Holland, Anna Sui, Charlotte Simone гэх дизайнерууд өөрсдийн цуглуулгадаа тод аль эсвэл завсрын өнгөтэй, өвдөг давсан урттай хувилбарууд оруулж, энэ чиг хандлагын шинэ давлагааг үүсгэсэн. Дулаахан, биед эвтэйхэн, хөнгөхөн, өнгөлөг энэ хүрэм Нью-Йорк хотын 1970 аад оны алдарт Studio 54-ийн хэв маягтай нийцэх "рок-од"-ын чанар агуулдаг тул юутай ч хослуулж өмссөн бай cool харагддаг увьдистай билээ. Ийм л учраас загварын салбарынхны анхаарал Монгол хурганы арьс рүү чиглэх боллоо.

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна (фото 2)

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна (фото 3)

Түүнээс гадна саяхан Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд Канье Уэстын Yeezy маркийн Season 3-ийн танилцуулга болж өнгөрсөн. Дизайнерын өвөрмөц загварууд, зуу гаруй загвар өмсөгчдийн цуглаан, моделиудыг төлөөлж зогсох үзэсгэлэнт Наоми Кэмпбелл, үзэгчдийн суудалд суух алдартнууд гээд л танилцуулга ерөнхийдөө маш өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан. Тэр дундаас Уэстыг дэмжихээр ирсэн Кардашьяны гэр бүл хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж чадсан юм. Тодруулж хэлбэл алдарт бүсгүйчүүдийн хоорондоо жигдэрсэн цасан цагаан төрх бөгөөд тэдний өмссөн сагсгар хүрэм олны нүдийг булаасан. Vogue сэтгүүлийн илтгэж буйгаар тэдгээр цагаан, зөөлөн ягаан, эсвэл зааны арьсан өнгөтэй том хүрэмнүүд бүгд Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустены тусгайлан урласан, Монгол хурганы арьсан загварууд аж. Бид Ким Кардашьяныг хамгийн сүүлийн үеийн, шинэлэг трендийн дагуу хувцасладаг гэдгийг сайн мэднэ шүү дээ. Тэгэхээр Монгол хурганы арьсан хүрмийн ноёрхол дараа дараагийн улиралд ч мөн адил үргэлжлэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Монгол хурганы арьсан хүрмэнд бүгд дурлаж байна (фото 4)

Хүйтэн өдрүүд нь дулаан өдрүүдээсээ хавьгүй их байдаг манай Монголын нөхцөлд энэхүү сагсгар, зөөлөн хүрмийг өмсөх боломж хангалттай олон гарна. Тиймээс бүгдээрээ энэ трендийг анхааралдаа авч, хотын гудамжийг тод өнгөөр гэрэлтүүлж, бие биедээ баяр баясгалан нэмцгээе.

цааш үзэх