Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Ирэх хавар юу өмсөх вэ?

Text: Buro.Mongolia


Бюро 24/7-гийн редакц өнгөрсөн долоо хоногийн турш Нью-Йоркийн загварын долоо хоногийн шоунуудыг ажиглалаа. Бид брэндүүдийн танилцуулсан загваруудаас дүгнэлт хийж, ирэх улиралд ямар чиг хандлагууд ноёрхохыг тодорхойллоо

Судалтай хээ

Энэхүү сонгодог хээ нь тийм ч шинэлэг тренд биш боловч дизайнерууд улирал бүр судалтай загваруудыг онцолж, урьд өмнөхөөсөө өвөрмөц аргууд танилцуулж байна. Adam Selman маркийн үүсгэн байгуулагч Адам Селман эхлээд "эмээгийн" мэт сүлжмэл хийцтэй, босоо судалтай богино даашинзууд тайзнаа гаргаж, дараагаар нь газар хүрсэн урттай, нэвт гэрэлтэх материалтай оруулга, олон өнгийн хөндлөн судалтай даашинзууд санал болгосон байгаа. Харин 3.1 Phillip Lim брэндийн хувьд гэвэл тэд босоо чиглэлтэй, тэгш бус хэмтэй хээгээр чимэглэсэн минимал загварууд танилцуулаад авлаа.

Proenza Schouler харааны хуурмаг үзэгдэл ашиглаж, төрөл бүрийн чиглэл ба өргөнтэй судлуудыг нэг хувцсанд хослуулан оруулсан бол, Rosie Assoulin маркийн цуглуулгад хамгийн зугаатай судалтай хээ үзэгдлээ. Даашинзууд яг л наран шарлагын газар дээрх өнгөлөг шүхэр шиг харагдаж байсан нь зуны улирлын үдэшлэгт төгс тохирох мэт санагдана. Opening Ceremony, Diane von Furstenberg, Mose ба Victoria Beckham брэндүүд ч бас судалтай трендийг баримталсан байгаа.

Хайчилбар

Ихэнх дизайнерууд бидэнд дараагийн хаврын улиралд биеийнхээ зарим хэсгийг нүцгэлэхийг санал болгож байна. Гэхдээ энэ нь шууд утгаараа биш, харин илүү нууцлаг хэв маягаар илрэх ёстой тренд юм. Арьсны тань жижиг хэсгүүд даашинз, пиджак ба ноосон цамцан дээрх гэнэтийн байршилтай хайчилбаруудын цаанаас үзэгдэж байх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь хайчилбарын хэмжээ ба давтамжийг хэтрүүлэхгүй байх нь их чухал юм. Alexander Wang, Hugo Boss, Dion Lee, 3.1 Phillip Lim гэх брэндүүдийн цуглуулгуудад энэ чиг хандлага нэлээд тодорхой ажиглагдаж байгаа тул та загваруудыг нь сонирхоод үзээрэй. Хамгийн сонирхолтой нь бараг бүх дизайнерууд энэхүү хайчилбартай трендийг зөвхөн нэг өнгийн монотон хувцаснууд дээр ашигласан харагдлаа. Public School шинэ хувцаснууд дээрээ хутгаар сийчсэн мэт далий хайчилбарууд гаргасан бол, DKNY спорт хослолыг хэд, хэдэн газарт "зүссэн" байв.

Шар өнгө

Ирэх хаврын хамгийн гол өнгөөр маргаангүй шар болон түүний зэргэлдээ туяанууд тодроод байна. Lacoste ба Public School-ын цуглуулгад бүүдгэр шар өнгө ноёрхсон бол, 3.1 Phillip Lim-д тод шар, Jason Wu-д неон шар, харин Tibi-д нарны шар өнгө үзэгдлээ. Түүнээс гадна Narciso Rodriguez марк жүржийн гоёмсог шаргал өнгө сонгож, Yeezy наранд гандсан мэт цонхигор шар туяаг онцоллоо. Үүнээс харахад бид дараа улиралд пастелиэс эхлээд алтлаг өнгө хүртэл хүссэн шар туяагаа сонгох эрхтэй болж байна.

Өвдөг давсан түрийтэй гутал

Танд дуулгах сайхан мэдээ байна. Өвдөг давсан түрийтэй гутлын тренд ирэх хаврын улиралд ч бас үргэлжлэх болно. Өөрөөр хэлбэл таны энэ намарт зориулан худалдаж авсан загварууд маш ухаалаг хөрөнгө оруулалт болж чаджээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татсан хувилбарууд дунд юуны түрүүнд мэдээж хэрэг Канье Уэстийн Yeezy Season 4 цуглуулга дахь өргөн түрийтэй, гуя хүртэл үргэлжлэх гутал багтлаа. Ким Кардашьяны сүүлийн үеийн хувцаслалтын салшгүй нэгэн хэсэг болсон энэхүү загварыг туршаад үзэх цаг ирсэн бололтой. Илүү спортлог хэв маягтай, намхан ултай хувилбар хайж байвал DKNY марк руу хандаарай. Харин 1970-аад оны рок өнгө аяс мэдрүүлэх өндөр платформ бүхий гутлууд Marc Jacobs-д төрөл бүрээрээ бий.

Цээживч маягийн топ

Энгийн кроп топтой харьцуулбал хамаагүй илүү "зоригтой" гэх тодотгол хүртсэн цээживч маягийн топууд ирэх хавар олноороо үзэгдэх болно. Дизайнерууд энэ загварыг бие даасан хувцас мэт бодож, мөр ба гэдсээ нүцгэлэн, санаа зоволгүйгээр өмсөхийг санал болгож байна. Victoria Beckham хамба хилэн материалтай хувилбар танилцуулсан бол, Alexander Wang даавуун хийцтэй спортлог, харин Altuzarra 1950-аад оны pin-up хэв маягтай цээживчийг цуглуулгадаа багтаалаа. Ерөнхийдөө эдгээр тренд болж буй топуудыг нэвт гэрэлтэх даашинзтай, эсвэл энгэр нь товчлогдоогүй коовт болон пиджак дотор өмсвөл илүү сонирхолтой харагдана. 2017 оны хаврын улиралд бүсгүйчүүдийн эр зориг юунаас ч илүү үнэлэгдэх бололтой шүү.

Мини загварууд

Ирэх улиралд юбканы урт богино байх тусам загварлаг байх болно. Нью-Йоркийн дизайнерууд (ялангуяа Marc Jacobs) юбка ба шоортнуудын уртыг санаанд оромгүй хэмжээнд хүртэл богиносгожээ.

Аварга том ээмэг

Зөвхөн нэг чихэндээ ээмэг зүүх чиг хандлага эрчээ алдалгүй ирэх хавар хүртэл үргэлжлэх болно. Гэхдээ одооноос эхлэн минимал загварын жижиг ээмэг биш, харин аварга хэмжээтэй, этгээд хэлбэр дүрстэй гоёл чимэглэл моодонд орно. Dion Lee, Altuzarra, Delpozo ба Proenza Schouler брэндүүдээс санаа аваарай.

цааш үзэх