Хайх

Парисын загварын долоо хоног дах арван нэгэн гол тренд, намар-өвөл 2016

Парисын загварын долоо хоног дах арван нэгэн гол тренд, намар-өвөл 2016

Танд хэрэгтэй тэмдэглэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өнгөрсөн долоо хоногт намар-өвөл 2016 улирлын хамгийн сүүлийн Парисын загварын долоо хоног болж өндөрлөсөн билээ. Бид Францын тайзны гол чиг хандлагуудыг тоймлон бичлээ. Магадгүй хагас жилийн дараа бид эдгээр трендийн дагуу хувцаслах биз ээ

Доошилсон мөр

Бүсгүй хүний мөр намар-өвлийн улиралд дизайнеруудын анхаарлын төвд байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид загварын долоо хоногийн үеэр хайчилбартай, далий хэлбэртэй, өргөн хэмжээстэй гэх мэт нэлээд олон төрлийн мөрний загварыг олж харсан. Парист харин эсгүүрийн хөндлөн шугам нь доошилсон мөр илүү давамгайлсан байлаа.

Эрвээхий зангилаа

Өмнөх улиралд тренд болж чадсан эрвээхий зангилаа шинэ улиралд ч мөн адил ноёрхох нь ээ. 1970-аад оны хөнгөн коовтыг чимэх романтик зангилаа, аль эсвэл чихрийн боодол санагдуулам том хэмжээстэй эрвээхий зангилаа нь таны шүүгээнд заавал ч үгүй байх ёстой элементүүдийн нэг болж байна.

Өргөн ханцуй + өргөн юбка

Минигийн оронд миди хүчээ авж, бариу хувцсыг сул загварууд орлож байна. Тэр дундаас өргөн ханцуйтай, дундаж урттай даашинз аль эсвэл юбка хамгийн ихээр тодрох боллоо.

Жийнс

Жийнсэн өмд ба юбка нь "моод"-ноос хэзээ ч гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Тиймээс ийм зэргийн материалтай хувцсанд хөрөнгө оруулалт хийх нь маш ухаалаг алхам юм. Парисын дизайнерууд үүнийг дахин нэг удаа баталж өглөө. Тэд үдээстэй даашинз, хослол, хүрэм зэрэг олон төрлийн жийнсэн загварууд танилцууллаа.

Амьтдын хээ

Парисын загварын долоо хоног дээр маш олон төрлийн амьтдын хээ харагдлаа. Бид саяхан муурын хээтэй загварууд дээр санал асуулга явуулсныг та санаж байгаа биз ээ. Муурнаас гадна бар, ирвэс, тахь ба могойн хээ тренд боллоо.

Байгалийн үслэг эдлэл

Хэрвээ Миланы дизайнерууд тод өнгийн, хуурамч үслэг эдлэлийг илүүд үзсэн бол, Парист байгалийн аль эсвэл байгалийн өнгөтэй үс ноёрхлоо.

Спорт ба хурд

Спорт хэв маяг бол ойр ойрхон эргэн ирдэг трендүүдийн нэг юм. Энэ удаад спорт загварын малгайтай цамц, цахилгаантай цанын цамц, болон мотоциклчины хувцаснууд онцгой анхаарал хүртлээ.

Хөвөнтэй куртка

Хүйтэн улиралд хамгийн тохиромжтой хэдий ч хангалттай дэгжин биш хэмээн тооцогддог хөвөнтэй куртка нь шинэ улиралд урьд өмнөхөөсөө илүү загварлаг байх нь ээ. Balenciaga, Chanel ба Stella McCartney-гийн хувилбаруудыг анхааралдаа аваарай.

Энгэрийн зүүлт

Жижигхэн ч гэлээ маш өхөөрдөм тренд. Ялангуяа Chanel-ын муурын толгойн хэлбэртэй энгэрийн зүүлт олон бүсгүйчүүдийн зүрхийг булаагаад байна.

Лаакан арьс

Лаакан арьсаар хийгдсэн төрөл бүрийн хувцаснууд Францын тайзыг дүүргэлээ. Тэр дундаас лаакан улаан өмд хамгийн алдартай нь байв.

Корсет

Дотуур хувцасны давалгаа бүх загварын нийслэлд ноёрхсон. Харин Парисын дизайнерууд корсетыг илүү тодотголоо. Оливье Рустены нарийн бэлхүүстэй, өргөн ташаатай загвар энэ трендийг эхлүүлсэн байх магадлалтай.

цааш үзэх