Хайх

Парисын загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног дахь гол чиг хандлагууд, хавар-зун 2017

Ирэх хаврын гол деталиуд

Text: Buro.Mongolia


Зураг:

Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 5-ыг хүртэл Бюро 24/7-гийн редакци Парисын загварын долоо хоногийг сурвалжилж, цуглуулга бүрийг сайтар ажиглалаа. Бид харсан зүйлсээсээ дүгнэлт хийж, ирэх хавар ямар трендүүд ноёрхохыг онцоллоо

1. Төмөрлөг

Ирэх хаврын улиралд төрөл бүрийн гялтганасан материал хүчээ авна. Saint Laurent-ын бүтээлч захирал Энтони Ваккареллогийн танилцуулсан 1980-аад оны уур амьсгалтай, бараан туяатай "шингэн" алт, Haider Ackermann-ы цуглуулгад багтсан гацуур мод мэт харагдах урссан люрекстэй хослол мөн Kenzo ба Isabel Marant нарын санал болгох алтлаг ба мөнгөлөг богино даашинзууд энэхүү чиг хандлагыг тодорхойлж байгаа юм. Люрекс оруулгатай материалууд мөн Nina Ricci ба Louis Vuitton нарын цуглуулгад үзэгдсэн юм. Харин Mugler брэндийн дизайнер Давид Кома загасны хайрс мэт эффекттэй, гялтганасан материалаар футуристик пиджак, хослол ба даашинз урласан байлаа.

2. Хуниас ба нугалаас

Дээр дурдсан ширүүн өнгө аястай төмөрлөг трендтэй харьцуулбал хуниас ба нугалаас нь харьцангуй романтик элементүүд юм. Rochas брэндийн том долгионтой торгон даашинз ба торон хослол нь энэ төрөлдөө хамгийн шилдэг хувилбаруудаар нэрлэгдлээ. Харин Chloé-гийн шүрэн ягаан ба шар өнгийн хуниастай даашинзууд яг л бялуу шиг маш "амттай" харагдаж байлаа. John Galliano-гийн цуглуулгад унтлагын хэв маягтай нэвт гэрэлтэх даашинз олон давхаргатай хуниасаар чимэглэгдсэн бол Comme des Garçons-ын Рей Кавакубо энэхүү элементэд бага зэрэг бараан уур амьсгал нэмжээ.

3. Өргөн мөр

1970 ба 1980-аад оноос гаралтай "power dressing" хэв маяг ирэх хавар-зуны улиралд эргээд моодонд орох нь. Энэ чиг хандлагыг загварын ертөнцийг шуугиулж буй залуу дизайнер Демна Гвасалия тодорхойлж байна. Тэрбээр Balenciaga-д зориулж "Аддамсын гэр бүл" кинон дээрх ордны үйлчлэгч Ларчийг санагдуулам хэтэрхий өргөн мөртэй пиджак ба хүрэмнүүд бүтээлээ. Харин Céline-ий Фиби Файло, Jacquemus-ын Симон Порт Жакмю, Kenzo-гийн Кэрол Лим ба Умберто Леон, Lemaire-ын Кристоф Лемер ба Сара-Лин Тран, Chalayan-ы Хуссейн Чалаян нар энэхүү трендийг арай өөр хэв маягаар хэрэгжүүллээ. Тэд мөрийг ихэвчлэн дугуй хэлбэртэй эсгүүрээр хийж, илүү романтик төрх бүрдүүлсэн байлаа.

4. Цоорхойтой хайчилбарууд

Парисын дизайнерууд бидэнд ирэх улиралд ичимхий зангаа түр орхиж, хэсэгчлэн ил гаргасан биеэрээ гоёхыг санал болгож байна. Louis Vuitton, Vivienne Westwood, Jacquemus, Lanvin ба Balmain брэндүүд шинэ цуглуулгадаа маш гүнзгий хайчилбарууд оруулсан нь үзэгчдийн анхаарлыг моделийн хөхний даруулга руу чиглэхэд хүргэлээ. Тэгэхээр уг трендийг хэрэгжүүлэхдээ гоёмсог дотуур хувцас өмсөхөө бүү мартаарай. Таны гадуур хавцасны цаанаас харагдах жижиг деталиуд их чухал юм шүү.

5. Улбар шар өнгө

Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногуудын шилдэг өнгөөр шар өнгө тодорсон бол Парист улбар шар өнгө ноёрхлоо. Balmain-ы мандарин шиг харагдах тод улбар шар, Mugler-ын түлэгдсэн улбар шар болон Balenciaga-гийн улаан туяатай улбар шар гээд маш өргөн сонголт бий. Харин Undercover брэнд оймсноос эхлээд малгай хүртэл улбар шар өнгийн "total-look" бүрдүүлэхийг санал болголоо.

6. Олон давхар оруулгатай даашинз

Ерөнхийдөө хавар-зун 2017 улиралд дизайнерууд романтик сэдвийг хүчтэй хөгжүүллээ. Alexander McQueen-ы Сара Бертон дээгүүрээ корсет хэлбэртэй хэрнээ хормойгоороо олон давхар хуниас цуглуулсан даашинз урласан бол Dior-т зориулан анхны цуглуулгаа бүтээж буй Мария Грация Кьюри төрөл бүрийн урттай, олон давхар оруулгатай, торон даашинз ба юбканууд тайзнаа гаргалаа.

7. Тэгш бус хэм

Панк соёлын хатан хаан Вивьен Вествудийн цуглуулгад тэгш бус хэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэлээ. Нэг тал нь газарт хүрэм урт, харин нөгөө нь ташаагаар татам богино хормойтой даашинзууд яг л биеэр ороогдсон, ямар ч оёдолгүй даавуу мэт харагдаж байсан юм. Carven марк энэ трендийг илүү энгийн аргаар хэрэгжүүлж, тэгш бус хэмтэй материалаар богино юбка оёсон байв. Харин Saint Laurent-ын савхин даашинзууд загвар өмсөгчдийн нэг мөрийг, заримдаа бүр цээжний нэг талыг ил гаргаж байлаа.

8. Торон нэхээс ба дотуур хувцасны хэв маяг

Сүүлийн хэдэн улирлын турш моодонд байсан торон нэхээс 2017 онд ч бас хүчтэй байх болно. Гэхдээ хаврын улиралд дизайнерууд илүү шинэлэг хэлбэр дүрс танилцуулж байна. Тухайлбал Moncler Gamme Rouge марк цоорхойтой торон материалаар бомбер хүрэм оёж, харин Chloè-гийн цуглуулгад торон нэхээстэй хослол багтсан байлаа. Нэвт гэрэлтэх материалыг романтик хийцтэй дотуур хувцастай хослуулах аргачлал ч бас загварлаг хэвээр байна.

9. Хослол

Парисын загварын тайз дээр ноёрхсон хамгийн том трендүүдийн нэг бол яах аргагүй өмд ба пиджакаас бүрдсэн хослол юм. Фиби Файло (Céline) эрэгтэй эсгүүрийг онцолж, Бушра Жаррар (Lanvin) хамба хилэн захтай смокинг урлаж, Сара Бертон (Alexander McQueen) хээ хатгамлаар баялаг бэлхүүс тодотгосон хослол танилцууллаа. Харин Givenchy-гийн цуглуулгад трапеци хэлбэрийн өмдтэй хослол багтаж, тайзнаа 1970-аад оны уур амьсгал авчирлаа.

10. Ягаан өнгө

Парист цуглуулгаа дэлгэсэн бүх дизайнерууд ямар нэгэн байдлаар ягаан өнгийг онцоллоо. Kenzo улаан туяатай ягаан өнгөөр хувцас урлаж, мөн загвар өмсөгчдийн нүүр будалтыг ижил өнгөөр хийсэн бол Valentino-гийн шоуны эхний хэсэг тэр чигтээ ягаан өнгийг магтан дуулсан юм. Харин Chanel эмэгтэйлэг пастель ягаан өнгийг илүүд үзсэн байлаа.

цааш үзэх