Хайх

Шоппинг хөтөч: Намар-өвөл 2016 улирлын гол чиг хандлагууд

Шоппинг хөтөч: Намар-өвөл 2016 улирлын гол чиг хандлагууд

Эргэн сануулахад

Text: Ө.Тодгэрэл


Хэдхэн хоногийн өмнө ханцуйгүй богино даашинзаар гангарч байсан Монголын бүсгүйчүүд маань өнөөдөр савхин хүрмээ мөрөн дээрээ тохон, даарсхийсэн мэдрэмжтэй гадуур алхаж яваа харагдлаа. Хэдийгээр зуны халуун өдрүүдтэй салах ёс гүйцэтгэх гунигтай байгаа ч намарт бэлдэж, шүүгээгээ шинэчлэх таатай “үүрэг” бид бүгдийг хүлээж байна. Тэгэхээр нулимсаа арчаад, дэлгүүрийн зүг чиглэцгээе!

Хоёрдугаар сард зохиогдсон намар-өвөл 2016 улирлын ready-to-wear загварын долоо хоногоос дүгнэхэд бид бүгдийг XIX зууны декадент хөдөлгөөний уур амьсгалтай, тансаг бас баялаг улирал хүлээж байна. Романтизмаас эхлээд рок ба гудамжны стиль хүртэл өргөн сэдэв хамарсан, олон төрлийн материал, хээ бас өнгөтэй загварууд тренд болж байна. Улирал солигдох энэ мөчид бидний бэлдсэн жагсаалтыг анхааралдаа авч, зөв бас загварлаг сонголт хийгээрэй бүсгүйчүүд ээ.

Хамба хилэн материал

Улирлын хамгийн том трендээр нэрлэгдээд байгаа хамба хилэн материал нь тийм ч прагматик биш гэлээ, таныг нэн даруй чамин ба тансаг харагдуулах увьдистай юм. Valentino, Fendi, Alberta Ferretti, Rochas гэх зэрэг брэндийн дизайнерууд өвдөг давсан эсвэл газар хүрсэн урттай, гүн ногоон, цайвар ягаан, хөх ягаан, ба бараан цэнхэр өнгийн даашинзуудыг онцолж байна. Харин Vetements ба Bottega Veneta маркууд хамба хилэн материалтай пиджак ба өмдний хослолыг санал болголоо.

Хөвөнтэй куртка

Хөвөнтэй куртка өөрийн түүхэн дэх хамгийн өндөр оргилдоо хүрч байна. Дулаахан бас биед эвтэйхэн гэх сайшаалыг олноор хүртдэг энэхүү хувцас харамсалтай нь үргэлж тийм ч загварлаг биш гэж гологддог байсан. Харин энэ улиралд Vetements, Burberry, Emilio Pucci гэх зэрэг брэндүүдийн ачаар хөвөнтэй куртка нь пальто, цув, бүр тэр байтугай шубанаас ч дутахааргүй дэгжин гадуур хувцсанд тооцогдсон. Хамгийн гол нь хөвөнтэй курткыг энгийн өдөр тутмын биш, харин үдшийн даашинз гэх мэт чамин хувцастай хослуулах хэрэгтэй. Энэхүү гэнэтийн хослолтыг дэлхийн загварын редакторууд бүгд нэгэн зэрэг магтан дуулж байна.

Эрэгтэй эсгүүртэй хослол

Эрчүүдийн шүүгээнээс зээлдсэн мэт, дөрвөлжин эсгүүртэй, хайхрамжгүй хослолууд Balenciaga, Max Mara, Ralph Lauren, Tibi, Jason Wu болон бусад олон брэндүүдийн тайз дээр үзэгдсэн. Тэр дундаас таныг хамгийн цаг үетэйгээ нийцсэн, загварлаг харагдуулах нь дөрвөлжин эсвэл босоо зураас бүхий хээтэй хослолууд юм шүү.

Дотор заслын хээ угалз

Эртний цаасан обой санагдуулам баялаг хээ, угалзтай загварууд энэ намрын улирлын уур амьсгалыг тодорхойлох болно. Хааны гэр бүлийн мэт тансаг мэдрэмж төрүүлэх энэ тренд өдөр тутамд бас үдшийн гаралтад аль, алинд нь зохимжтой юм. Prada, Dolce & Gabbana, Gucci, Burberry, Dries Van Noten гэх зэрэг дэлхийн хамгийн том загварын ордуудын алтадсан бүтэцтэй хувилбаруудыг анхааралдаа аваарай.



Гудамжны стиль


Дизайнерууд шинэ улиралд гудамжны этгээд элементүүдийг ашиглаж, загварын тайзнаа бага зэрэг хэрцгий, хайхрамжгүй, cool дүр төрхтэй бүсгүйчүүд гаргалаа. Vetements-ийн Демна Гвасалия, Alexander Wang-ийн Александр Ванг гэх хоёр залуу үеийн, чадварлаг дизайнеруудын ачаар малгайтай цамц, beanie малгай, бомбер хүрэм зэрэг гудамжны хувцаснууд кутюр загвараас дутахааргүй үнэд хүрэх боллоо.

Сэргэн мандалтын үе

Хонхон хэлбэрийн ханцуй, корсет, хар бараан өнгө, шагай хүрсэн урт, өндөр зах ба хамба хилэн материалаар тодорхойлогдох сэргэн мандалтын үеийн готик маягтай даашинзууд үдшийн гаралтын шилдэг сонголт болно. Gucci, Fendi ба Lanvin- загварууд энэ трендийг төгс илэрхийлнэ.



Атлас материал

Огт хичээл зүтгэл гаргаагүй юм шиг атлаа дэгжин харагдахыг хүсч байна уу? Үүнд танд атлас материал тусална. Биеийн галбирын дагуу зөөлөн хөвөх атласан даашинз, юбка ба хослолууд Louis Vuitton болон Prabal Gurung-ийн намрын цуглуулгад багтсан харагдлаа.

Ганцаардмал мөр

Сүүлийн хэдэн сарын турш бүсгүйчүүд дунд мөр ил гарсан тренд ноёрхсоныг та бүгд анзаарсан байх. Харин одоо ирэх гэж буй намар-өвлийн улиралд хоёр биш, зөвхөн нэг мөр нь ил гарсан загварууд анхаарлын төвд орох гэж байна.

Лакан арьсан материал

Бороо, мөндөр, цасаар дүүрэн намар-өвлийн улиралд лакан материалтай хувцаснууд нэгэн зэрэг прагматик бас chic харагдана. Бага зэргийн этгээд дүр төрх гаргахаас эмээдэггүй нэгэн нь Louis Vuitton, Valentino, Lacoste брэндүүдийн загварыг сонирхоод үзээрэй.

Хөх шинель

Бүх дизайнерууд намрын улирлын хамгийн сонгодог гадуур хувцсаар хөх өнгийн, шагай хүрсэн урттай давхар энгэртэй, цэргийн уур амьсгалтай пальтог нэрлэж байна. Burberry, Tommy Hilfiger, Coach ба Prada брэндүүдээс санаа авч, хөх өнгийн армид  элсээрэй.

цааш үзэх