Хайх

Эрдэмтэд өдөрт 10,000 алхалт хийх нь үнэхээр эрүүл мэндэд тустай эсэхийг судалжээ

Эрдэмтэд өдөрт 10,000 алхалт хийх нь үнэхээр эрүүл мэндэд тустай эсэхийг судалжээ

Та өдөрт хэр их алхдаг вэ?

Text: Buro.Mongolia


Өдөрт 10,000 алхалт хийх зорилтын талаарх яриа анх Японы нэгэн сурталчилгааны ажлаас үүсэж байжээ. Тэгвэл шинэ судалгаа танд өөр тоог санал болгож байна.

Та ямар нэгэн нийтлэл, хүмүүсийн ам дамжсан яриа, эсвэл биедээ зүүдэг эрүүл мэндийн төхөөрөмжөөс өдөрт 10,000 алхалт хийх нь эрүүл мэндэд сайн гэж сонсож байсан байх. Мөн хэрэв та эрүүл мэнд, эрч хүч, бүтээмжээ нэмэх сонирхолтой нэгэн бол энэ зөвлөгөөг аль хэдийнэ хэрэгжүүлээд амжсан биз ээ.

Мэдээж дасгал хөдөлгөөн гэдэг бол таны бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд маш тустай. 10,000 алхалт гэдэг ч шинжлэх ухааны үндэстэй сонсогдож байна. Гэхдээ энэ бүгдийг эхлүүлсэн тэрхүү сурталчилгааны ажил танд өнөөг хүртэл юуг хэлээгүй вэ гэхээр энэ тооны ард ямар ч судалгаа байхгүй. Энэ бол зөвхөн тэдний зохиосон тоо юм.

Өглөө сэрээд илүү их дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг бол сайхан санаа. Гэхдээ шинжлэх ухаанд яг хэдэн алхам хийх нь эрүүл мэндэд сайн болохыг баталсан "шидэт" тоо саяхныг хүртэл байгаагүй. Тийм ч учраас Массачусеттсын их сургуулийн эрдэмтдийн баг энэ асуудлыг шийдэхээр зорьж бид өдөр тутамдаа яг хэдэн алхам хийх хэрэгтэйг судалжээ.


10,000 гэдэг шидэт тоо биш

Саяхан JAMA Network анагаах ухааны сэтгүүлд алхалт тоолдог төхөөрөмж байнга зүүдэг хүмүүс дунд хийгдсэн нэгэн судалгаа нийтлэгдсэн байна. Тодруулбал, уг судалгаа нь 2006 оноос хойш нийт 11 жилийн турш хийгдсэн бөгөөд нийт 2,110 дундаж насны хүнийг хамруулсан юм. Өдөрт 10,000 алхалт хийдэг хүн гэнэтийн байдлаар нас барах магадлал бага байж чадах уу? Эсвэл үүнд өөр зүйлс нөлөөлдөг үү?

Судлаачид, яг л бидний мэдэж байсанчлан, илүү их дасгал хөдөлгөөн хийх нь мэдээж эрүүл мэндэд тустай болохыг тогтоосон. 6,000 алхалт 5,000-аас илүү, 5,000 алхалт 4,000-аас илүү үр дүн үзүүлнэ. Гэхдээ тэд 10,000 алхалттай холбоотой ямар нэгэн онцгой зүйл илрүүлээгүй юм. Тэр ч бүү хэл 10,000-аас илүү алхах нь эрүүл мэндэд нэмэлт ач тус авчирдаггүй болохыг тэд харсан байна. Харин өдөрт 7,000 алхалт тогтмол хийдэг хүний зуурдаар нас барах магадлал 50-70% буурсан болох нь тогтоогджээ.

Судалгааны ахлагч Аманда Палуч "Өдөрт 7000 алхалт хийх нь одоогоор ийм хэмжээнд алхаж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд гайхалтай зорилго байх болно" гэж хэлжээ.

Эрдэмтэд өдөрт 10,000 алхалт хийх нь үнэхээр эрүүл мэндэд тустай эсэхийг судалжээ (фото 1)

Их алхах шаардлагатай бусад шалтгаанууд

Гэхдээ энэ нь танд их алхахыг хүсэх шаардлага байхгүй гэж хэлж байгаа үг биш юм. Их алхах тусам их калори шатаана. Хэрвээ таны зорилго жингээ хасах бол их алхах нь илүү үр дүнтэй байх болно. Харин хүний сэтгэхүйд нөлөөлөх үр дагаврын хувьд, маш олон судалгааны дагуу алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж тархийг залуу сэргэг байхад тусалдаг болох нь батлагдсан байдаг. Мөн алхах нь энэ үзэсгэлэнтэй хорвоо ертөнцтэй танилцаж эрэл хайгуул хийх гайхалтай боломж гэдгийг дурдах шаардлагагүй биз ээ.

Ерөнхийдөө та хамгийн гол нь эрүүл байж зуурдаар нас барах магадлалаа бууруулах зорилготой бол 10,000 гэдэг тоонд ямар ч ид шид байхгүй гэдгийг энэ судалгаа харуулж байна. Алхалт хэмжигч тань өнөөдөр зорилтоосоо бага алхлаа гэж заах юм бол зорилгоо биелүүлж чадсангүй гэж хэт дарамт мэдрэх хэрэггүй. 7,000 алхалт бол таныг эрүүл байлгахад хангалттай тоо юм.

Эрдэмтэд өдөрт 10,000 алхалт хийх нь үнэхээр эрүүл мэндэд тустай эсэхийг судалжээ (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх