Хайх

Хүчирхэг, нууцлаг хилэнцийн ордныхонд ховсдуулах шалтгаан

Хүчирхэг, нууцлаг хилэнцийн ордныхонд ховсдуулах шалтгаан

Зурхайн хамгийн хүчирхэг орд

Text: Г.Тэмүүлэн

Леонардо ДиКаприо, Хиллари Клинтон, Пабло Пикассо, Райан Гослинг, Билл Гейтс, Кендалл Женнер. Зурхайн ордны хамгийн хүчирхэг, нууцлаг төлөөлөгчдийн нэг болох хилэнцийн ордныхны эрс тэс зан чанаруудад яагаад бусад хүмүүс татагддаг болохыг дэлгэрэнгүй сонирхоцгооё

Тэд сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг

Зөрчилдсөн, тогтворгүй зан араншин бол энэ ордны төлөөлөгчдийн гол зан чанаруудын нэг юм. Тэднийг ихэвчлэн сэтгэл хөдлөл нь захирч байдаг. Жишээ нь хилэнцийн ордныхон асар богино хугацаанд уур хилэн, баяр баясал, үл тоомсорлол, тайван амгалан байдал гээд нэгэн зэрэг маш олон сэтгэл хөдлөлийг мэдрэх нь элбэг тохиолдол. Хилэнцийн ордныхон хүсэл тачаалаа даган амьдардаг тул тэд хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Мөн энэ ордонд төрөгсөд нууцлаг байдлаараа эсрэг хүйстнээ өөртөө маш хурдан татахаас гадна өөрөө ч их дурламтгай байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан тогтворгүй зан чанартай тул дурласан хүнээсээ маш хурдан уйддаг онцлогтой.

Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй

Тэд бол төрөлхийн лидерүүд юм. Хилэнцийн ордныхон үүссэн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч чаддаг бөгөөд хийж буй зүйлдээ өөрийгөө бүрэн зориулдаг. Тийм ч учраас тэд сайн удирдагч болж чаддаг. Ерөнхийдөө маш их амбицтай ба хүмүүсээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэж хэлж болно. Энэ нь тэднийг бага зэрэг аймшигтай харагдуулах магадлалтай. Мөн хилэнцүүдэд эрх мэдэлтэй, шийдэмгий, бие даасан зан араншин давамгайлж байдаг учраас амархан амжилтанд хүрдэг.

Эрсдэл хийх дуртай

Хилэнцийн ордонд төрөгсөд ихэнхи тохиолдолд макисмалистууд байдаг учир аз туршсан, адал явдалтай, эрсдэлтэй зүйл хийж, өөрийгөө сорих дуртай байдаг. Тиймээс тэдний сонирхдог зүйлсэд аюултай экстрим төрлийн спортууд, мөрийтэй тоглоом багтах нь бий. Тэд заримдаа үр дүнг нь бодолгүй, "яг одоо, энд" гэсэн зарчмаар амьдрахыг илүүд үздэг. Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс идэвхтэй, хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг ч хэрэв тэдэнд уйтгартай санагдвал энэхүү ажлаа шууд л дуусгалгүй орхиж мэднэ.

Гэхдээ тэд хамгийн сайн найз, зөвлөгч байж чадна

Хэдийгээр хилэнцийн ордныхон өөрсдөө анхаарлын төвд байж, эрс тэс зан ааш гаргадаг ч хүмүүсийг яг л ховсдох мэт өөртөө татаж чаддаг нь үнэхээр гайхалтай. Ингээд ч зогсохгүй тэд бусдыг үнэхээр сайн сонсож чаддаг бөгөөд ямар нэг хариу нэхэлгүй тэдэнд чин сэтгэлээсээ туслахыг хүсдэг. Мөн тэд маш үнэнч анд нөхөр болдог нь хилэнцийн ордныхны гол давуу талуудын нэг юм.

цааш үзэх