Хайх

Мөрөөдөмтгий жинлүүрийн ордныхны дотоод ертөнц

Тэнцвэрийг нь олж, тунг нь тохируул!

Мөрөөдөмтгий жинлүүрийн ордныхны дотоод ертөнц
Ким Кардашьян, Eminem, Владимир Путин, Уилл Смит, Моника Беллуччи, Ральф Лорен, Кейт Уинслет, Маргарет Тэтчер, Кэндис Свейнпол. Ингээд жинлүүрийн ордны бүх хүмүүст төрсөн өдрийн мэнд хүргээд, мөрөөдөмтгий, нийтэч мөн бүхнийг тэнцвэржүүлэгч тэдний дотоод ертөнцийг илүү дэлгэрэнгүй судалцгаая

Гоо зүйн өндөр мэдрэмжтэй

Жинлүүрийн ордонд төрөгсдийн гоо зүйн мэдрэмж нь маш сайн хөгжсөн байдаг. Тиймээс ч тэдний дундаас алдартай зураачид, гэрэл зурагчид, интерьер дизайнерууд төрөн гарах нь элбэг. Энэ ордонд төрсөн хүмүүс гоо үзэсгэлэнг үнэлж чаддаг учраас байгалийн гоо үзэсгэлэнг ширтэж, гоёмсог хувцас өмсөж, сонирхолтой дотоод ертөнцтэй хүмүүстэй харилцах их дуртай. Сэтгэл хөдөлгөм ном, хөгжим, урлагийн бүтээл бол тэдний хувьд "агаар" л гэсэн үг. Мөн гоо зүйн мэдрэмжээс гадна жинлүүрийн ордныхон хошин шогийн асар өндөр мэдрэмжтэй байдаг.

Тэнцвэр бол тэдний хувьд бүх зүйл

Тэд бүх зүйл дээр тэнцвэртэй байдал, зохицлыг эрэлхийлж байдаг. Тийм ч учраас жинлүүрийн ордныхон ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг сайтар бодож, олон талаас нь харж, цэгнэдэг. Буруу шийдвэр гаргаж, бүтэлгүйтэхээс маш их айдаг тул энэ нь тэднийг шийдэмгий бус болгодог. Жинлүүрийн ордныхон амьдралын зорилгоо маш удаан хайж, хийх ёстой ажлаа ч сайн тунгаасны эцэст сонгодог. Хэрэв хийх гэж буй зүйл нь түүний хувьд ямар нэг үнэ цэнэгүй мэт санагдвал тухайн ажлыг огт хийдэггүй. Энэ байдал нь заримдаа тэднийг залхуу, эрх дураараа мэт харагдуулах нь бий. Гэхдээ энэ бол маш том эндүүрэл юм. Учир нь жинлүүрийн ордныхон өөрийнхөө бүхий л авьяас чадварыг харуулж чадах зүйлээ олсон тохиолдолд ажилдаа өөрийгөө бүрэн зориулдаг. Мөн тэнцвэртэй байдлыг эрэлхийлдэг, шударга зан чанартай жинлүүрийн ордныхон шүүгч эсвэл хуульч болоход гайхалтай тохирно.

Мөрөөдөмтгий дипломатууд

Жинлүүрийн ордныхон төрөлхийн дипломат зан араншинтай байдаг. Тэд маш эелдэг, найрсаг, нийтэч зантай төдийгүй бусадтай хүндэтгэлтэй харьцдаг тул түүнтэй харилцахад ямар ч түвэг учрахгүй. Жинлүүрийн ордныхны бас нэгэн онцлог бол тэд хэт мөрөөдөмтгий хүмүүс юм. Тэдний төсөөлөн бодох чадвар ч маш сайн хөгжсөн байдаг. Тиймээс жинлүүрийн ордонд төрсөн дотны хүн тань өөрийн дуртай хөгжмөө сонсон мөрөөдлийн ертөнцдөө автаж байвал та түүнийг бодит амьдралд эргүүлэн авчрах гэж бүү яараарай!

Бага зэрэг хуучинсаг үзэлтэй

Тэд ажил болон хайр дурлалын талбар дээр ямар нэг адал явдал эрэлхийлдэггүй бөгөөд ерөнхийдөө бага зэрэг хуучинсаг үзэлтэй. Тэдний энэ зан чанар гаднах төрхөнд нь ч ажиглагддаг. Жишээ нь жинлүүрийн ордныхон энгийн, мэдрэмжтэй хэрнээ загварлаг хувцаслаж чаддаг ч, хэзээ ч ямар нэг шинэ тренд дагаж, туршилт хийхгүй. Хэрэв өөрийн гэсэн стилийг олсон тохиолдолд үүнийгээ маш олон жилийн турш өөрчлөхгүй, хадгалдаг.

 

 

 

 

 

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх