Хайх

Таталцлын эсрэг: Хөөрдөг чийдэн, ширээ болон ор

Таталцлын эсрэг: Хөөрдөг чийдэн, ширээ болон ор

Жингүйдэл

Text: Б.Амина


Уран зөгнөлт кинонд л гардаг, ид шидийн мэт нисдэг бүтээлүүдийг өнөө цагт энгийн хэрэглээндээ ашиглах боломжтой боллоо

Өргөн хэрэглээний эд зүйлсийг цахилгаан соронз ашиглан хөөрдөг болгосноор олон давуу тал бий болжээ. Гэвч энэхүү физикийн хуулиар тоглосон бүтээлүүд хямд үнээр зарагдахгүй нь мэдээж. Тэгэхээр агаарт тогтож байх ямар өвөрмөц зүйлс худалдаанд гараад байгааг сонирхоцгооё.

Flyte

Энэхүү ширээний чийдэн дотроо цахилгаан соронзон орон бүхий модон суурь болон чийдэн гэх хэсгүүдээс бүрдэнэ. Чийдэнг суурин дээр, гол хэсэгт байрлуулахад гэрэл асах ба өөрөө тэнцвэрээ олж жингүйднэ. Энэ нь яг л Маглевын хурдан галт тэрэгний зарчимтай адил юм. Мөн Flyte гэрлийг унтраасан тохиолдолд ч хөөрөхөө болихгүй тул унаж хагарах вий гэж санаа зоволтгүй юм. Цахилгааны хэмнэлттэй LED гэрэл нь нийт 50,000 цаг асах чадалтай. Өөрөөр хэлвэл өдөрт 12 цаг асаалттай байлгасан ч 11 жил ажиллана. Мэдээж LED гэрэл энгийн улайсдаг чийдэнгээс илүү бага эрчим хүч зарцуулдаг учраас удах тусам хэмнэлт нь нэмэгдэнэ. Энэхүү гэрэл 349 долларын үнэтэй худалдаалагдаж байна. 

The Float

Инженер болон дизайны Rock Paper Robot  компанийн бүтээл болох The Float кофены ширээг анх харахад яг л модон рубик шоо шиг харагдах аж. Уг ширээ нь бие, биетэйгээ түлхэлцэх соронз бүхий 27 жижиг дөрвөлжин модноос бүрдсэн ба сунгалттай ган төмрүүдээр бэхлэгджээ. Хэдий төмөр бэхэлгээтэй ч дээр нь дарахад яг л жингүйдэж байгаа биетийг хөдөлгөж буй мэт байна. RPR компани энэхүү өвөрмөц дизайнтай адил технологиор бүтээгдсэн хананы өлгөдөг тавиурыг ч мөн бүтээжээ. The Float кофены ширээ 10,000 долларын үнэтэй худалдаанд гарсан байна.

Floating Bed

Голландын архитектор Яняап Ражсенаарсын бүтээл "нисдэг" ор хэрэглээ гэхээсээ илүүтэйгээр урлагийн бүтээл болжээ. Мөн л соронзны тусламжтайгаар нисэх энэхүү орыг архитектор 2001: A Space Odyssey киноноос санаа аван бүтээсэн байна. Floating Bed 2000 паунд даах чадалтай аж. Нисдэг орыг худалдаж авахыг хүсвэл 1,5 сая доллар төлөхөд л "хангалттай".

Таталцлын эсрэг: Хөөрдөг чийдэн, ширээ болон ор (фото 1)

 

цааш үзэх