Хайх

Минимал шинэчлэлт: Интерьер дизайнаа өөрчлөхөд анхаарах зүйлс

Санаагаа зураг болгоорой

Минимал шинэчлэлт: Интерьер дизайнаа өөрчлөхөд анхаарах зүйлс

Text: Ж.Чинбат

Энэ зун гэрээ шинэчлэн, байраа засварлахаар төлөвлөж байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Тэр тусмаа энгийн, минимал шийдэлтэй, багахан орон зайг саруулхан харагдуулах сонирхолтой хүмүүст зориулж бид цөөн боловч чухал зөвлөгөө бэлдлээ

Урин цаг дөхөхийн хэрээр хүмүүс "Энэ зундаа багтааж байраа нэг засч, тохижуулчихъя" гэж бодож эхэлдэг. Бүтэн өвөл, хаврын турш интерьерийн сэтгүүл үзэж, Instagram, Pinterest дэх "гоё" зургуудыг харж, "Яг ийм байртай болно доо" гэж мөрөөдлийн орчноо төсөөлж байсан хүмүүс уран сэтгэмжээ бодит байдал болгох цаг ирлээ. Тиймээс бид 2016 оны интерьер, дизайны зарим чиг хандлагыг судлаж, үүнийхээ дагуу монголын зарим мэргэжилтнүүдээс зөвлөгөө авлаа. Энэ удаа орчин үеийн интерьер дизайны шийдлээрээ хүмүүсийн анхаарлыг татаж чадсан Skinny студийн Г.Золбоотой уулзлаа. 

Эхлээд интерьер дизайны чиг хандлагыг сонирхоцгооё

Энэ 2016 оны зун интерьер дизайны ертөнцөд ямар чиг хандлага зонхилж байгааг шүүж үзэхэд Арт деко, богем, байгалийн элемент оруулсан болон минимал хэв маяг хүчтэй байна. Эдгээрээс тансаг орчин бүрдүүлэхэд 1930-аад оны арт деко хэв маягийг сонгож болох бол романтик, урлагтай амьдрал руу тэмүүлэгчдэд богем уур амьсгал таалагдана. Мөн байгалийн элемент бүхий интерьер засал нь орчин үеийн, эко хандлагатай хүмүүсийн гол сонголт болдог. Харин монголчууд сүүлийн үед хамгийн их сонирхож, таалж байгаа хэв маяг нь мэдээж минимал, энгийн байдал юм. 

Яагаад минимал гэж?

Улаанбаатар хотын ихэнхи айл өрх дунд болон жижгэвтэр хэмжээтэй орон сууцанд амьдардаг. Тиймээс гурваас дээш ам бүлтэй айл өрхүүд гэртээ маш их хөглөрсөн зүйл агуулахын оронд харин өрөөний зохион байгуулалтаа зөв гаргаад, бүх зүйлсээ нүднээс далд байрлуулахыг хүсдэг. Энэ нь цэмцгэр, саруул уур амьсгал төрүүлдэг болохоор сүүлийн үеийн залуу гэр бүлүүд улам их ийм хэв маяг сонгох болжээ. Тэд орон зайг 100% ашиглахыг эрмэлздэг болсон байна.

Интерьер дизайнаа өөрчилж, байраа засварлахад хэдэн алхам хэрэгтэй вэ?

Гэрээ шинээр тохижуулж засахад ерөнхийдөө хоёр үе шат орох юм байна. Skinny студийн Г.Золбоо хамгийн түрүүнд зургаа гаргах хэрэгтэй гэж зөвлөлөө. Зураг нь мөн дотроо хоёроос, гурван үе шаттай байна. Тэдний хувьд эхлээд үйлчлүүлэгчийнхээ санааг сонсоод, түүнд нь тохирсон эхний гар зургаа гаргадаг гэнэ. Энэ нь ерөнхий масштабын дагуу хийгдэх бөгөөд заавал нарийн хэмжээ шаарддаггүй аж. Ингэснээр хүмүүс гэрээ яг ямар болох вэ, ямар шийдлээр тоглож болох вэ гэдгээ сайн ойлгодог. 

"Эхлээд хар зураг дээр санаагаа тодорхойлчихвол дараа нь бид компьютер дээр 3D зургийг нарийвчилж тусгадаг. Энэ зурган дээр өрөөний тавилга, уур амьсгал, барилгын материалын өнгө, гэрэл ба түүний тусгал гээд бүгд тодорхой харагдана. Ийм ерөнхий зураг гарсны дараа ажлын зургандаа орох засварт яг хэчнээн хэмжээний материал ашиглагдах, хаана, ямар боолт хэдэн ширхэг орох вэ гэдэг нь маш тодорхой болдог" гэж Г.Золбоо тодотгож өглөө. 

Гэрээ тохижуулах хугацаагаа хэрхэн төлөвлөх хэрэгтэй вэ?

Ерөнхийдөө интерьер зураг гарч дуусахад нэг сар болно гэж төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ таны төсөөллөөс хамаарч ажиллагаа их орвол хугацаа сунах нь мэдээж. Мөн интерьер дизайнаас гадна тавилгыг илүү нарийн шийдэх хэрэгтэй бол хугацаа бас нэмэгдэх болно. "Байраа өөрчлөхөөр хүсч байгаа хүмүүс нэг зуны дотор л байраа засаад авчихъя гэж боддог. Тиймээс яг тэр хугацаандаа л баригдаад, мөнгөө хэмнэхийг хүсдэг. Хамгийн гол нь дахиад засвар хийхгүй арван жил болох юм шүү гэж харах хэрэгтэй" гэж Г.Золбоо зөвлөж байна. Түүний хэлж буйгаар нэгэнт засвар хийнэ гэж шийдсэн бол аль болох чанартай болох талаас нь бодох хэрэгтэй гэнэ. Дээр нь гэрээ тохижуулах энэ бүх үйл явцыг өөртөө гоё, хөгжилтэй байлгах хэрэгтэй аж. "Хүмүүс бүгд л байраа засч, шинэчлэх дуртай шүү дээ. Гол нь муу төлөвлөвөл "Зуун айл руу зуун удаа явж", өөрийгөө залхаадаг. Харин ийм стресст өртөхгүй байхын тулд мэргэжлийн хүмүүст хандаарай.

Цааш үзэх