Хайх

Ирээдүйг тольдсон нь: Футуристик шийдэлтэй барилгууд

Ирээдүйг тольдсон нь: Футуристик шийдэлтэй барилгууд

Төсөөлөл биеллээ олсон нь

Text: Buro.Mongolia


Янжоу номын дэлгүүр - Хятад улс, Янжоу хот

Хагас дугараг хэлбэрийн ханаар холбогдсон хар шилэн шал, тааз нь номын дэлгүүрийг эцэс төгсгөлгүй мэт харагдуулна. Өөр гариг ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү барилгын зураг төслийг гаргахдаа "Улаан асрын зүүд" гэх эртний хятадын сонгодог туужаас сэдэвлэжээ.

Айовагийн дизайны сургууль - АНУ, Айова муж

Оньсон тоглоом мэт харагдах энэхүү барилгын зураг төслийг Steven Holl гэх алдартай архитектурын компани гаргасан ба 2017 онд хамгийн шилдэг архитектурын шийдэл бүхий сургуулиар шалгарч байжээ. "Урлаг тэр дундаа дизайны сургууль нь сонирхолтой дизайн, зохион байгуулалттай байх нь эргээд оюутнуудын сурах тэмүүллийг өдөөх болно" хэмээн архитектор Стивен Холл бүтээлч санаагаа хэрхэн олсон болохоо тайлбарлажээ.

Oригами байшин - Кувейт улс

Энэ байшин нь гадна талаасаа хурц нугалаатай оригами мэт харагдах ч барилгын дотоод засал нь эсрэгээрээ Ойрх дорнод болон Ислам шашны уур амьсгал мэдрүүлнэ. Тухайлбал машрабия гэх араб үндэсний барилгад ашиглагддаг хаалтыг цонхон дээр ашигласан нь нарны тусгалын хэлбэр дүрсийг өөрчлөн сонирхолтой байдал бүрдүүлсэн байгаа.

Morpheus зочид буудал - Хятад улс, Макао хот

Алдарт Zaha Hadid компанийн ээлжит төсөл Morpheus зочид буудалд 7,800 өрөө, казино танхимууд, усан сан, театр болон брэнд дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Монолитик бүтэцтэй Morpheus цамхгийг холоос ажиглавал хөрснөөс гарч ирж буй араг яс мэт харагдах ажээ. Хоёр хэсэгт хуваагдах барилгыг шилэн гүүрээр холбосон бөгөөд тус гүүрнүүд дээр зоог барих боломжтой байна. Зочид буудлын дотоод засал нь дарвуулт завийг санагдуулах агаад интерьерийг АНУ-ын Remedios студи хариуцжээ.

Лондонгийн шинжлэх ухааны музей дахь Математикийн галерей - Их Британи улс, Лондон хот

Долгиолон харагдах тааз, сонирхолтой гэрэлтүүлэг бүхий Математикийн галерейн дотоод заслыг алдарт зохион бүтээгч Хендли Пейжийн 1929 онд бүтээж байсан нисэх онгоцноос сэдэвлэжээ. "Математик бол бүх шинжлэх ухааны үндэс" гэдгийг батлан харуулах энэхүү галерейд шинжлэх ухааны нээлт, ололтыг харуулсан 100 гаруй үзмэрүүд дэлгэгджээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх