Хайх

Миланы дизайны долоо хоног: Загварын орднуудын танилцуулсан хамгийн сонирхолтой бүтээлүүд

Миланы дизайны долоо хоног: Загварын орднуудын танилцуулсан хамгийн сонирхолтой бүтээлүүд

“Salone del Mobile 2018”

Text: Г.Тэмүүлэн

Милан хотод 2018 оны дөрөвдүгээр сарын 17-22 хооронд "Salone del Mobile" буюу Миланы дизайны долоо хоног (Заримдаа Миланы тавилгын үзэсгэлэн гэх нь ч бий) уламжлал ёсоор зохион байгуулагдаж өндөрлөлөө. Бид үзэсгэлэнгийн үеэр олон нийтийн анхаарлыг татаж байсан дэлхийн шилдэг загварын орднуудын урласан, хамгийн сонирхолтой таван бүтээлийг сонгон танилцуулж байна.

Очир эрдэнийн толь, оригами цэцгүүдээс бүрдсэн Louis Vuitton брэндийн цуглуулга

Louis Vuitton загварын ордон энэ жилийн Миланы дизайны долоо хоногт гэр ахуйн эдлэлээс бүрдсэн "Les Petits Nomades" нэртэй цуглуулгаа танилцуулсан байгаа. Энэхүү цуглуулгад очир эрдэнийн зүсэлтийг илтгэсэн толь, геометрийн дүрстэй хайрцаг, цэцэгсийг санагдуулам ваар, оригами урлалаас санаа авсан цэцгэн чимэглэлүүд ба бусад олон эд зүйлс орсон байна. Үүнээс гадна тус цуглуулгад өвөрмөц хэлбэртэй буйдан ба зөөлөн сандал ч багтжээ. "Les Petits Nomades" цуглуулгыг урласан дизайнерууд эдгээр тансаг зэрэглэлийн гэр ахуйн эдлэлүүд нь ямар ч интерьер дизайныг чимж, дахин давтагдашгүй хэв маяг нэмнэ хэмээн онцолсон юм.

Loewe брэндийн гоёмсог бүтээлэг ба ханын хивс

Энэ жил тус брэндийн гэр ахуйн цуглуулгыг дизайнер Жонатан Андерсон бүтээжээ. Тэрээр Испанийн алдарт загварын ордонд зориулж Европ, Ази, Африк, Өмнөд Америк үндэстний гар урлалын уламжлалаас санаа авсан бүтээлүүдийг урласан байна. Жишээ нь арьсан жааз, эд зүйлс хадгалах зориулалттай хайрцаг, хананд өлгөдөг хивс, зөөлөн бүтээлэг, цүнх зэрэг гоёмсог эд зүйлсийг танилцуулжээ. Жонатан Андерсоны бүтээсэн уг цуглуулгыг ирэх аравдугаар сараас эхлэн худалдан авч болно.

Миланы дизайны долоо хоног: Загварын орднуудын танилцуулсан хамгийн сонирхолтой бүтээлүүд (фото 1)

Tiffany & Co. брэндийн мөнгөн хүлэмж

Мөнгөн эдлэл биднийг дахин гайхшруулж чадахгүй гэж бодож байтал Tiffany & Co. брэндийн бүтээлч захирал Рид Кракофф стерлинг мөнгө, зэс ба шилээр урласан гоёл чимэглэлийн хүлэмжээ танилцуулах нь тэр. Мэдээж хэрэг энэхүү гоёмсог хүлэмжийг ашиглан гэрийнхээ цонхны тавцан дээр улаан лооль тарьж чадах нь юу л бол. Tiffany & Co. брэндийн тайлбарласнаар уг хүлэмжийн утга учир нь прагматик чанартаа биш харин тус үнэт эдлэлийн ордны ур чадвар, уламжлал, уран сэтгэмжийг илтгэх зорилготой гэнэ.

Bulgari брэндийн лабиринт хэлбэртэй инсталляци

Италийн үнэт эдлэлийн Bulgari ордон Миланы дизайны долоо хоногт MVRDV архитектурын компанитай хамтран лабиринт хэлбэрийн инсталляци танилцуулжээ. Энэхүү инсталляци нь үнэт эдлэлийн брэндийн алдарт "Serpenti" бугуйвчаас санаа авч бүтээгдсэн бөгөөд толь, тусгал ба өнгө, материалын тусламжтай хүмүүсийг хийсвэр ертөнцөд аваачих зорилготой аж.

Миланы дизайны долоо хоног: Загварын орднуудын танилцуулсан хамгийн сонирхолтой бүтээлүүд (фото 2)

 

Hermès ордны өнгөлөг гэр ахуйн эдлэлүүд

Hermès загварын ордны дизайнерууд энэ удаад шинэ цуглуулгаа бүтээхдээ өнгөний сонголтонд илүү ач холбогдол өгсөн бололтой. Үзэсгэлэнгийн үеэр Hermès брэндийн павильонд өнгө, өнгийн хавтангуудыг зассан байсан бөгөөд тэр дунд өнгөлөг тавагнууд, даавуун эдлэл, ваар, хулсан сандал болон төрөл бүрийн дүрс, хээтэй бусад олон гайхалтай эд зүйлсийг өрж тавьсан харагдлаа. Мөн энэхүү цуглуулгыг танилцуулах үеэр Австрийн алдарт бүжиг дэглээч Уилл Дорнер бүжигчдийн хамт амьд тоглолт үзүүлж, цуглуулгад онцгой уур амьсгал нэмж өгсөн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх