Хайх

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов

Шинэ ретро

Text: Buro.Mongolia


Зураг:

Дөрөвдүгээр сарын дундуур дизайн сонирхогчид үй олноороо цуглардаг ганцхан газар бий. Тэр нь мэдээж Миланд зохиогддог Salone del Mobile буюу iSaloni тавилгын үзэсгэлэн. Сонирхогчид үзэсгэлэнгээс цүнх дүүрэн танилцуулга, материалын загвар болон гүнзгий сэтгэгдэлтэй ирдэг. Энэ үзэсгэлэнгийн талаар Elle сэтгүүлийн 2014 оны шилдэг дизайнер шагналыг хүртэж байсан, оросын дизайнер Дима Логинов ярьж байна

iSaloni үзэсгэлэнгийн долоо хоногийн үеэр Милан хот тэр чигтээ инсталляц, уран барилгын үзэсгэлэнгийн талбар болон хувирдаг билээ. Энэ үеэр шагнал гардуулах ёслол, ярилцлага, коктейль үдэшлэг зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг юм. Мөн хаа сайгүй iSaloni гэсэн бичигтэй дугуйтай улаан цүнх барьсан сэтгүүлчид болон алдартай дизайнерууд явж байхыг эндээс харж болно. Үүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр зочид буудал болон нислэгийн компаниуд үнээ хэд дахин нэмж, таксинд суух гэсэн хүмүүсийн цуваа хэдэн зуун метрээр үргэлжилнэ.

Хэдийгээр Милан миний хамгийн дуртай хотуудын нэг биш ч гэлээ дөрөвдүгээр сард бол заавал очихоор тэмүүлдэг чухал газар болон хувирдаг. Учир нь iSaloni тавилгын үзэсгэлэн бол дизайнеруудын хувьд хамгийн нэр хүндтэй, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох гол талбар болж чаддаг. Итали брэндүүдэд зориулж хийсэн миний ихэнх бүтээлүүд анх iSaloni үзэсгэлэн дээр тавигдаж байлаа. Дизайнерууд энд бүтээлээ хэдий чинээ сайн танилцуулж чадна, төдий чиний ирээдүйн амжилтанд нь эерэгээр нөлөөлдөг юм. 

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 1)

Энэ жил iSaloni 55 жилийн ойгоо тэмдэглэсэн байгаа. Үзэсгэлэнгийн хүрээнд "Олон улсын тавилгын аксессуарын үзэсгэлэн" болсон бөгөөд хоёр жил тутамд зохион байгуулагддаг "Олон улсын гал тогооны тавилгын үзэсгэлэн" (EuroCucina) болон "Олон улсын ариун цэврийн өрөөний үзэсгэлэн" (Salone Internazionale del Bagno) болж өнгөрсөн. Энд үзэсгэлэнгийн нийт 24 танхим байдаг бөгөөд бүгдийг нь үзэхэд нэлээд олон хоног хэрэг болно. 

Миний шинэ бүтээлүүд дараа жилийн iSaloni дээр танилцуулагдах тул энэ жил би Buro 24/7 сэтгүүлийн нийтлэлчийн дүрээр Миланд ирсэн билээ. Харин би энэ үзэсгэлэнд өнгө, материал, хэлбэр дүрс гээд бүх чиг хандлага жилийн хугацаанд хэр их өөрчлөгдсөн болон ерөнхийдөө тавилгын салбар, дизайн яг хаашаа чиглэж байгаа талаар сурвалжилсан юм.

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 2)

Хамгийн эхэнд миний анхаарлыг татсан зүйл бол үзэсгэлэнгийн шинэ тавиуруудын загвар байлаа. Өнгөрсөн хэдэн жилд шилдэг брэндүүд хүртэл тавиураа өөрчлөөгүй байсан нь хямралтай холбоотой. Харин энэ жилийн хувьд бүх тавиурыг өөрчилж, цуглуулгуудад олон шинэ зүйлс харагдлаа. Энэ нь Европын зах зээл сэргэсний илрэл болж байх шиг ээ. 

Дизайны тал дээр ихэнх үйлдвэрлэгчдийн оюун санааг "Шинэ ретро" хэв маяг эзэлсэн нь илт байв. Орчин үеийн тавилгын танхим бүр нэгэн ижил шинж, чанартай байх бөгөөд тэр нь гантиг, гууль болон тоосонцор өнгөтэй хамба хилэн материалын зохицол юм.

Хачирхалтай санагдаж болох ч шинэ ретро хэв маягтай дотоод засал болон тавилгууд нь анх хипстер соёлоос үүссэн байдаг.

Сүүлийн арван жилд хамгийн далайцтай болон нөлөөтэй байгаа энэхүү чиг хандлагыг илүү дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байх. Ерөнхийдөө энэхүү хэв маяг болон чиг хандлагын гол өнгө аясыг тавилгын брэндүүд биш, харин засал чимэглэгчид тодорхойлж өгдөг билээ. Шинэ ретро чиг хандлага нь дотоод засал дээр ч ажиглагдаж байгаа. Хэдийгээр шинэ ретро хэв маяг бий болоод хэдэн жил өнгөрсөн ч байр сууриа тавьж өгөх болоогүй бололтой.

Интерьер дизайны ертөнцөд энэхүү хуучны болон ретро хэв маяг хаанаас үүдэлтэйг олж мэдэхийн тулд арай өргөн хүрээнээс хайх хэрэг гарна. Хачирхалтай санагдаж болох ч шинэ ретро хэв маягтай дотоод засал болон тавилгууд нь анх хипстер соёлоос үүссэн байдаг. Хипстерчүүд амьдралд олон сонирхолтой зүйл авчирсны дотор сахал ургуулах моод, кафенууд үүдэндээ хуучинсаг загвартай хаяг өлгөх, аялах, бургерны ресторанд даруухан хооллох, энэ бүх хэв маягийг багтаасан хипстер хэвлэлүүд орно. Улмаар тэд аялахдаа, ер нь хаана ч явсан авч явдаг байсан хальсны камераар авсан гэрэл зургуудыг санагдуулам филтертэй Instagram бий болж өнөөдөр дэлхийг байлдан дагуулжээ. 

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 3)

Энэ соёл эхэндээ street style, видео салбар, график дизайн (кафе, үсчний газар, байгууллагуудын хаягийг л харахад болно. Жишээ нь Buro 24/7-гийн редакцийн байр) гэх мэт салбаруудад асар их нөлөө үзүүлсэн юм. Эдгээр зүйлс хүмүүсийн анхаарлыг маш их татаж байсан тул засал чимэглэгчид болон эд зүйлсийн дизайнерууд энэхүү чиг хандлагыг хөгжүүлж эхэлжээ. Өнгөрснөө дурсах дургүй би хүртэл энэ чиг хандлагын нөлөөнд автаж, Италид хэд, хэдэн цуглуулга гаргасан билээ. Нэг цуглуулга маань "Nostalgia" нэрээр гарч, миний бодож олсон зүйлс дотроос хамгийн эрэлттэй цуглуулга болж чадсан. 

Гэхдээ энэ чиг хандлагыг олж харж, интерьер дизайны нэгэн урсгал болтол нь хөгжүүлж чадсан дизайнерууд өөрсдөө огтхон ч хипстерүүд биш. Мөн тэд хэрэглэгчдийн юу хүсч байгааг сайн мэддэг. Жишээ нь хэвлэл мэдээллийнхэн Жан-Луи Денио, Gilles & Boissier эсвэл Жосеф Диран гэх мэт засал чимэглэгчдэд хайр зарласан гэж хэлж болно. Хэрэв хэвлэлийнхэн ямар нэгэн зүйлд дурлаж эхэлбэл тэр нь заавал моод болдог.

Шинэ ретро чиг хандлага "хуучны" хэв маягийн интерьерээс юугаараа ялгаатай юм бэ гэж хүмүүс надаас их асуудаг. Харин би үүнд хэрэглэгчдээрээ ялгарна гэж хариулна. Винтэж болон ретро хэв маяг бол залуу хэрэглэгчдийн түүхийг цоо шинээр өгүүлэх аргуудын нэг хэсэг юм. Чухамдаа шинэ ретро гэдэг нь залуучуудад хандсан чиг хандлага билээ.

Би дээр хэлсэнчлэн, шинэ ретро чиг хандлагын гол шинжүүд бол гантиг чулуу (ихэвчлэн бүүдгэр өнгөтэй), гууль болон хамба хилэн материал байдаг. Гэхдээ өөр арга барилууд ч бас бий. Үүнд орчин үеийн дотоод засалд сонгодог зохион байгуулалттай хана оруулах, хананд модон хавтан нэмэх, засч янзлаагүй модон ирмэгтэй ширээний тавцан ашиглах, хөшиггүй цонх, задгай зуух гаргах, 1960-1970-аад оны гэрлэн бүрхүүлийг дууриалган хийх зэрэг арга барилууд орно.

Дээр нь зэс болон гуулин гуутай том зургууд, пастель болон тоосонцорын өнгөтэй тавилгуудыг, бас нэхмэл эдлэлүүдийг нэрлэх хэрэгтэй. Тэдгээр нь ихэвчлэн улбар болон гичний шар, хар хөх, маргадын тод ногоон, гүн өнгөнүүдтэй байх нь элбэг. Мөн алтлаг, хүрэл,  металл өнгөнүүд энэ хэв маягийг илэрхийлэх эд зүйлсээс их олдоно. Гэрлийн хувьд хурц, тод өнгөтэй винтэж бүрхүүлтэй байх нь их бөгөөд хуучин эд зүйлсийн захаас цуглуулсан зүйлс хаа сайгүй байж байдаг. Мөн өрөөг тохижуулахдаа зузаан арьсан эдлэл ашиглах, олон талт дүрс бүхий шалны хавтан хийх, брэнд бүтээгдэхүүнээс санаатайгаар татгалзах, оронд нь үслэг эдлэл, мөнгөлөг өнгийн эд зүйлс, тэр ч бүү хэл шугам хоолойн хэрэгсэл ашиглах гээд нэлээд баялаг арга барилууд шинэ ретро чиг хэв маягийг илэрхийлж байдаг. 

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 4)

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 5)

Энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлж нэрд гарсан хамгийн анхны брэндүүдийн нэг бол Португалийн Menina Design Group, дээд зэрэглэлийн Delightfull брэнд, Boca Do Lobo, Brabu болон бусад компаниуд юм. Эдгээр брэндүүд л анх гууль болон алтан өнгөнүүдэд дизайны ертөнцийн анхаарлыг хандуулж байлаа. Үүнээс долоо, найман жилийн өмнө интерьерт алтан өнгө байх нь зохисгүйд тооцогдож байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Уулзсан бүх л засал чимэглэгчид "Delightfull юу хийснийг харсан уу?" гэж надаас асуудаг байсан юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд Португальчуудын хийсэн тэрхүү зүйл шинэ ретро чиг хандлагыг хөгжүүлэхэд асар их нэмэр оруулсан юм.

Би Италийн үйлдвэрүүдтэй байнга хамтарч ажилладаг тул өмнө нь тэд энэхүү чиг хандлагыг яагаад анзаардаггүй байсныг их гайхдаг байлаа. Харин одоо л iSaloni-2016 дээр шинэ ретро чиг хандлагын оргил үе иржээ. Тухайлбал Minotti-гийн гантиг ширээнүүд, асар том гуулин ирмэгтэй хананууд, Politform-ын тоосонцор өнгөтэй хамба хилэн бүрээснүүд, Жо Понтигийн Molteni&C брэндэд зориулж бүтээсэн алдарт сандал зэрэг олон сонирхолтой бүтээлүүдийг үзэсгэлэнгээс харж болохоор байна.

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 6)

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 7)

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 8)

Чиг хандлага: Миланы тавилгын үзэсгэлэнгээс тоймлов (фото 9)

Одоо харин дараагийн iSaloni үзэсгэлэн дээр чиг хандлага хааш эргэсэн байхыг харах л үлдлээ. 

цааш үзэх