Хайх

Бюро 24/7 Монголд ирлээ

24 цагийн дотор болсон үйл явдлын хураангуй

Бюро 24/7 Монголд ирлээ

Text: Ж.Чинбат

Бюро 24/7 –гийн бусад орны салбарууд “Монгол орныг Бюро-гийн гэр бүлд тавтай морил” хэмээн нээлтийн талаар мэдээлэл гаргажээ.

Нээлтийн өмнө

Бидний нээлтэнд Бюро-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума хүрэлцэн ирэх мөчийг биднээс илүү монголын загварт хайртай уншигчид маань тэсэн ядан хүлээж байлаа. 2015.7.3 -ны өглөө 7:00 цагт Улаанбаатарт буухаасаа өмнө Мира "Агуу түүхтэй, газар нутгаараа дэлхийд 19-д орох Монгол улсад, оройн дижитал үдэшлэгт оролцохоор газардлаа" хэмээн инстаграмдаа бичжээ. Тэрбээр өмнө нь Бюро-гийн салбарыг есөн оронд нээж байсан ба Монголын нээлт өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болсон юм.

Чингис хаан нисэх онгоцны буудалд Мирослава Дума болон Оросын Бюро 24/7-гийн маркетингийн захирал Екатерина Дармаг манай багийнхан цоо шинэ хоёр Порше машинаар угтан авч, их хотынхоо төвд хүргэн ирсэн. Мира Энхтайвны гүүрэн дээр ирэхэд Бюрогийн далбаа Найрсаг Улаанбаатар хотын далбаатай хамт намиран угтлаа. Энэ нь хүндэт зочинд маань гэнэтийн сюрприз болсон бөгөөд маш баяртайгаар хүлээн авсан юм. Олон улсад нэр хүнд нь хурдацтай өсөж яваа дижитал сэтгүүлийг Монголд нээх албан ёсны үйл ажиллагаандаа Нийслэлийн засаг даргын тамгын газартай /НЗДТГ/хамтран Бюро болон Мирослава Думагийн уншигч, дагагчдад Монгол орноо давхар сурталчлахыг бид зорьсон билээ. Инстаграм хуудсандаа 1,1 сая дагагчтай Мирослава Дума монголд өнгөрүүлсэн хугацаандаа  #FriendlyUlaanbaatar, #Ulaanbaatar, #ChinggisSquare, #Mongolia зэрэг хаш тагтай оруулсан зураг, бичлэгүүд нь дэлхийн өнцөг булан бүрт Монгол орны талаар найрсаг сэтгэгдэл төрүүлсэн нь эргэлзээнгүй.

Улаанбаатар дахь Шангри-Ла зочид буудалд буусан Мирослава Дума болон Екатерина Дарма /Катя/ нар хотын төв цэгт орших Castle ресторанд Бюро 24/7 -гийн Монгол талын захирал Ө.Содгэрэлтэй хамт үдийн зоог барьсан ба энэ үеэр хэвлэлийнхэн түүнтэй уулзаж, телевизийн ярилцлага авсан. Түүний талаар болон Бюрогийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүст энэ ярилцлага таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Үдийн зоогийн дараа Мира, Катя нар Бюро 24/7 -гийн оффист хүрэлцэн ирж, манай багийнхантай танилцсан ба маш урам зориг бадраасан уулзалт болж өнгөрсөн юм. Оройн 19:00 цагт уншигчиддаа дэлгэхээр бэлдсэн дижитал сэтгүүлийн маань анхны үзэгч нь Мира болсон бөгөөд бүх зүйлд сэтгэл хангалуун байлаа. Тэрбээр бизнес эмэгтэйн зарчмаар маш богино хугацаанд цаашид бидний хамтын ажиллагаанд чухал сэдвүүд хөндсөн яриа өрнүүлж амжсан юм. Үүний дараа Мирослава Думаг Улаанбаатар хот, Монголын соёлтой танилцуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд 30 минут үлдээд байлаа.

Мирослава Дума Монголын тухай өгүүлэхдээ "Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь гайхалтай өсч буй Монгол улсын хэрэглээ эрс нэмэгдэж байна. Дэлхийн хоёр том эдийн засгийн хөгжилтэй орны дунд оршдог Монгол улс нь 1990-ээд оныг хүртэл коммунист дэглэмтэй байсан ч ардчилсан хувьсгал өрнүүлснээр орчин цагт хөл тавьж байсан бол өнөөдөр бидний амьдарч буй дижитал эринд нэгдэн ороход бэлэн болжээ" гэж инстаграмдаа оруулсан байна.

"Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь  гайхалтай өсч буй Монголчуудын хэрэглээ эрс нэмэгдэж байна."

Нээлтийн үеэр

2015.7.3-ны өдөр Монгол дах Бюро 24/7 -гийн нээлт болсон Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд 150 гаруй улс төр, бизнес, урлагийн хүндэт зочид хүрэлцэн ирсэн ба монголын хамгийн чухал хүмүүсийн төлөөллийн томоохон цугларалт болов.

Зочид морилон ирэхэд Бюрогийн багийнхан биечлэн угтан авч, энэ үдшийн нэгэн том сюрприз болох маш онцгой хонжвортой сугалааг урилган дээрх бүртгэлээр нь дамжуулан өгч байлаа. Нээлтийн ажиллагаанд ирсэн зочдын зургаа авахуулах хэсэгт бид Монголын Бюро-г илтгэх том цагаан морь бэлдсэн нь зочдыг маань угтан авах өвөрмөц цэг болсон юм. Энэхүү морийг бидэнд Гэсү ХХК-ийн дизайнер, барималч С.Бат-Эрдэнэ тусгайлан бүтээж өгсөн.

Танхимд зочид дүүрч ирэх үеэр энэ үдшийн гол зочин Мирослава Дума морилон ирж олны анхаарал түүн дээр төвлөрчээ. Нээлт эхлэхээс өмнөх танилцах, яриа дэлгэх, хамт зургаа даруулах мөчүүдийг Арга билэг этно жазз хамтлагийн аялгуунууд хөгжөөж байлаа.

Зочдын нүдийг булаасан нэгэн содон зүйл байсан нь үндэсний хэв шинжтэй, тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлүүдийг танхимын голд байрлуулжээ. Энэ бол Монголын топуудын нэг Р.Байгалийн бүтээсэн "Goyol Jewelry"-гийн бүтээлийн дээжис байв.

Удаан хүлээсэн нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж зочдыг төв танхимд урин оруулах цаг болжээ. Үндсэн танхимд LED дэлгэц нэг ханыг битүү бүрхсэн байх ба зураач Т.Аянгын бүтээсэн Бюро 24/7-гийн логотой, монгол зураг бүхий хоёр том граффити, Нью-Йоркод Мерседес Бенз шоунд толилуулсан загвар зохион бүтээгч Б.Баярмаагийн Монгол брэнд коллекцийн хувцаснууд байрлуулжээ. Удалгүй зочдод Бюро 24/7 монголын танилцуулгыг хөтлөгчид болон LED дэлгэцээр танилцуулахад бүх зочид баяр хүргэн угтан авсан.

Дижитал сэтгүүлээ нээж Ө.Содгэрэл үг хэлэхдээ "Олон хүмүүс биднээс Бюро 24/7 гэж юу гэсэн үг вэ гэж асуудаг. Бюро бол үзэгч, уншигчиддаа хамгийн шинэ мэдээллийг 7 хоногийн аль ч өдөр, 24 цагийн аль ч мөчид байсан шуурхай мэдээлэх товчоо гэсэн үг билээ. Бюро 24/7 нь зөвхөн орчин үеийн цахим хуудас биш шинэ санаачлага, бизнес төслүүдийг холбогч, зуучлагч, санаанд оромгүй шинэлэг зүйлсийг сэдэж бүтээдэг товчоо юм" хэмээн танилцуулсан.

"Бюро 24/7  зөвхөн ОРЧИН ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ХУУДАС биш шинэ санаачлага, бизнес төслүүдийг холбогч, зуучлагч, санаанд оромгүй шинэлэг зүйлсийг сэдэж бүтээдэг товчоо юм."

Мирослава Дума Монголд шинээр нээгдэж буй салбартаа амжилт хүсч, амьдралын хэв маяг, урлаг соёл, загвар, гоо сайхны хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээлэлтэй дижитал сэтгүүлийн нээлтэнд ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм. Түүний дараа НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Найрсаг Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монгол улсыг олон улсад таниулан сурталчлах шинэ платформ нээж байгаад баяр хүргэж үг хэллээ.

Энэ үдшийн нэгэн том сюрприз болсон Сan-Am брэндийн дөрвөн дугуйт ATV шагналтай сугалааны тохирлыг дижитал аргаар явуулсан бөгөөд, дэлгэцэн дээр гүйх гурван оронтой тоог тайзан дээрээс Мирослава Дума, Ө.Содгэрэл, Сan-Am-ын төлөөлөгч Г. Тѳгѳлдѳр нар нэг, нэг удаа товчлуур даран шалгаруулсан. Азтан тодруулах тоонууд ээлж дараагаар бүрдэхэд танхим дүүрэн сэтгэл хөдлөл бий болсон ба ялагчаар нь С. Энхтүвшин, эхнэр Ш.Долгорсүрэн нар тодорсон. 

Үдшийн 19 цагаас эхэлж 23 цагт өндөрлөсөн нээлтийн үйл ажиллагаанд А-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, дуучин Б.Чойжилсүрэн /Choi Joo/ болон вокалист дуучид, амьд хөгжийн хамтлагтайгаар олны таашаалд хүрсэн шилдэг гадаад дуунуудыг ковер хийв. Энэ үдшийн хамгийн сонирхолтой урлагийн үзүүлбэр нь бүжигчин, бүжиг дэглээч Ж.Наранчимэгийн монгол бүжгийн элементтэй модерн бүжгийг хослуулсан, лед дэлгэцээр гарах дүрстэй хосолсон интерактив бүжиг байлаа. Бүжгийн хөгжмийг зөвхөн Бюро-гийн нээлтэнд зориулан Т.Пүрэвсүх зохиожээ.

Нээлтийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар On'n Off продакшн ажилласан ба зочдод шинэлэг бүхнийг хүргэхийг зорьсон билээ.

Бюро 24/7 Монголын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын урилгад зориулж бид Москвагаас 150 ширхэг матрёшка захин авчруулсан. Тэдгээр матрёшкаг дөрвөн зураач монгол хээ угалзтайгаар зурж чимэглэсэн юм. /МУЭ хорооны гишүүн Л.Хонгорзул, Ө.Уянга, чөлөөт уран бүтээлч О.Үржинханд, график дизайнер Б.Батчимэг/ 

Хүндэт зочиддоо барьсан гарын бэлгэнд Moët & Chandon , Лхамур брэндүүд ивээн тэтгэгчээр хамтран ажилласан ба Монголын Бюро-г илтгэх улбар өнгийн гоёмсог морийг авьяаслаг уран дархан, зураач Л.Мянганцэцэг бүтээсэн билээ.

Нээлтийн арга хэмжээний ивээн тэтгэгчээр Porsche Улаанбаатар, Шангри-Ла Улаанбаатар зочид буудал, Голомт банкны Американ Экспресс карт, Can- Am Mongolia брэндүүдэд хамтран ажиллалаа.

Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн зочид, хамтран ажилласан бүх албан байгууллага, уран бүтээлчид, хувь хүмүүстээ талархал илэрхийлье.

  • Зураг:
    Buro 24/7 Mongolia
Цааш үзэх