Хайх

Чөлөөт ажилтан болохоосоо өмнө өөрөөсөө асуух хэрэгтэй гурван чухал асуулт

Өөрийн туршлагаа бодитоор үнэлэх, ганцаараа ажиллах чадвар ба асуудлыг шийдвэрлэх

Чөлөөт ажилтан болохоосоо өмнө өөрөөсөө асуух хэрэгтэй гурван чухал асуулт

Text: Бюро 24/7

Freelancer буюу чөлөөт ажилтан болох нь олон хүний мөрөөдөл бөгөөд амьдралынх нь чухал шийдвэр байдаг. Учир нь та өөрөө өөртөө захирал болж, өөрийн биеэр ажлаа удирдана шүү дээ. Тэгвэл Ladders.com вебсайт чөлөөт ажилтан болохоосоо өмнө өөрөөсөө заавал асуух хэрэгтэй гурван чухал асуултыг боловсруулсан байна.

Танд бие дааж мөнгө олох хэмжээний онцгой чадвар байгаа юу?

Хэнд ч дунд зэргийн мэргэжилтэн хэрэггүй. Тиймээс хэрэв таны мэргэжлийн чадварыг шилдэг гэж хэлж болохгүй л бол та чөлөөт ажилтан болох хараахан болоогүй байгаа гэсэн үг. Тухайн ажлын чиглэлээс шалтгаалж янз бүрийн туршлагын түвшин шаардагддаг. Жишээ нь өчигдөрхөн их сургуулиа төгссөн залуу том корпораци удирдах нь юу л бол. Гэхдээ тэр ямар нэг жижиг төсөлд зориулж олон нийтийн сүлжээг нь хариуцаж чадна. Өөрийн ур чадварыг үнэлэхдээ та өөрөө ямар албан тушаал эзлэх хүсэлтэй байгаагаа тунгаах хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь та "Би өөрийн ур чадвараа ашиглан хангалттай мөнгө олж чадах уу?" гэсэн асуултыг өөртөө тавьж, үнэнчээр хариулаарай.

Юуны түрүүнд та чөлөөт ажилтан болохоосоо өмнө төсвөө маш сайн тооцоолж, тогтвортой байр сууринд хүртлээ танд хэр их мөнгө шаардлагатай болохыг олж тогтоох хэрэгтэй. Шинээр эхэлж байгаа хүмүүст ажлын байрны онлайн үйлчилгээнүүд маш их хэрэг болно. Тухайлбал та өөрийн бизнесийг эхлүүлэх зуураа Uber компанийн жолоочоор ажиллаж эсвэл TaskRabbit-ын хэрэглэгчдээс даалгавар аван биелүүлж болох юм.

Та ганцаардлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

Мэдээж хэрэг чөлөөт ажил бие даасан байдалтай шууд холбоотой ч энэ нь мөн ганцаардлыг илэрхийлнэ. Та ажлын чиг баримжаагаа бие даан сонгож, өөрөө өөрийгөө урамшуулж, магтах хэрэг гарна. Мэдээж хэрэг ажил олгогч тань бага зэргийн дэмжлэг үзүүлж болох ч ажлын уур амьсгал бүрдүүлэх гол ачаа таны нуруун дээр ирнэ. Дийлэнх чөлөөт ажилтнууд харилцагчийн ажлын бүсээс гадуур ажилладаг тул цагаа өөрсдөө зохицуулах боломжтой байдаг. Дашрамд дурдахад харилцагчийн оффист ирж ажиллах нь сул талтай. Учир нь түр зуурын ажилтан хамт олны дунд гадны хүн болон хувирах нь элбэг.

Заримдаа хэд, хэдэн чөлөөт ажилтан хамт олны уур амьсгалыг мэдрэхийн тулд хоорондоо нэгдэх тохиолдол бий. Харин бусад нь дундын оффис түрээсэлдэг. Ингэснээр тэд хамт олны дотно уур амьсгалыг мэдрэхээс гадна, техникийн ба аж ахуйн дэмжлэг авч чаддаг байна.

Та хэцүү шийдвэр гаргахад бэлэн үү?

Адармаатай зүйлд дуртай хүн байхгүй шүү дээ. Чөлөөт ажилтан байна гэдэг нь оффисын дүрэм журмаас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Гэхдээ үе, үе танд асуудал тулгарч болзошгүй. Яагаад гэвэл та өөрийн ажлаа өөрөө удирдаж байгаа учраас бие дааж хэцүү шийдвэрүүд гаргах ч тохиолдол үүснэ.

Заримдаа захиалагчийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэдгийг хэлэх шаардлага гарна. Хэрэв албан газрын ажилтнууд удирдлагынхаа шаардлагыг үргэлж биелүүлдэг бол чөлөөт ажилтнуудын хувьд бүх зүйл тийм ч амар биш. Юуны түрүүнд та тодорхой нэг үүрэг даалгаврыг биелүүлж байгаа. Тиймээс хэрэв харилцагчийн хүсэлт тухайн үүрэг даалгаврын хүрээнээс хэтэрч байвал та гэрээ ба үүрэг хариуцлагаа дахин хянаж, нягтлах хэрэгтэй. Хэдийгээр захиалагчид үүнийг хэлэх нь хэцүү боловч заавал хийх шаардлагатай зүйл юм.

Мөн зарим тохиолдолд захиалагчийн буруу гэдгийг хэлэх хэрэг гарна. Магадгүй энэ нь түүнд таалагдахгүй байх. Гэсэн ч та заавал хэлэх шаардлагатай. Учир нь үргэлж захиалагчийн сонсохыг хүссэн зүйлийг хэлдэг зөвлөх эцэст нь түүнд эргээд хор хүргэх магадлалтай. Танд дипломат зан чанарын төлөө бус мэргэжлийн туршлагыг тань үнэлж мөнгө төлдөг гэдгийг санаарай.

Түүнчлэн ажлын хөлс шилжүүлэх, төсвөөс хэтрэх, гэрээний асуудал зэрэг чөлөөт ажилтай холбоотой бусад зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг хэн ч харилцагчийг луйварчин гэж дуудахыг хүсэхгүй ч, үүний адилаар хийсэн ажлынхаа төлөө цалингүй хоцрохыг хүсэхгүй шүү дээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх