Хайх

Хүйсийн ялгаа: Трансжендерын тухай шинжлэх ухааны өнцгөөс харцгаая

Хүйсийн ялгаа: Трансжендерын тухай шинжлэх ухааны өнцгөөс харцгаая

Трансжендер болон транссексуал

Text: Б.Амина


Зураг:

Ойрын үед трансжендер хүмүүсийн сэдэв олны дунд сөхөгдөх нь элбэг болсон. Бид трансжендер болон транссексуал байдлын ялгаа, эдгээр үзэгдлийг олон салбарын эрдэмтэд хэрхэн авч үздэг болон хүйс солиулах явцад ямар үе шатыг давдаг талаар дэлгэхийг хүслээ

Улиран одсон 2015 онд трансжендер хүмүүсийн сэдэв их хүчтэй яригдсан. Олимпийн алтан медальт Брюс Женнер хүйсээ солиулан, Кейтлин нэртэй болж, Glamour сэтгүүлийн Оны эмэгтэйгээр тодорлоо. Тэрбээр энэ бүх зүйл хэрхэн явагдсан тухай кино танилцуулга хийж, дэлхий нийт транссексуал байдлын эрхийн талаар (ёс зүй болон хууль эрх зүйн талаас) хэлэлцэж эхэлсэн юм. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Том Хуперын бүтээл, түүхэн дэх анхны транссексуал хүний тухай "The Danish Girl" нэртэй кино нээлтээ хийсэн билээ.

Дэлгэцнээ Эдди Редмэйн улаан үстэй, сэвхтэй нүүр, ногоон нүд, гунигтай дүртэй ч гайхалтай гоо сайхан бүсгүйн дүрээр гарсан. Бүр тодруулвал Эйнар Вегенер буюу Лили Эльбегийн дүрээр. Тэрбээр мэс заслын аргаар эрэгтэй биенээсээ хагацаж, даашинз өмсөж эхэлдэг. Хуперын кино гоо сайхны талыг хэт анхаарч, урлагийн бүтээлийн утга агуулгыг орхигдуулсан мэт байсан ч хувьсан өөрчлөгдөхийн зүй тогтол ба түүний эсрэгцлийн талаар харуулсан гоёмсог, гунигт бүтээл туурвисан. Гэвч энэ бол бодит байдал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээл байлаа.

Тэгэхээр гол сэдэвтээ оръё. Трансжендер болон транссексуал гэдэг ойлголт бие биенээ орлох хэдий ч тэдний утга нь ялгаатай. Транссексуал гэдэг нь мэс заслын аргаар хүйсээ солиулах ба паспорт дээрхи хүйсийн тодотгол ч мөн солигдохыг хэлнэ. Хүйс бол нийгэмд байх төрх тул трансжендер болох эхний алхам нь нийгмийн хүйсээ солихоос эхэлнэ. Жишээ нь биологийн хувьд эрэгтэй хүн өөрийгөө трансжендер гэж үзвэл албан ёсны нэрээ эмэгтэй хүний нэрээр солисноор сэтгэл хангалуун байх боломжтой аж.

Хүйсийн социологи буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн үүргийг судладаг шинжлэх ухаан трансжендер байдлын тухай их анхаардаг боллоо. Өрнөдөд Дорно дахинаас илүүтэйгээр энэ асуудлыг хүлээцтэй авч үздэг болсон ч стандарт ойлголтоос өөр трансжендер хүмүүс ялгаварлан гадуурхах үзэлд өртсөөр байгаа. Хүйсээ солиулахаар зорьж байгаа хэн нэгэн эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс гарч ирлээ гэж бодоход энэ нь заавал асуудал дагуулах зүйл болдог. 

Жирийн нийтийн ариун цэврийн өрөөг ашиглах тал дээр хүртэл асуудал тулгарч буй энэ үед хүйсээ солиулсан хүмүүст хууль ёсны хүрээнд бүхий л цаасан баримт бичгийг бүрдүүлэхэд нь туслах зорилготой сан АНУ-д ажиллаж байна. Ерөнхийдөө олон өөрчлөлт нийгэмд гарч байгаа ч транжендер байдал анагаах ухааны гол сэдэв байсан хэвээр.

Хүйсийн ялгаа: Трансжендерын тухай шинжлэх ухааны өнцгөөс харцгаая (фото 1)

Эмчээ, надад юу тохиолдсон бэ?

Бид трансжендер хүмүүс буюу сэтгэл зүйн зөрчил үүссэн хүмүүсийн тухай ярьж байна. Тэдний бэлгийн хөгжил генетикийн согогоос бус өөр замаар явагдсан байдаг. Жишээ нь архинд донтсон хүний хүүхэд ихэвчилэн оюуны хомсдолтой төрдөг. Гэсэн хэдий ч эхийн амьдралын хэв маяг нь хүүхдийн хүйсийн байдалд нөлөөлдөг эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа.

Трансжендер биш ч гэлээ эсрэг хүйснийхээ хүн мэт харагдах тохиолдол ч цөөнгүй. Эндокринологич Никита Таллер эмчийн үзэж буйгаар төрөлхийн бөөрний булчирхайн хэт өсөлттэй, XX хромсомтой эмэгтэй хүн гадна байдлын хувьд эрэгтэй хүн мэт харагддаг байна. Ийм оноштой байлаа гээд заавал биологийн хүйсээ солиулах хэрэгтэй гэж үү? Мэдээж үгүй.

Трансжендер биш ч гэлээ эсрэг хүйснийхээ хүн мэт харагдах тохиолдол ч цөөнгүй

Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин Кастер Семенийг олон нийтийн зүгээс "Эмэгтэй хүн биологийн хувьд түүн шиг булчинлаг харагдах ёсгүй" гэж үзэж, хүйс тодруулах шинжилгээ хийлгэхийг шаардсан тухай шуугиан дэгдэж байсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

"Дааврын өөрчлөлтгүй транссексуал болон биологи, генетикийн хүйсийн хувьд үндсэн ялгаа байхгүй юм" хэмээн Никита Таллер ярьлаа. Гормоны синтез анхнаасаа алдагдах тохиолдол нь дааврын дутагдал зэргээс үүддэг. X эсвэл Y хромсомын бүтэц эсвэл тэдний тоо хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд зүрх судасны, шээсний болон дархлалын системийн гээд төрөл бүрийн гажиг илэрдэг байна.

Хүүхэд байхаасaa

Хүн трансжендер мөн бишийг дааврын шинжилгээгээр тодорхойлох нь буруу юм. Харин тодорхойлох гол хүчин зүйл нь зан, араншин байдаг. Жилийн өмнөхөн жирийн нэгэн америк гэр бүлд төрсөн Райланд Уиттингтон охин дөнгөж хэлд орж байхдаа өөрийгөө эрэгтэй хүүхэд учраас даашинз өмсөхийг хүсэхгүй байгаагаа ээж, аавдаа хэлсэн бичлэг цахим хуудсуудаар тараад байсан билээ.

Охины хүссэн зүйл болох богино үс, Хэллоуны баяраар дагина биш харин Хүн аалзын дүрд хувирах хүсэлтэй байсан зэрэг зан ааш нь түүний цусан дахь эр гормоноос илүүтэйгээр трансжендер болохыг нь тодорхойлж байгаа юм. Энэхүү түүх мэдээж сайнаар үргэлжилсэн. Эцэг, эх нь Райландын хүслийг хүлээн зөвшөөрч, эмч нартай зөвлөлдөн түүнийг ямар байхыг хүсч байгаа түүгээрээ байхыг нь дэмжсэн байна.

"Гурав, дөрвөн настай охин би эрэгтэй хүүхэд болохыг хүсч байна гэж хэлэх нь хүүхдийн дэггүйтэл байж болох юм" хэмээн нэрээ нууцлахыг хүссэн сэтгэл судлаач Д хэллээ. Хүүхдийн хэд хэдэн насанд нь хямрал явагдаж, цусан дахь бэлгийн дааврын концентрацид өөрчлөлт явагддаг. Дүрмийн дагуу хүн хүйсээ солиулах мэс засал хийлгэх шийдвэрийг 22-35 насандаа гаргах нь зүйтэй гэж үздэг байна. Товчхондоо трансжендер хүмүүс шийдвэрээ яг хэзээ гаргаснаа мэддэггүй бөгөөд "Би үргэлж л үүнийг хүсдэг байсан" гэж хэлдэг. Гэвч үүнийг яв цав тодорхойлох нь тухайн хүний ирээдүйд учирч болох асар их эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой билээ.

Мөн Никита Таллерын хэлж буйгаар дааврын эмчилгээг эрт эхлэх нь тодорхой давуу талуудтай байна. Тухайлбал гадна харагдах байдлын хувьд өөрчлөгдөх, мэс ажилбарын тоог бууруулах, аюулгүйгээр зорилгодоо хүрэх сайн талтай гэлээ. Эмчилгээг хийж эхлэх хамгийн тохиромжтой үе бол бэлгийн бойжилт гүйцэхээс өмнө байх аж. Их Британид ийм эмчилгээг 12 наснаас өмнө, шаардлагатай тохиолдолд үүнээс эрт эхлэхийг зөвшөөрдөг байна.

Хүйсийн ялгаа: Трансжендерын тухай шинжлэх ухааны өнцгөөс харцгаая (фото 2)

Нэгдүгээр алхам

Өнөө үед интернетийн тусламжтайгаар ямар ч мэдээллийг олох боломжтой ч трансжендер байна гэдэг нь мэс засалд орж хүйсээ солиулахыг л хэлнэ гэсэн ойлголт байсаар байна. Үнэн хэрэгтээ хүйсээ солиулах мэс засал нь сэтгэл зүйн бэлтгэлээс эхэлдэг.

Сэтгэцийн эмгэг судлалын мэргэжилтэн, эмч Мария Царенкогийн хэлж буйгаар транссексуал гэдэг нь хүйсийн тодорхойлолтыг зөрчиж буй үйлдэл гэнэ. Хүйсээ солиулахаар шийдсэн бол сэтгэцийн эмгэг судлалын мэргэжилтэнтэй зайлшгүй уулзаж зөвлөлдөх хэрэгтэй. Энэ зүйл Олон Улсын Өвчний Ангилалд багтсан асуудал гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс эмчид очихдоо олон жилийн өмнөөс өөрийгөө эсрэг хүйстний хүн гэдгээ мэдэрч байсныг нь батлах гэр бүлийн хүмүүс, хамтрагч эсвэл найз нөхөдтэйгээ хамт очих нь илүү тохиромжтой гэнэ. Мөн үнэхээр эсрэг хүйсийн хүн болохыг хүсдэг байсныг илтгэх хүүхэд байх үеийн гэрэл зураг ч хэрэг болдог байна.

Уулзалтын эхэн үед сэтгэл зүйч харилцагчийнхаа гадна байдал болон биеэ хэрхэн авч явж байгааг нь ажигладаг байна. Яаж хувцасласан, ямар байдлаар сууж байна, хэрхэн ярьж байна зэргийг ажиглана. Хэрэв сэтгэл зүйч дээр сахалтай, бүдүүн хоолойтой залуу ирээд эмэгтэй хүн болохыг хүсч буйгаа хэлвэл тэд мэдээж саналыг нь бодитоор хүлээж авахгүй.

Транссексуал гэдэг нь хүйсийн тодорхойлолтыг зөрчиж буй үйлдэл. Энэхүү байдал нь Олон Улсын ӨВЧНИЙ Ангилалд багтсан

Эхний ажиглалтын дараа үйлчлүүлэгчийг сэтгэцийн эмгэгтэй байгаа эсэхийг тодорхойлох зөвлөлгөөнд 5-6 эмч оролцдог ба тэдний дунд нэгээс багагүй профессор байх ёстой. Мэргэжилтнүүд зөвлөлдсөний дараа үйлчлүүлэгчийг нэг сарын хугацаанд эмнэлэгт хэвтүүлэн, сэтгэцийн өөрчлөлтөөр биш харин өөрийн эрүүл ухаанаар трансексуал болохоор шийдсэн үгүйг нь хянаж тодруулдаг. Үүний дараагаар дахин зөвлөлдөж хүйс солих эсэхийг нь шийддэг байна.

Ихэнхи трансжендерууд зөвхөн паспорт дээрхи хүйсийн тодорхойлолтоо солиулж, харин мэс засалд орохоос татгалздаг. Харин энэ нь тэдэнд хангалтгүй санагдаж эхэлвэл жилийн дараа мэргэжилтнүүдтэй дахин зөвлөлдөж, дааврын эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг шийднэ.

Дааврын эмчилгээ

Жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэдэг бүсгүйчүүд өдөрт нэг ширхэг жижигхэн эм уухад хэрхэн бие организм болон сэтгэл санаанд нөлөөлдгийг мэдэх байх. Жин нэмэгдэж, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг өөрчлөлтүүд бий болдог.

Харин транссексуал хүмүүс дааврын эмчилгээг илүү их хэмжээгээр хийдэг. Эндокринологич Никита Таллерын хэлж буйгаар энэхүү эмчилгээний гол зорилго нь бие организмыг биологийн эсрэг хүйсэнд шилжүүлэхэд бэлдэх юм. Уламжлал ёсоор эмчилгээг мэс засал хийгдэхээс 6-12 сарын өмнө эхэлдэг байна.

Хэрвээ эрэгтэй хүйснээс эмэгтэй рүү шилжиж байгаа бол эстроген, прогестаген агуулсан эр бэлгийн дааврын эсрэг үйлчилгээтэй эм хэрэглэнэ. Мөн шаардлагатай тохиолдолд эстрадиолын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эм хүйснээс эрэгтэй рүү шилжих бол эр бэлгийн дааврыг тарих байдлаар хийдэг байна.

Транссексуал хүмүүс дааврын эмчилгээг илүү их хэмжээгээр хийдэг

Трансжендер дааврын эмчилгээ нь мэс заслаас илүүтэйгээр хүйсээ солиулан, гадна байдлаа өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биологийн хүйс нь эр хүн байсан хүн эстроген хэрэглэснээр бие болон нүүрний хэлбэр илүү эмэгтэйлэг болж эхэлдэг. Харин эрэгтэй хүн болох гэж буй андроген хэрэглэж эхэлсэн эмэгтэй хүн илүү эрэгтэйлэг бие галбиртай болж мөн нүүрэн дээрхи үс ургалт ихэснэ. Трансжендер үйлчлүүлэгчийг эмч мэргэжилтэн зөвхөн бие галбирыг нь өөрчлөхөд туслаад зогсохгүй мөн эмийн тунг тааруулж, гаж нөлөөг багасгах зэргийг зааж, хянах ёстой. Эмийг хэтрүүлэн хэрэглэснээр амь насанд аюул учруулж ч болох талтай юм. Эрэгтэйгээс эмэгтэй хүйсэнд шилжиж буй хүмүүс түрүү булчирхайн хорт хавдар, яс сийрэгжих, венийн тромбоз, уушигны артерын бөглөрөл зэрэг өвчлөлд нэрвэгдэх эрсдэлтэй. Харин эмэгтэйгээс эрэгтэй болж буй хүмүүс өндгөвч болон саваа авахуулж өөрсдийгөө эрсдэлд орохоос хамгаалж болдог байна.

Хувиралт

Хүний бие дааврын нөлөөгөөр өөрчлөгдөх явц ойролцоогоор таван жил явагддаг. Үүний дараагаар эмчилгээг үргэлжлүүлэн хийх ёстой ч дүр төрх эрс өөрчлөгдөх магадлал буурдаг. Мөн энэ таван жилийн дотор хүйсээ солиулах мэс засалд орох хэрэгтэй байдаг. Хүйс солиулах мэс засал 5-6 үе шаттай явагдана.

Хэрвээ эмэгтэй хүн эрэгтэй хүйстэй болох мэс засал хийлгэж байгаа бол сав болон өндгөвчийг авч, эрэгтэйлэг төрхтэй болгох мэс засалд ордог байна. Харин эрэгтэйгээс эмэгтэй болох мэс засалд орох тохиолдолд хөхөө томруулах, эрүүний доод хэсгийг багасгах болон бэлэг эрхтнээ авахуулах зэрэг мэс засалд ордог. Мөн хөлийн хэмжээг багасгах тусгай мэс засал ч байдаг аж. Харин дуу хоолойны өөрчлөлтийг чих, хамар, хоолойн эмчийн тусламжтайгаар өөрчилдөг байна.

Хүйс солих мэс заслын зорилго бол үйлчлүүлэгч нийгмийн дүр төрхдөө бүрэн орох юм. Зарим тохиолдолд, жишээ нь эмэгтэй хүн эрэгтэй хүйстэй болох бол ганцхан мэс засал хийснээр үүнийг шийдэх боломжтой бөгөөд зөвхөн гадна байдлын хувьд эсрэг хүйстнийхээ дүр төрхийг гаргах юм. Мөн хүн мэс заслын аргаар хүйсээ солиулсан ч сексээс таашаал авах боломжтой хэвээр байдаг.

Хүйсийн ялгаа: Трансжендерын тухай шинжлэх ухааны өнцгөөс харцгаая (фото 3)

Дараа нь яах вэ?

Дааврын эмчилгээ болон мэс заслын дараа цоо шинэ амьдрал эхлэнэ гэвэл үгүй юм. Трансжендер хүн хүйсээ солиулсны дараа ч өмнө нь хийж байсан эсрэг хүйстнийхээ дүрд шилжих дадал зуршлаа хэвээр үргэлжлүүлнэ.

"Олимпийн наадамд ижил хүйстэн болон транжендер хүмүүс тэгш эрхтэйгээр оролцох эрхтэй" хэмээн ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн эмч Эдуард Безуглов хэллээ. Хүйсийг паспорт дээрхи нэр, хүйс бус харин төрөлхийн ген тодорхойлно.

Эдуардын хэлж буйгаар трансжендерын дааврын эмчилгээ нь тодорхой хэдэн тохиолдолд өрсөлдөөнд ороход саад болдог аж. Хэрвээ биологийн хүйс нь эрэгтэй хүн эстроген хэрэглэж байгаа бол асуудал биш. Энэ төрлийн эмийг хориглоогүй байдаг. Харин эмэгтэй хүн эстроген хэрэглэж буй тохиолдолд асуудал үүсч, эмэгтэйгээс эрэгтэйд шилжиж буй хүмүүст саад болно. Ямар ч тохиолдолд эдгээр тамирчид хүйсээ сольсон эсвэл солих үе шатандаа байгаа гэдгээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө томоохон өрсөлдөөнд трансжендер хүн орсон тохиолдол одоогоор бараг үгүй. Харин анхны тохиолдол 2008 оны Бээжингийн олимпод оролцохоор бэлдсэн Канадын дугуйчин Кристен Уорли байсан юм. Гэвч мэргэжилтнүүд түүний ур чадварт биш харин хүйсийн тодорхойлолтод илүү их ач холбогдол өгсөн учир Олимпийн наадамд оролцох шалгуурт тэнцээгүй байна.

Олимпийн наадамд ижил хүйстэн болон транжендер хүмүүс тэгш эрхтэйгээр оролцох эрхтэй 

"Транссексуал хүмүүс ихэвчлэн маш их ганцаардмал хүмүүс байдаг" хэмээн жендерийн сэтгэл судлаачид үздэг. Тэд гэр бүлийнхнээсээ тусгаарлагдаж, байр түрээслэж амьдрах бөгөөд хамтрагч олоход хэцүү байдаг. Гэвч энэ нь асуудлын зөвхөн нэгээхэн хэсэг юм. Хүйсээ солиулснаар одоо л нэг өөрөөрөө байж болно хэмээн найдаж байв ч үнэндээ өөрчлөх боломжгүй зөрчилдөөн нийгэмд байсаар л байдаг. Сэтгэл зүйчид дээр төөрөлдсөн, аргаа барсан хүмүүс их ирдэг. Тэд анхнаасаа яг юунд хүрэх вэ гэдгээ сайн ухамсарлаагүй байдаг аж. Хүйсээ солиулснаар бүх зүйл болчихно гэж их л амархан, товчхон бодсон байдаг. Эмч нарын зорилго бол трансжендер хүмүүсийг мэс засал хийлгээгүй байсан ч дааврын хувьд өөрийгөө эсрэг хүйстэн хэмээн итгэх итгэлд нь хүрэхэд л хамаг хүчээ дайчлах ёстой хүмүүс юм.

The Danish Girl кинонд гардаг Лили Эльбе сүүлийн мэс засал буюу умай суулгах хагалгаа хийлгэснээсээ хойш гурван сарын дараа нас барсан байдаг. Харин өнөө үед трансжендер хүмүүс өндөр настай болтлоо амьд байх боломжтой болжээ. Тэд дааврын эмчилгээ, мэс заслын аргаар гадна төрх байдлаа өөрчлөх бүрэн боломжтой болсон. Мөн сэтгэл зүйч болон ойр дотно хүмүүс нь сэтгэл санааны хямралаас гарах болон нийгмийн дайсагналтай эвлэрэхэд нь туслаж байна.

Хүйс солиулах мэс засал нь зөвхөн тайрах оёх үйл явц биш учир насан туршдаа эм бэлдмэл хэрэглэх ёстойгоо бүрэн ухамсарласан байх хэрэгтэй гэнэ. Шинэ бие болон нийгмийн шинэ байр суурийг олсон бол мөн түүндээ дасан амьдрахад суралцах хэрэгтэй болдог. Мөн орчин үеийн нийгэмд хүрээлэх хүмүүс тантай ямар нэг зэрлэг амьтантай харьцаж буй мэт бус харин жирийн л нэг хүнтэй харилцаж байгаа мэт харилцааг бий болгох шаардлагатай. Мэдээж энгийн хүн бүр л өөр байдаг шүү дээ.

Алдартай, трансжендер, баян эсвэл ядуу гэдгээс үл хамаарч Кейтлин Женнер ч мөн дарамт, доог тохуунд өртөж байгаа. Есдүгээр сарын 11-ны аймшигт халдлагад өртөн нас барсан цагдаа эмэгтэйн нөхөр Glamour сэтгүүлийн Оны эмэгтэй шагналыг Кейтлин Женнер хүртсэний улмаас тэрхүү шагналаас татгалзсан байдаг. Одоо хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Кейтлин хүйсээ солиулсан талаар бичиж байгаа шүү дээ.

Үнэн хэрэгтээ судлаачид, сэтгэл зүйчид, мэс засалчид гээд тэд бүгдийн судалгаа, шинжилгээ нь трансжендер гэдэг бол зөвхөн нийгэмд харагдах дүр төрх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал бус харин 10-15 жилээр тогтохгүй бүхий л амьдралынхаа туршид туулах хүнд хэцүү зам гэдгийг харуулж байгаа юм. Мэдээж хэрэг энэхүү хэцүү замыг үзэн ядалт, нийгмийн зүгээс ирэх буруушаалтыг давхар амсаж байж л давах хэрэгтэй болно.

 

цааш үзэх