Хайх

Ресторанд хооллодог гурван төрлийн үйлчлүүлэгч

Светлана Кесоян ярьж байна

Ресторанд хооллодог гурван төрлийн үйлчлүүлэгч

Text: Бюро 24/7

Даруухан зантай хүмүүс, бүхнийг мэдэгчид ба туршлагагүй үйлчлүүлэгчдийн аль нь бусдын тэвчээрийг бардаг вэ? Энэ талаар рестораны шүүмжлэгч Светлана Кесоян ярьж байна

 

Ресторанд хооллодог гурван төрлийн үйлчлүүлэгч (фото 1)

Бидний амьдралд "Хаана хоол идэх вэ?" гэсэн мөнхийн асуулт байнга л гарч ирдэг. Ажиглаад байхад ресторанд зоог барьдаг хүмүүс үндсэн гурван төрөлд хуваагддаг юм. Хүмүүс ихэнхдээ өмссөн хувцас, цаг агаар гээд тухайн өдрийн нөхцөл байдлаас хамаарч сонголтоо хийдэг. За ингээд доорх гурван төрлийн алинд та өөрийгөө хамруулж болохоо хараарай.

Эхний төрөлд хамрагдах хүмүүс бол хамгийн сахилга баттай үйлчлүүлэгчид юм. Эдгээр хүмүүс хаана очиж буйгаа ойлгодог учраас ширээний ард тэднийг юу хүлээж байгааг мэддэг. Ийм төрлийн үйлчлүүлэгчид зөвхөн ойр дотныхонтойгоо эсвэл бүр ганцаараа болор хундаганд коктейль ууж суухыг хүсвэл зөвхөн утсаар захиалга авдаг хаалттай клубыг сонгох болно. Харин тэд "haute cuisine" идэхийг хүсвэл аль рестораныг зорихоо сайн мэддэг. Яг хаана орж ирснээ ойлгодог үйлчлүүлэгчдэд зөөгчид дуртай байдаг.

Тэдний захиалга маш тодорхой, харин цэсний талаар ярилцсан зүйлс нь асуулт гэхээсээ илүүтэй юм мэддэг хүнтэй харилцах шалтаг болдог. Ийм үйлчлүүлэгчтэй харилцахад таатай байдаг бөгөөд цайны мөнгө ба хөгжилтэй яриа нь бонус болж өгнө. Эхний төрөлд хамрагдах үйлчлүүлэгчид ширээний ард үргэлж сайхан ааштай байдаг. Хажуугийн ширээний хүмүүс ч түүнийг залхаадаггүй. Мөн тэд тодорхой дүрмийн дагуу тоглож буйгаа ухаардаг. Тэд шар айргийн мухлагт ороод хайрсан хоолны үнэрт дургүйцэхгүй. Ямар нэг хаяггүй бургерын ресторанд ороод чанга дуу хөгжимтэй байна гэж гомдоллохгүй. Хэрэв тухайн газрын ажилтан нь нүдэн дээр "галзуурч" буруу үйлдэл хийхгүй л бол бүх зүйл сайхан болно. Ямар ч таагүй гэнэтийн зүйл болохгүй. Ихэнх ресторан ба баарууд ийм төрлийн үйлчлүүлэгчид дээр л тогтдог. Хэрэв тэд байгаагүй бол баларна гэдгээ ч ухаардаг.

Ресторанд хооллодог гурван төрлийн үйлчлүүлэгч (фото 2)

Харин хоёр дах төрлийн үйлчлүүлэгчид бол хамаагүй хэцүү. Энэ төрөлд үргэлж мэдэмхийрдэг хүмүүс хамрагдана. Гол асуудал нь тэд маш өнгөц мэдлэгтэй экспертүүд юм. Эргүүлж тойруулахгүй шулуухан хэлэхэд энэ төрлийн үйлчлүүлэгч өөрийгөө рестораны шүүмжлэгч эсвэл блогер гэж боддог. Тиймээс ресторанд орж ирэнгүүтээ тэд бүх зүйлийг байранд нь оруулж, өөрийнхөө чадварыг батлахыг хүсдэг. Тэдний ихэмсэг биеэ авч яваа байдал, дууны өнгө үүнээс улбаатай. Энэ төрлийн үйлчлүүлэгчид үнэхээр маягтай. Эдгээр үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрэхэд маш хэцүү. Яагаад гэвэл тэдний яг юу хүсч байгааг ойлгоход бэрхшээлтэй. Үнэн хэрэгтээ тэд өөрсдийнхөө өмнө ажилтнуудыг сөгдөн мөргүүлж, хүндлэл, өргөмжлөлийг хүсдэг. Энэ дунд рестораны уур амьсгал, ерөнхий хэв маяг ямар ч хамаагүй.

Мэдэмхийрэгчид ихэвчлэн бүх зүйлд сэтгэл дундуур байдаг. "Энэ ч савх нь буруу байна, цаасан биш, даавуун амны алчуур тавьсан байна, порц нь бага байна, өндөр үнэтэй байна, Пхукетэд зуу дахин амттай байсан, харин Стамбулд бүр ч супер байсан" гэх мэт янз бүрийн гомдол мэдүүлэх болно. Тэгэхдээ ийм төрлийн үйлчлүүлэгчдэд гүрж ресторанд эсвэл фо шөлтэй гоймонгийн газар байна уу гэдэг нь тийм ч чухал биш. Түүнд зүгээр л рестораны ажилтнуудын тэвчээрийг барах нь таалагддаг. Зөөгч энэ хооронд хамаг мэргэжлийн харилцаагаа алдаж, эсвэл бүр гайхсандаа чимээгүй зогсоход тэр "Бүсгүй та яагаад надтай ингэж харьцаад байна?" гэж асуух болно. Ийм үйлчлүүлэгчтэй тааралдвал яах вэ гэж үү? Хооллоно. Ундааллана. Тэвчинэ. Хэзээ нэгэн цагт мэдэмхийрэгчид гэртээ харьж, ээжийнхээ хийсэн хоолны тухай олон нийтийн сүлжээндээ бичих болно. Гэхдээ мэдэмхийрэгчид цаг хугацаа өнгөрөхөд эхний төрлийн үйлчлүүлэгчид болон хувирах найдлага байгаа. Нас ахиж, туршлага суухад тэдний зарим нь ийнхүү хувирах нь бий.

Ресторанд хооллодог гурван төрлийн үйлчлүүлэгч (фото 3)

Харин гадуур хооллох дуртай гурав дах төрлийн үйлчлүүлэгчид бол хамгийн энгийн нь юм. Тэд бол орчин үеийн хоолны салбар ба рестораны нийгэмлэгийн тухай ямар ч ойлголтгүй гэнэн, цайлган хүмүүс. Энэ төрлийн үйлчлүүлэгчдийн гол дутагдалтай тал нь тэд хоолтой ямар ч холбоогүй зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээг хүсдэг. Хэрэв хэн нэгэн дуулж, бүжиглэж байвал мөнгөө дэмий үрээгүйд тооцно. Цоо шинэ зүйл туршиж үзэхээс айдаг тул пицца, цезарь салат, мөөгний зутан шөл зэрэг энгийн хоолнуудыг захиалдаг.

Рестораны ажилтнууд ч эдгээр үйлчлүүлэгчидтэй ёсорхоод байдаггүй бөгөөд аль болох өндөр үнэтэй тооцооны хуудас өгөхийг зорьдог. Ихэнх тохиолдолд тэд ингэж ч чаддаг. Харин үр дүнд нь гэнэн цайлган үйлчлүүлэгчдийн эргэн тойронд нь бүх зүйл аймшигтай байгаа мэт санагдаж, эсвэл тэдэнд "Гэртээ нэг, хоёрдугаар хоолоо хийж идсэн нь дээр юм байна" гэх бодол төрнө. Эцсийн эцэст эдгээр үйлчлүүлэгчдийн хамгийн сониуч зантай, зоригтой нь бидний аль хэдийнэ мэддэг зүйлсийг судлаж эхлэх болно.

  • Зураг:
    Екатерина Успенская
Цааш үзэх