Хайх

Утаа арилна, агаар цэвэршинэ

Утаа арилна, агаар цэвэршинэ

Гэхдээ бид тэмцэнэ

Text: Ж.Чинбат


Зураг: Munkhtsetseg J.

Утааг арилгахын төлөө нийгмийг хөдөлгөж, төрийн байгууллагуудыг шуурхай ажиллахад хүргэж чадсан "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-ны зүгээс зохион байгуулах хоёр дах жагсаал нэгдүгээр сарын 28-нд бямба гарагт болно

Утаа мэдээж арилна. Хэрэв 12 метр секундээс дээш хурдтай салхи гарвал хүн бүрийн уушиг хөнгөрч, хэдэн цаг ч болов бид санаа амар байж чадна. Тэгэхдээ энэ бол маш тохиолдлын шинж чанартай, өдөр бүр таараад байхгүй аз юм. Нүдэнд харагдах утаа салхинд туугдлаа ч гэсэн цаана нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн тухай асуудлууд хэвээрээ үлдэх болно. Харин орчин үеийн монголчууд, хариуцлагатай ээж аавууд бол зүгээр ч нэг азанд найдаж суух хүмүүс биш юм. Бид энэ нийгмийн хамгийн гол асуудал болсон агаарын бохирдлыг богино хугацаанд, үр дүнтэйгээр арилгахыг хүсч байна. Яагаад гэвэл хүмүүс Зайсан, Нүхт орчимд машин дотроо явж байхдаа ч өндөр тунгаар хордож байна. Нярай хүүхдүүдийн уушгинд аль хэзээний утаанаас үүдсэн хар толбо үүсч, ханиад томуу зэрэг утаанаас шалтгаалсан өвчний эмчилгээнд зориулж монголчууд жилд 700 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, өдөрт 13 хүн амиа алдаж байгаа. Тэгэхээр ил, далд утааг ялахын тулд юу хийх хэрэгтэйг тодруулахаар  бид "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-ны төлөөлөл, Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн ахлагч болон бусад эх сурвалжуудын өгч буй мэдээллийг нэгтгэхийг зорьлоо.  

Утаа арилна, агаар цэвэршинэ (фото 1)

1. Ялахын тулд эхлээд нэгдэх хэрэгтэй

Өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-ноос зохион байгуулсан эхний эсэргүйцлийн жагсаал дотоодод хүчээ аваад зогсохгүй The Guardian, Bloomberg зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж, "Бээжингийн утаанаас тав дахин хортой нөхцөлд Улаанбаатар хотын ард иргэд амьдарч байна" гэдэг мэдээ нийтлэгдэхэд хүргэлээ. Олон жил дуугүй тэсч, төр засгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнд хүрнэ гэж хүлээсэн ард иргэд одоо илүү шуурхай, зорилготой арга хэмжээнд шилжих хэрэгтэй гэж ухамсарласан нь энэ жагсаал болсон юм. 

Анх "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" байгуулагдахад Фэйсбүүк дэх группд шууд 12 мянган хүн нэгдсэн бол цаашид өдөрт 6-10 мянган хүн нэмэгдсээр өнөөдөр 98 мянган гишүүнтэй болжээ. Энэ групп богино хугацаанд маш олон хүнийг нэгтгэж чадсанаар төрийн байгууллагууд шийдвэрээ илүү шуурхай гаргаж байна. Тухайлбал нэгдүгээр сарын 10-нд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, анх удаа "Утаа бол гамшиг" гэдгийг хүлээн зөвшөөрч, Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын шөнийн цахилгааны хэрэглээний үнийг тэг болгоно гэж аравдугаар сард гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, Нийслэл Улаанбаатар хотын захирагч 2018 он хүртэл Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарлах боллоо. 

Эдгээр алхамууд бол 2016 оноос өмнөх утааны эсрэг хийгдсэн бүх л ярилцлага, нийтлэл, хэлэлцүүлэгт нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ёстой ажлууд гэж тодорхойлж байсан зүйлс юм. Тухайлбал Монгол HD телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн "Утааг яах вэ" хэлэлцүүлэгт оролцсон төрийн болон эрүүл мэндийн байгууллагын бүх төлөөлөл дээрх асуудлуудыг тодорхой тоо баримтуудтай дэлгэн ярилцсан байдаг. 

Одоо харин тэдгээр зүйлс нааштайгаар шийдэгдэж, "Утаа арилна" гэсэн анхдагч итгэл найдвар бидэнд төрж, цаашдаа илүү хяналттай, илүү өргөн оролцоотой явах хэрэгтэй байна гэдгийг харууллаа. Гэвч асуудал богино хугацаанд, амархан шийдэгдэхгүй. Цаашдаа төлөвлөлттэй урт удаан хугацааны ажил хийгдэх ёстой, та бид илүү сайн хөдөлмөр зориулах хэрэгтэй гэдэг нь хэн бүхэнд тодорхой байна. 

Утаа арилна, агаар цэвэршинэ (фото 2)

2. Ялагчид шуурхай байдаг буюу нэгдэж чадсанаар хяналт тогтооно

Хүн бүр утааг арилгахын тулд Засгийн газрыг хийхээр төлөвлөсөн ажлаа хуваарьтай нь танилцуулахыг, түүндээ олон нийтийн хяналтыг оруулахыг хүсч байна. Үүнийг Засгийн газраас албан ёсоор шаардаж, баталгаажуулахаар "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" нэгдүгээр сарын 28-нд хоёр дах жагсаалаа хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ талаар бид тус холбооны ажлын хэсгийн гишүүн О.Ундрамтай уулзаж зарим нэг зүйлийг тодруулсан юм. Тэрээр хүүхэд, эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг, олон нийтэд эрүүл мэндийн үнэгүй мэдээлэл түгээх "Ээж" аппликейшн хөгжүүлдэг хүн юм. Тэрээр гурван хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ тэмцэлд татагдан оржээ. 

"Намайг анхны хүүхдээ төрүүлэхэд эмч нар, "Хүүхэд бүр утаанаас болж тархины даралттай болсон" гэж хэлсэн. Хоёр дах хүүхдээ тээж байхад эмч, "Утаанаас болоод жирэмсэн эхчүүд бүгд тонустай болсон" гэж хэлээд зөвлөгөө өгсөн.  Тиймээс би <<Яагаад энэ бүх зүйл ийм жирийн, санаа зовох зүйл биш юм шиг болоод байна вэ? Энэ нь бидний хүүхдүүдийн эрүүл мэнд, цаашдын амь амьдралд ямар хор хөнөөлтэй вэ?>> гэсэн судалгаа явуулж эхэлсэн юм. Тэр судалгааны үр дүн намайг Утааны эсрэг ээж, аавуудын холбоонд сайн дураараа ажиллаж, ингэж тэмцэхэд хүргэсэн" гэж тэрээр хэллээ. 

Ээж, аавуудын хөдөлгөөнд оролцож байгаа өөр нэг судлаач болох Алтангэрэл хүмүүс машин дотроо ч хэр их хордож байгааг судалгаагаар тогтоосон байна. Тэрээр Зайсан-Баянхошуу, Баянхошуу-Зайсан чиглэлд 1 цаг 30 минутын турш явахдаа хэмжилт хийж, энэ хугацаанд өөрөө 10 микрограмм хэмжээтэй хор авч байгааг тогтооожээ. Энэ судалгаагаар бол Улаанбаатар хотын өнөөгийн агаарын чанар цаашид сайжрахгүй бол эрүүл хүн ямар хугацааны дараа нас барахыг ч тогтоож болох юм байна. 

Мэдээж "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо"-г дэмжигч 100 орчим мянган хүн ийм зүйл цаашид үргэлжлэхийг хүсэхгүй нь мэдээж. Энд Олимпийн аварга, чадварлаг дизайнерууд, гэрэл зурагчид, сэтгүүлчид, банкирууд, архитекторууд, төрийн ажилтан, оюутан сурагчид, DJ нар, зураачид, тариаланчид гээд нийгмийн бүх талын төлөөлөл бүрдсэн харагдана. Тэгэхээр Монголын нэрийг тив, дэлхийн дэвжээнд гаргахаас эхлээд дотооддоо хүнд хэрэгтэй маш олон зүйл хийж чаддаг энэ бүх хүмүүсийн нэгдсэн оролцоо л утааг арилгаж дийлнэ. Яагаад гэвэл тэд бусдаас илүү их хөдөлмөрлөсөн, аз туршсан, амьдралаа тогтвортой авч яваа нийгмийн дундаж ангийн төлөөлөл юм.  

Өөрчлөлт гарахад ялагчид доройтох биш харин улам эрч хүчтэй болдог. 

3. Утаагаар амьсгалсныхаа төлөө бид Олон улсын шүүхэд хандах эрхтэй

Энэ үгийг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй танилцуулсан байна.  Түүнийг "Үнэртэй усанд дурлагчдын групп"-ын админ гэдгээр нь олон нийт илүү сайн таньдаг бөгөөд хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ үргэлж хүмүүсийн хайрыг хүргэж явдаг хүн байдаг.  Харин түүний хэлсэн шиг олон улсын шүүхэд хандахын тулд 20 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой гэж "Утааны эсрэг ээж, аавуудын холбоо" үзэж байгаа учраас нэгдүгээр сарын 28-нд болох жагсаалаараа энэ гарын үсгийг цуглуулна гэлээ. "Бид утааг нэг Засгийн газрын үед шууд алга болгоё гэсэн зорилт тавих хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл бидний хэн нь ч цаашид хордсоор байхыг хүсэхгүй" гэж Т.Ундрам хэллээ. Тэгэхээр хэрэв цаашид Засгийн газрын ажил удаашрах, нааштай шийдэл амьдрал дээр хэрэгжихгүй бол жагсаалын үеэр цуглуулсан гарын үсгийг нэгтгэж олон нийт утааны асуудлыг Гааг, НҮБ-ийн индэр рүү шилжүүлнэ. Гэвч асуудлыг ингэж даамжруулахгүйгээр бид дотроо учраа ололцож чадна гэдэгт нийгмийн оролцогч талууд бүгд итгэх хэрэгтэй болов уу.

4. Засгийн газар юу хийж байгаа вэ?

Утааг арилгах зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа гаргаж, энэ нэгдүгээр сард багтаан танилцуулахыг ажлын хэсэгт даатгасан байгаа. Бид тус ажлын хэсгийн дэд ахлагч, академич Ганзоригтой уулзахад тэрээр хамгийн түрүүнд хийж, судалж буй ажлуудаа тайлбарлалаа.

Тэрээр, "Бидний онилж байгаа зүйл бол гэр хорооллоос гарч байгаа, бид өөрсдөө гаргаж байгаа утааг арилгах юм. Тиймээс утаа гаргадаг түлшийг халж, цахилгаанаар дулааны эх үүсвэр бий болгохыг гол зорилгоо болгож байна. Үүний тулд бид ажлаа гурван үндсэн чиглэлд төвлөрүүлсэн" гэж хэллээ.

1. Бидэнд байгаа судалгаагаар бол одоо байгаа гэр хорооллын 214 мянган айл өрх дулаанаа цахилгаанаар шийдэхэд 400 гаруй мегаватт цахилгаан хэрэгтэй. Энэ нь IV цахилгаан станцын одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 60 орчим хувьтай тэнцэнэ. Тэгэхээр цахилгааны шинэ эх үүсвэр хэрэгтэй бөгөөд үүн дээр Эрчим хүчний яам ажиллаж байна.

Цахилгаанаар дулааныг шийдэхэд айл өрхүүдэд очиж байгаа цахилгааны шугам сүлжээ найдвартай байх ёстой. Тиймээс үүнийг шийдвэрлэх онолын үндэслэлтэй судалгааг ШУТИС-ын проффессор Содномдорж хариуцан ажиллаж, найдвартай зураг төсөл гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Тэрээр аль болох цахилгаан бага зарцуулдаг, ашигт үйлийн коеффицент өндөртэй халаагуурын загваруудыг санал болгох, дотоодод үйлдвэрлэх ямар боломж байгааг гарган ирэх юм. 

2. Дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ШУТИС-ын проффессор, академич Батмөнх ажиллаж, орон сууц, монгол гэрийн дулаан алдагдалгүй байх чиглэлийн судалгааг нэгтгэн танилцуулна. Тэрээр мөн шөнийн цагт дулааныг шингээн хуримтлуулж, өдрийн цагаар эргэн хэрэглэх ямар боломж байгааг судалж байна.

3. Зам тээврийн яамны доктор Готов Улаанбаатар хотын 450 мянган авто машинаас гарч байгаа агаарын бохирдлыг хэрхэн шийдвэрлэх арга зам дээр ажиллаж байна. Эко жолоодлогын талаар олон нийтэд ойлголт өгөх, хорт утааг бууруулах ямар шүүлтүүр автомашинд суурилуулж болох вэ зэрэг асуудлуудыг түүний судалгаа нэгтгэх болно.  

Эдгээр бүх судалгааг нэгтгэсэн дүнг энэ нэгдүгээр сард Ерөнхий сайдад танилцуулж, улмаар Засгийн газрын хуралдаанаас зохих шийдвэрүүдийг гаргах юм байна. 

Утаа арилна, агаар цэвэршинэ (фото 3)

5. Ялагчид бусдыг хөдөлгөдөг буюу хүн бүр хийж чадах дэмжлэг юу вэ?

Шинжлэх ухааны академи болон бусад утааг арилгах чиглэлд судалгаа хийсэн аль ч төсөлд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүнийг түргэн хугацаанд хуримтлуулж, мөнгөний урсгалыг зөв удирдахад л хүн бүрийн хийж чадах хамгийн анхны дэмжлэг оршиж байгаа юм. 

Яг үнэндээ монголчууд өнөөдөр гадаадаас 300 мянган доллараар цэвэр ус, 1,1 сая доллараар зөгийн бал, 26 сая доллараар нарийн боов худалдан авч хэрэглэж байна. ГЕГ-ын экспорт, импортын дүнг сайтар ажиглах юм бол энэ бүх гадагшаа гарч буй валют нь эргээд өөрөө маш том боломж гэдэг нь харагддаг.

Хүмүүсийн маш энгийн сонголт их хэмжээний мөнгийг өөрсөддөө зориулах боломжийг шийдвэрлэх болно. Монгол зөгийн бал авах уу, гоё савтай герман бал худалдаж авах уу, гадаадад савласан цэвэр ус уух уу, монголд үйлдвэрлэсэн эрдэст ус хэрэглэх үү гэдэг сонголтын талаар хүмүүс эргэцүүлэн бодож, дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. 

Хэрэв импортоор гарч буй мөнгө Улаанбаатар хотод байгаа гэр хорооллын 210 мянган айл өрхийн орлого болчихвол тэд гал түлэх шаардлагагүй, төрөөс цахилгааныг хөнгөлүүлэхгүй байж болно. Тэгвэл Засгийн газар цаашдаа цахилгааны төлбөрийг тэглэх гэж жилд 28 тэрбум төгрөг үрэхгүй байх боломжтой. Оронд нь энэ мөнгөөрөө Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Ховд зэрэг дараа, дараагийн утаатай болох эрсдэлтэй хотууддаа хөрөнгө оруулалт хийж болох юм.  

Бид утааг арилгахын төлөө эвлэлдэн нэгдэх хамгийн анхны арга бол ердөөсөө л монголоос худалдан авч болох бүх зүйлийг гадаадаас импортлохгүй байх юм. Харин үүний үр дүнд бий болсон эдийн засгийн нөөц бололцоог хэрхэн үр ашигтай ашиглах, бодит ажил хэрэг болгох шуурхай алхамыг эдийн засагчид, банк, ББСБ-ууд зохион байгуулж өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Мөн утааны эсрэг нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд монголд импортыг орлох ямар бизнес хийж болохыг, хэрхэн үр дүнд хүрэхийг мэдээллэж, хүн бүр өөрсдийн хийж чаддаг зүйлээрээ дэм өгч болох юм. 
Утаа арилна, агаар цэвэршинэ (фото 4)
6. Боломж ба эрсдэл буюу цаг хугацааг өөрсдийнхөө төлөө ажиллуулах нь

 

"Хэдийгээр Утааны эсрэг ээж, аавуудын холбооны групп 100 гаруй мянган хүнтэй болсон ч амьдрал дээр хоорондоо ингэж нэгдэж хараахан амжаагүй байна.  Одоогийн байдлаар тус холбооны ажлын хэсэгт 20 орчим хүн ажилладаг бөгөөд тэд бүгдээрээ дор бүрнээ ажил, амьдралтай учраас хийх ажлаа 24 цагтаа хувааж аваад ээлжээр ажиллаж байгаа аж. Тэгэхээр бидэнд байгаа эрсдэл бол хүмүүс өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, ашиг сонирхолын төлөө нэг баг болж чадахгүй байх явдал. Үнэндээ ямар нэгэн группт элсэх, сошиал ертөнцөөр бухимдах нь үр дүнтэй арга мөн гэж үү? Бид өдөр бүр, цаг минут тутамд агаарын бохирдолд агуулагдаж буй, хүний уушгинд шууд хүрдэг PM 2,5, PM 10 тоосонцорт хордож байгаа. Дээр нь цаг хугацаа гэдэг бол ямар ч хөрөнгөтэй харьцуулахын аргагүй үнэ цэнэтэй зүйл. Тийм ч учраас "Цаг хугацааг мөнгө шиг олж, өсгөж, үржүүлж болдоггүй. Амьдрал хэмээх банкинд хичнээн хэмжээний цаг хугацаа үлдсэнийг хэн ч мэддэггүй" гэх онч үг байдаг шүү дээ.

Амьдрал бол шударга бус бөгөөд луйвар хэзээ ч дуусдаггүй гэдгийг ялагчид мэддэг. Тиймээс тэд хэзээ ч зорилгоосоо ухарч, бууж өгдөггүй.

Харин боломж гэвэл нэг өдөр, нэг цагт цугларч дуу хоолойгоо хүргэдэг байх, асуудлыг шийдэх гэж ярилцдаг байх, Утааг арилгахад хэрэг болох хөрөнгийг хуримтлуулах зорилгоор хүмүүс дор бүрнээ ухаалаг худалдан авалт хийж чаддаг байхад л болох юм. Хамгийн гол нь энэ бол маш амархан биелэх боломжтой зүйл. Өнөөдөр монгол улсын 3,1 сая хүн амын 1,3 сая хүн нь эдийн засгийн идэвхтэй амьдралтай байдаг. Тэгэхээр ердөө 650 мянган эмэгтэй, 650 мянган эрэгтэй хүмүүс хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө ярилцаж чаддаг, шийдвэр гаргадаг, худалдан авалт бүрээрээ үүнийгээ нотлодог байхад бидний зорилго удахгүй биелнэ.  

 

цааш үзэх