Хайх

Амттан шинжээч: Мах идэхийн 5 ач тус

Амттан шинжээч: Мах идэхийн 5 ач тус

Шарсан, утсан, жигнэсэн, чанасан, татсан

Text: Ж.Чинбат


Хүмүүс олон янзын зорилгоор махнаас татгалзаж, цагаан хоол юм уу өөр дэглэм сахих гэж өвлийн улиралд өөрт хэрэгтэй уураг, амин дэмийн дутагдалд орох нь их байдаг. Тэгэхдээ хүмүүс сонголтоо хийхдээ өөрийгөө хорт хавдраас сэргийлж, эрч хүчтэй, эрүүл чийрэг амьдрах нэгэн гол зүйлийг орхиж буйгаа мэддэг болов уу?

Бид өнгөрсөн удаа орчин үеийн хүмүүсийн хамгийн гол таашаал бол хоол гэдгийг тодруулж, амттай мөртлөө биед эрүүл бус хоол сонгох уу, эсвэл урт нас бэлэглэх жирийн зүйлс идэх үү гэх сонголтын талаар өгүүлсэн билээ. Энэ удаа махнаас татгалзахгүй байхын ач тусыг сонирхоод үзэцгээе. Цагаан хоол болон бусад эрүүл, зөв хооллолтоос таныг татгалзаасай гэж бид ятгах гээгүй бөгөөд тэдгээр хоолнууд бүгд өөрийн ач тустай болохыг бид олон удаа нийтлэсэн байгаа. Харин идэр ес эхэлсэн энэ үед Монголд хүний биеэс маш их хэмжээний энерги шаардаж эхэлдэг. Хүйтэн жавар, богино өдөр, урт шөнө, ажлын ачаалал хийгээд нийгмийн байдал гээд бие махбодь, оюун ухаан улам их ачаалалтай ажилладаг тул зарим нэг зүйлсийг амттай аргаар шийдэж болох юм.

 

Хүч тамир өгөх сонголт: Стейк

Амттан шинжээч: Мах идэхийн 5 ач тус (фото 1)

Уургийн төгөлдөр эх үүсвэр гэж махыг маш товч бөгөөд гоё хэлсэн байдаг. Махны уураг нь бие мах бодод нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчил агуулдаг юм. Тэгэхээр нэг сониуч асуулт байна. Парисын эсвэл Токиогийн ресторануудад 250 гр нь 300 еврогийн үнэтэй байдаг стеак, монгол үхрийн мах хоёрт тэр амин хүчил адилхан бий болов уу? Мэдээж тийм. Харин энэ 2016 оны намраас эхлэн Монтбейльярд, Лимузин зэрэг алдартай үхрийн махан стейк Улаанбаатарт элбэгшиж эхлэх болно. Тэд монголд зундаа эмийн ургамал, өвөлдөө эрдэнэшиш, вандуйтай тэжээл хэрэглэж, дулаан байранд усанд орсон шигээ өвөлжиж байгаа болохоор арьс нь хүртэл цэвэрхэн, зөөлхөн байгаа. Давуу тал нь Сидней, Миланд байхгүй байгалийн эрдэс бодисоор илүү сайн цэнэглэгдсэн гэсэн үг. Амтлаг, зөөлөн хэрнээ биед тустай, их ч идэх шаардлагүй энэ идээнээс та өөртөө зориулж өвлийн улиралд хоолныхоо цэсэнд ойр, ойрхон оруулж байгаарай.

Эрүүл, эрч хүчтэй өдрүүд: Хонины шөл

Цагаан хоолтой хүмүүс аравдугаар сарын сүүлчээр алжааж ядрах нь ихэсдэг билээ. Тиймээс тэдгээр хүмүүсийг хонины махтай шөлнөөс татгалзахгүй байхыг уриалахыг хүсдэг юм. Мэдээж миний энэ санал мах иддэггүй хүмүүст тийм ч аятайхан сонсогдох зүйл биш боловч "Яагаад" гэж зарим нь асуудаг л даа. Хошин маягаар хэлэх юм бол мах гэдэг чинь адилхан л ногоо юм шүү дээ. Зүгээр л зүсээ улаан өнгөтэй болгочихсон 80 орчим төрлийн ургамлын нэгдсэн төрх юм. Хонины махнаас амт, чанартай шөл гардаг учир нь булчин махны ширхэг маш нарийнтай холбоотой гэнэ. Мөн ямар ч хоолонд хонины сүүл бага хэмжээгээр хийж идэх нь тархи, оюун ухаанд сайн нөлөөлдөг. Түүнд агуулагдах А, К, Д, С амин дэмүүд хордлого, харшил анагааж, харааны хөгжилд сайн нөлөөлдөг. Ингээд аваад үзэх юм бол хамгаас хайртай хүүхдүүддээ мөн өвөл заавал зориулах хүнс шүү.

Даралт ихсэхгүй, даарахгүй өдрүүд: Адууны жигнэсэн мах

Улаанбаатар хот далайн түвшнээс 1350 метрийн өндөрт оршдог нь даралт ихсэх бодит шалтгаан мөн юм. Агаарын чанараас болж өвлийн цагт ихэнхидээ цонхоо хааж, битүү өрөөнд байх нь мөн хүзүү толгой хөших, ханиад шуухитнаа хүрэх зэргээс болж хүний бие илүү их уураг хэрэглэх шаардлагатай болдог. Адууны мах халуун чанартай болохоор царцдаггүй гэдгийг бүгд мэддэг ч харин хорт хавдараас сэргийлж, даралт бууруулдаг болохыг нь та мэдэх үү? Түүний илчлэг чанар нь 2886-3000 ккал учраас хүний биеэс хүйтнийг хөөж мөн судасны хана хатуурахаас сэргийлдэг. Тэгэхээр Хандгайт юм уу өөр тийшээ цана, чаргаар гулгахаар явахын өмнө эсвэл хөдөө гадаа гарахдаа, бие сульдаж, ханиад хүрвэл адууны жигнэсэн мах идэж болохыг санаарай. Эрт үед монголчууд хатгаатай хүүхдийн уушгинд зүгээр л түүхий адууны бор мах тавиад эмчилж байсан гэхээр энэ идээ  зүгээр ч нэг мах төдий зүйл биш шүү.

Илүү баялаг амин дэм: Шилдэг утсан хавирга

Улаанбаатар, Токиод байх рестораны мах амин хүчлийн хувьд адилхан тухай ярьсан билээ. Үүнийг илүү дэлгэрүүлбэл судлаачид мон­гол хонины маханд төгс уургийн амин хүчил - триптофан, холбогч эдийн аминхүчил - оксипролины харьцаа дунджаар 7.5 байдгийг тогтоожээ. Энэ үзүүлэлт таваас доошгүй байвал тухайн махыг сайн чанартайд тооцож байхыг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага санал болгодог аж. Аминдэмийн судалгааг дахиад нэг сонирхоход мон­­гол малын маханд В1, В2, РР аминдэм бусад орны малынхаас 10 хувиас хоёр дахин илүү байдаг. Бэлчээрийн малын маханд макро эрдсүүдийн агууламж бусад орны малын махтай адил түвшинд, харин нийт бичил эрдсүүдийн хэмжээ давамгайлах хандлагатай байна. Нэн ялангуяа цус төлжүүлэх үйл явцад онцгой чухал үүрэгтэй төмөр болон ферментүүдийн найр­лагад оролцдог зэс зэрэг нь 1.8-3 дахин илүү хэмжээтэй байдаг нь тогтоогджээ. Энэ бүх сайхан зүйлсийг агуулсан утсан махнаас яагаад жаахан ч гэсэн амсаж болохгүй гэж?

Амттан шинжээч: Мах идэхийн 5 ач тус (фото 2)

Хэтрүүлж идэхгүй байх: Жижиг хуушуур

Өнгөрсөн 2015 онд зохиогдсон олон үдэшлэг, арга хэмжээний үеэр жижиг хуушуур тренд болсон билээ. Энэ бол махыг хэтрүүлж идэхгүй байх тун боломжийн арга юм. Татсан махтай хоолыг хүн ер нь их идчих гээд байдаг талтай бол цөөн тоогоор хийсэн, хайрсан хуушуур бол ядаргаа, стресс тайлах супер арга. Нэгт идэж болохоос гадна ганц нэгийг илүү хайраад зөөлөн, торгон алчууртай хамт чихэн дээрээ тавьж болно. Хүүхдийн хөлийн уланд ч нааж мөн өвчнөөс сэргийлж, дархлааг нь дэмжээрэй. Хамгийн гол нь мах хэтрүүлж хэрэглэхэд л асуудал байдаг. Учир нь маханд ислэг огт байдаггүй учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн саарч, хэвлийн хөндийн эрхтнүүдийг шахаж даран хэвийн ажиллагааг нь хямруулдаг байна. Дээр нь махыг тогтмол ихээр хэрэглэх нь бодисын солилцоо болон хор зайлуулах үйл явц байнга идэвхитэй явагдснаас эрхтэн системүүд эрт элэгдэж, бие элдэв өвчинд нэрвэгдэн, эрт хөгшрөхөд хүргэдэг. Тиймээс л тааруулж, таашаалтай гоёор идэх нь чухал байх нь ээ.

цааш үзэх