Хайх

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол

Бас хурдан

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол

Text: Г.Тэмүүлэн

Та өглөө ажил, сургуульдаа гарахаасаа өмнө яарч сандран, гарт тааралдсан зүйлсээрээ өглөөний цай бэлтгэж байна уу? Тэгвэл одоо энэ байдал эрс өөрчлөгдөх болно. Бюро 24/7 танд зориулан эрүүл мэндэд тустай, хийхэд хялбар мөн амттай хэд, хэдэн өглөөний хоолнуудыг санал болголоо. Тэмдэглээд аваарай!

Бидний амьдарч буй эрүүл амьдралын "эрин үед" хоолны сонголт хязгааргүй их болсон. Хүмүүс ч өөрсдийн хоол, ундандаа анхаарал их тавьж, хүний биед ямар бүтээгдэхүүн тустай эсвэл хортой гэдгийг тооцоолж  байж сонгохыг хичээдэг болжээ. Гэвч шим тэжээлтэй, эрүүл мэндэд тустай хоол бэлтгэж идэхэд тэр бүр цаг зав гараад байдаггүй шүү дээ. Энэ нь ялангуяа өглөөний цайн дээр түгээмэл ажиглагддаг. Тэгэхдээ эрүүл хоол бэлтгэж идэж амжихгүй гээд яагаад заавал өглөөний цайндаа өндөг, зайдас, гахайн утсан мах шарж эсвэл сүүнд бэлэн өглөөний хоол хийж иднэ гэж? Үүнээс өөр хийхэд тийм ч их цаг хугацаа шаардагдахгүй, бэлтгэхэд хялбархан, дээрээс нь амттай өглөөний хоолны сонголтууд олон байгаа. Ингээд бид таныг бүхэл өдрийн турш эрч хүчээр тэтгэх, амин дэм, эрдэс бодисоор баялаг, тэжээллэг хоолнуудыг санал болгож байна.

Нэрстэй овьёсны кааш

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол (фото 1)

Энэхүү өглөөний цай нь хоол хийх дургүй эсвэл чаддаггүй хүмүүст хамгийн тохиромжтой. Та өмнөх оройдоо өөрийн хүссэн хэмжээгээр овьёос, нэрс, ваниль, чиа үр болон сүү эсвэл тараг зэргийг хольж битүү саванд хольж хийн хонуулна. Ингээд л өглөө нь амттай, эрүүл өглөөний хоол бэлэн болох нь тэр.

Юунд тустай вэ: Нэрс нь K, C аминдэмээр баялаг бөгөөд хүнсний эслэг болон антиоксидант ихээр агуулдаг тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг болохыг АНУ-ын Хөдөө аж ахуйн хэлстийн судалгааны төв баталсан юм. Мөн АНУ-ын Синсинатигийн их сургуулийн хийсэн судалгаанаас үзэхэд нэрс жимсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхэд хүний ой тогтоолт сайжирдаг нь тогтоогдсон байна. Овъёос нь эслэгийн агууламж өндөртэй ба таныг илүү удаан хугацааны турш цатгалан мэдрүүлэх болно. Мөн ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвөөс чихрийн шижингийн эмгэгтэй хүмүүст эслэг ихтэй хоол идэхийг зөвлөсөн байдаг.

Газрын самрын тос, гадил жимстэй смүүти

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол (фото 2)

Смүүти бол хэзээ ч идэхэд тохиромжтой, авч явахад хамгийн хялбар, асар хурдан хугацаанд эрч хүч сэлбэдэг супер хүнс юм. Хэрэв та өглөөний цайгаа ууж амжихгүй байвал хөлдөөсөн гадил жимс, газрын самрын тос, зөгийн бал болон тарагийг холигчинд хийж хутгаад л битүү саванд хийж аваад, ажилдаа явах замдаа идэж болно. Хэрэв та үдээс хойш смүүтигээ идэхийг хүсвэл өмнөх орой нь бэлдээд, хөргөгчинд хөлдөөж хадгалах хэрэгтэй шүү.

Юунд тустай вэ: Газрын самрын тос нь хангалттай хэмжээний уураг агуулдаг. Жишээ нь хоёр цайны халбага самрын тосонд долоон гр уураг бий. Тиймээс спортоор хичээллэдэг хүмүүст газрын самрын тос нэн тустай болохыг "Nancy Clark's Sports Nutrition Guidebook" номны зохиолч, хоол тэжээлийн мэргэжилтэн Нэнси Кларк хэлжээ. (Тэгэхдээ та самарны харшилтай бол үүнээс татгалзах хэрэгтэй шүү.) Харвардын анагаах ухааны сургууль газрын самрын тос нь оливын тостой ижил хэмжээний ханаагүй тос агуулж байдгийг баталсан бөгөөд энэ нь цусан дахь холестерины хэмжээг багасгаж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна.

Авокадо ба өндөгтэй талх

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол (фото 3)

Заримдаа бүх зүйл энгийн байх тусмаа сайхан байдаг. Энэ дүрэм өглөөний цайн дээр ч хэрэгжинэ. Бүхэл үрийн хоёр ширхэг талхан дээр нухсан авокадо ба нүдэлж шарсан өндөг тавиад л таны амттай, эрүүл өглөөний хоол бэлэн болно. Өөрийн хүслээр нимбэгний шүүс ба перц нэмж амтлаарай.

Юунд тустай вэ? Авокадо жимс нь эрүүл амьдралын хэв маягийг баримтладаг хүмүүсийн дунд хамгийн түгээмэл хүнс болоод байгаа. Учир нь энэхүү супер хүнс нь маш их хэмжээний ханаагүй тос, кали, фолийн хүчил, C, K, B, E аминдэмээр баялаг бөгөөд тал авокадо нь ойролцоогоор 110 калорийн илчлэгтэй байдаг. Түүний эрдэс бодис, амин дэмүүд нь зүрх судасны үйл ажиллагаа, нүдний хараа, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, сэтгэлийн хямралд өртөхөөс сэргийлдэг гэж "Medical News Today" сайт тодорхойлсон байна.

Ойн жимстэй амттан

Эрүүл бөгөөд амархан: Завгүй ба залхуу хүмүүст зориулсан өглөөний хоол (фото 4)

Ер нь өглөөний цайндаа амттан идэж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Энэхүү цавуулаггүй, шинэхэн амттан нь таны өдөрт авах ёстой аминдэмийг бүрэн хангаж чадна. Үүний тулд одоо шинэ ногооны худалдаанд элбэг байгаа нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд, бөөрөлзгөнө гээд өөрийн дуртай ойн жимсүүдийг хольж, зууханд хийж халаагаад дээрээс нь нэг аяга сүү хийж бэлэн болгоно. Хүсвэл бага зэрэг хар шоколадны үйрмэг нэмж болно.

Юунд тустай вэ: Нэрс ба бөөрөлзгөнө нь C, K, E аминдэм, төмөр, антиоксидант ба полифенол бодисоор баялаг бөгөөд энэ нь зүрх судасны үйл ажиллагаа, нүдний хараа, тархины үйл ажиллагааг дэмжинэ. Мөн антиоксидант нь чөлөөт радикалаас хамгаалдаг болохыг бид "Бюро 24/7 толь бичиг" буландаа онцолсон байгаа тул та тэндээс илүү ихийг мэдэж авч болно шүү.

Цааш үзэх