Хайх

Эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх Instagram хоолны трендүүд

Instagram-ын өнгөлөг хоолны зургууд бидний хоолны зуршлыг хэрхэн өөрчилж байна вэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Мэдээж хэрэг эрүүл амьдралын хэв маяг хэрэгжүүлдэг хүн бүр Instagram олон нийтийн сүлжээнээс хоолны жор "нээж" эсвэл шинэ рестораны санаа авч байсан гэдэгт итгэлтэй байна. Эсвэл хамгийн сүүлийн үеийн эрүүл хоолны тренд, супер хүнсний талаар мэдээлэл авахын тулд Instagram ашигладаг байж ч болно. Гэхдээ өнгөлөг хоолны үзэмжтэй зургууд таны хоолны зуршилд үргэлж сайнаар нөлөөлдөггүй гэдгийг хоол тэжээлийн мэргэжилтнүүд Shape сэтгүүлд ярьж байна.

Юуны өмнө сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ бидний хоолны тухай ойлголтыг тэр чигт нь өөрчилж чадсан. "Instagram дахь төгс өнцгөөс авсан, гоо зүйн өндөр мэдрэмжтэй хоолны зургууд бидэнд тодорхой нэг амьдралын хэв маягийг сурталчилж байгаа" гэж хоол тэжээлийн мэргэжилтэн, доктор Аманда Бейкер Лемейн ярьлаа. Мэдээж хүмүүс илүүдэл жинтэйгээ тэмцэж, эрүүл хооллохыг хүсч, ерөнхийдөө амьдралын хэв маягаа сайжруулах зорилгоор энэхүү тавцанг ашигладаг нь нэг талаараа сайн зүйл боловч нөгөө талаасаа ухаалаг утасны дэлгэц дээр харагдаж байгаа эрүүл гэх тодотголтой хоол хүнс хүн бүрийн эрүүл мэндийн онцлогт тохирно гэж байхгүй. Учир нь хүн тус бүрийн хоол тэжээлийн хэрэгцээ ба биеийн онцлог нь өөр гэдгийг ямар нэг шинэ хоолны тренд хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө санахад илүүдэхгүй. Харин одоо Instagram олон нийтийн сүлжээнд дэлгэрсэн эргэлзээтэй хоолны трендүүдийг харцгаая.


Зөвхөн жимсээр хооллодог дэглэм

 

"Ямар нэг дэглэмийг хэрэгжүүлэхдээ хязгаарт нь тулгахад энэ нь шууд л эрүүл бус зүйл болж хувирдаг. Тухайлбал цаг үргэлж зөвхөн нэг нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр та өөрийн бие организмд хэрэгцээтэй бусад шим тэжээлээ алдаж байна гэсэн үг юм" гэж Калифорниос гаралтай хоол тэжээлийн мэргэжилтэн Либби Паркер онцолсон байна. Жишээ нь зөвхөн жимс, жимсгэнээр хооллодог дэглэм гэж бий. Хэдийгээр энэхүү дэглэм нь зурган дээр маш гоё, эрүүл харагддаг боловч үнэн хэрэгтээ хүний биед шаардлагатай өөх тос, уураг, эрдэс бодисоор дутмаг байдаг. Мөн уураг, өөх тос багатай атлаа нүүрс усны өндөр агууламжтай ийм төрлийн тэнцвэргүй хооллолт нь чихрийн шижин өвчтэй хүмүүст маш аюултай. Богино хугацаанд жимсний дэглэмийг барихад төдийлөн хор хөнөөлтэй биш боловч удаан хугацаанд ийм байдлаар хооллох нь маш аюултай юм.

Хэт их өөх тос

 

Эрүүл, зөв өөх тос нь яг одоо эрүүл хоолны салбарт маш онцгой байр суурийг эзэлж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг ямар нэг сайн зүйлийг ихдүүлэхэд муу болж хувирдаг тал бий шүү дээ. Жишээ дурдахад Instagram-ын хэрэглэгчдийн дунд дэлгэрээд байгаа самрын тос, шоколадаар бүрсэн шарсан талх, гурилгүй жигнэмэг зэрэг эрүүл гэж нэрлэгдээд байгаа амттангуудыг их хэмжээгээр идэх нь тийм ч сайн зүйл биш юм. "Учир нь зөв өөх тосыг их хэмжээгээр идэх нь мөн л жин нэмэхэд хүргэнэ" гэж Middleberg Nutrition компанийн мэргэжилтэн Элиза Саваж хэлсэн юм.

Хэт том аягатай смүүти

 

"Хэн нэгэн маш том аягатай смүүтиний зургийг Instagram хуудастаа 'Өдрийг зөв эхлүүлэхээр шийдлээ' гэсэн тайлбартайгаар нийтлэхэд миний бие арзайх шиг л болдог" гэж Millennial Nutrition вебсайтын үүсгэн байгуулагч хэллээ. "Хэдийгээр асаи жимстэй смүүти нь дангаараа муу зүйл биш боловч дээрээс нь маш их гранола болон самрын үр, шоколад зэргийг цацаж, хоёр ба гурав дахин их порцоор аягалдаг нь энэхүү хоолыг эрүүл бус болгож байгаа юм. Мөн хүмүүс ихэвчлэн смүүти дотор маш их элсэн чихэр хийдэг" гэж тэрээр нэмж онцолсон байна. Тэгэхээр асаи жимстэй смүүти нь эрүүл хоолны дэглэмд багтах боломжтой хэдий ч, порц ба дотор нь орж буй орц найрлагыг та өөрөө хянах шаардлагатай юм.

Маш их хэмжээний авокадо

 

Салат, бүхэл үрийн шарсан талх болон Instagram-д нийтлэгдсэн бусад эрүүл хоолны зургуудаас харахад хүмүүс хэт их авокадо иддэг болсныг та анзаарсан уу? "Авокадо жимс нь өөртөө маш их хэмжээний ханаагүй тос ба эслэгийг агуулдаг супер хүнс юм. Гэсэн ч дундаж хэмжээтэй бүтэн авокадо 250 ккал, 23 г өөх тос агуулдаг гэдгийг санаарай" гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Брук Зиглер анхааруулжээ.

Гялтганасан кофе, өнгө өнгийн шарсан талх болон "ганц эвэрт" фраппучино

 

Эцэст нь сүүлийн үед олон нийтийн сүлжээнд маш их хүчийг авч байгаа үлгэрийн мэт өнгө, өнгийн хүнсний зүйлс нь зөвхөн зурган дээр л зугаатай харагддаг гэдгийг анхаараарай. Тодруулбал мэргэжилтнүүд бүгд дуу нэгтэйгээр энэхүү өнгө, өнгийн "солиорлыг" эрүүл бус гэж үзэж байна. Учир нь ямар ч хүнсний будаг эрүүл хооллолттой нийцэхгүй гэдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

цааш үзэх