Хайх

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө

Гастрофизик буюу “Хооллох шинжлэх ухаан”

Text: Г.Тэмүүлэн

Бидний хоолны зуршил маш олон гадны хүчин зүйлсээс шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Гастрофизикч буюу хоолны шинжлэх ухааны мэргэжилтэн хэмээн нэрлэгддэг Оксфордын их сургуулийн сэтгэл судлалын профессор Чарльз Спенсер хоолны дуршлын талаар маш сонирхолтой баримтуудыг дэлгэлээ. Тэрээр хоолны тавагны өнгө, сонсож буй хөгжим болон бусад олон зүйлс бидний идэж буй хоолны хэмжээнд асар их нөлөөтэй болохыг "Gastrophysics: The New Science of Eating" номондоо бичсэн байна. Ингээд түүний санал болгож буй шинжлэх ухаанаар батлагдсан бага идэх аргуудын талаар уншигчиддаа хүргэе.

Цагаан өнгийн таваг

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө (фото 1)

Профессор Спенсерийн үзэж буйгаар тавагны өнгөний сонголт хооллох зуршилд асар их нөлөөлдөг гэнэ. Түүний номонд орсон нэгэн судалгаанаас үзэхэд амттанг цагаан өнгийн тавагнаас идэхэд 10%-иар илүү чихэрлэг амтагддаг болох нь батлагдсан байна. Тиймээс цагаан өнгийн тавагнаас хооллодог хүмүүс, гэртээ амттан бэлтгэхдээ элсэн чихэр бага хэмжээгээр хийдэг гэж Спенсер мэдэгджээ.

Улаан өнгийн таваг

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө (фото 2)

Хэрэв та давс, өөх тос ихтэй хүнсний хэрэглээгээ багасгахыг хүсч байвал улаан өнгийн таваг сонгоорой. Улаан бол анхааруулах тэмдэгт ашигладаг өнгө шүү дээ. Энэ шалтгаанаар улаан өнгийн тавагнаас хооллодог хүмүүс идэж буй зүйлдээ илүү анхааралтай ханддаг гэж "Gastrophysics: The New Science of Eating" номонд онцолжээ. Мөн Чарльз Спенсерийн хийсэн судалгаанаас харахад улаан өнгийн тавагнаас давсалсан нарийн боов идэж байсан хүмүүс бусадтай харьцуулахад хоёр дахин бага хэмжээгээр идсэн байна.

Аягaтай хоолоо гартаа барь

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө (фото 3)

Бид илчлэг болон порц багатай хоолноос цадсан мэдрэмж авч чаддаггүй нь жин хасахад тулгардаг хамгийн том хүндрэлүүдийн нэг юм. Гэхдээ өөрийн идэх гэж буй хоолыг (аяга эсвэл тавагтай) гартаа барьснаар, хангалттай идсэн мэт мэдрэмжийг авах боломжтой. Аягатай хоолыг гартаа барихад илүү жинтэй мэдрэгдэх бөгөөд энэ нь идэх гэж буй хоол тань хангалттай гэх дохиог таны тархинд өгдөг аж. Мөн хоолоо гартаа барьснаар илүү хурдан цадах магадлалтай байдаг гэнэ.

Идэх гэж буй хоолондоо төвлөр

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө (фото 4)

Бүх мэдрэхүйгээ зөвхөн идэх гэж буй хоолондоо төвлөрүүлснээр илүү бага хэмжээгээр хооллох боломжтой. Үүний тулд зурагтаа унтрааж, ширээн дээрээс саад болох бүх зүйлсийг холдуулж, үнэрлэх мэдрэмжээ ашиглан, хоолны үйл явцдаа бүрэн автах хэрэгтэй. Бүх мэдрэхүйгээ ашиглан хооллосноор таны тархи хэзээ зогсох ёстойг тань хэлж өгөх болно.

Төсөөллөө ашигла

Хэрхэн бага идэж сурах вэ: Гастрофизикийн мэргэжилтэн зөвлөлөө (фото 5)

Хооллож эхлэхээсээ өмнө төсөөллөө ашиглах нь хэт их идэхээс хамгаална. Жишээ нь та шарсан төмсөнд дуртай бол идэж эхлэхээс өмнө, үүнийг маш их хэмжээгээр идэж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Карнеги Меллон их сургуулийн 2010 онд хийсэн судалгаагаар хооллохоосоо өмнө идэх зүйлсээ төсөөлөх нь хоолны дуршлыг багасгадаг болохыг баталсан юм.

цааш үзэх