Хайх

“Life of Pi”: Гоа маягийн энэтхэг ресторан

“Life of Pi”: Гоа маягийн энэтхэг ресторан

Амралтын эрэлд

Text: Б.Энхжин


Зураг:

Алдарт “Life of Pi” киноны нэрээр нэрлэгдсэн Энэтхэг хоолны ресторан Москвад нээгдэж, карринд дурлагчид болон цагаан хоолтнуудыг баярлуулах шинэ жороор үйлчилж эхэлжээ

Усан онгоцны сүйрлээс болж гэр бүлээсээ өнчирч хоцорсон энэтхэг хүү задгай далайд завин дээр амьдарч, өөрийн тэжээж байсан бартайгаа хамт амь аврагдахын төлөө тэмцдэг сэтгэл хөдөлгөсөн киногоор сэдэвлэсэн  өвөрмөц клуб нээгждээ. Тус клуб, рестораныг нээсэн Игорь Чапурин хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтарч клубээ тохижуулжээ. Сергей Мальцев меню болон ханын зураг зурж, Маша Цигаль багануудад нь сийлбэр хийжээ. Интерьерийн гол чимэг болсон ил зуухтай өрөөг Энэтхэгээс авчирсан "эротик" модоор чимэглэж, караокены өрөөг гал тогоо харагдахуйц цонхтой хийж өгсөн байна. Харин гал тогоонд Дели хотын Taj Group зочид буудалд удаан хугацаанд ажилласан Ражандара Сингха ахлахтай энэтхэг тогооч нар хариуцан ажилладаг ажээ. 

Энд ирсэн зочид шарсан хурганы махтай нан (250 руб.), бяслаг болон сармистай шарсан нан(150 руб.), энгийн шаржигнасан нанаас сонголтоо хийнэ (100 руб.). Мэдээж мөн тахианы махаар хийсэн гайхалтай амттай хоолнууд ч бий бөгөөд хамгийн онцгой нь цөцгийн тос, карри, гич, улаан чинжүүтэй тахианы мах буюу Мург тикка гэх хоол байна (450 руб.). Дээр нь мөн улаан лооль, самарны сүмстэй тахианы мах болох Мург маханийг амталж үзэх хэрэгтэй (450 руб.). Карринд дурлагчдад далайн гаралтай карритай хоол содон сонголт байх болно.  (750 руб.). Цагаан хоолтнуудад төмс, ногоон вандуйтай самосаг санал болгъё (250 руб.). "Life of Pi" ресторан нь цагаан хоолтнуудад зориулсан цөөн хэдэн газрын нэг юм. Энэтхэг маягийн "ногоон" менюд халуун ногоотой шөл (250 руб.), ногоо болон бяслаг, карри болон будаа зэрэг багтжээ. Амттанд йогурттай луувангийн халва (350 руб.), гэрт хийсэн тарагтай гуурсан печень (400 руб.) зэрэг багтана. Дашрамд дурдахад гуурсан печенийг хатаасан инжирээр хийсэн тул нэн амтлаг болжээ.

Коктейлийн менюд интоорын ром дарс, архи, тусгай нэмэлттэй бурбон гэх мэт 30 гаруй төрлийн орц бий. Тэдэн дотроос хамгийн их анхаарал татсан нь алмонд самартай сүү болон бага зэрэг халаасан интоорын ром дарсыг хольсон "Алмонд самартай сүү" коктейль юм (490 руб.). 

Хэдийгээр мэргэжлийн энэтхэг тогоочид хэт их халуун ногоотой хоол хийдэг ч энд бол тийм ч хурц, халуун ногоо байхгүй. Тиймээс халуун ногоог тэгтлээ их хүсдэгүй хүмүүст ч ахин дахин ирэх хүсэл төрүүлсэн амтат зоогнуудыг эндээс амталж болно.  

 

цааш үзэх