Хайх

Pitti Taste: Мөнхийн жор ба орчин үеийн тренд

Pitti Taste: Мөнхийн жор ба орчин үеийн тренд

Дараа жил яагаад заавал Pitti Taste үзэсгэлэн рүү явах хэрэгтэй вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жил Pitti компани Pitti Taste хоолны үзэсгэлэнг 12 дах удаагаа уламжлал болгон зохион байгууллаа. Үзэсгэлэн гуравдугаар сард эхэлж долоо хоног үргэлжилсэн бөгөөд энэ үеэр "Эртний хоолны жор орчин үеийн технологитой хамтран оршин тогтнох боломжтой юу?" гэсэн ганц чухал асуулт Флоренц хотыг бүрхэж байдаг.

Pitti Taste үзэсгэлэнг жил бүр Лондон, Милан, Нью-Йорк эсвэл Парис хотод зохиогддог загварын долоо хоногтой зүйрлэж болно. Гэхдээ гол ялгаа нь Флоренцид хэн ч тайзан дээр алхаж, зурагчид туранхай хүмүүсийн зургийг авах гэж хөөцөлдөхгүй. Энд хамгийн чухал байр суурийг деликатес ба түүнийг зохион бүтээгчид эзэлдэг. Сонирхуулахад Pitti Imagine төсөл нь мөн загварын олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг. Тэд 1951 оны хоёрдугаар сарын 12-нд анхны үзэсгэлэнгээ зохион байгуулсан бөгөөд энэ өдөр Италийн загварын долоо хоног мэндэлсэн өдөр хэмээн тооцдог. Мөн Pitti Taste-ээс гадна, Pitti Uomo (эрэгтэй загвар), Pitti Bimbo (хүүхдийн хувцас) ба бусад үзэсгэлэн зохиодог.

Pitti Taste: Мөнхийн жор ба орчин үеийн тренд (фото 1)

Жил бүрийн хавар Флоренц хотод ховор, нандин деликатес хоолны үйлдвэрлэлийг сонирхохоор Европын худалдаачид, рестораны эзэд, сэтгүүлчид болон зөвхөн хоолоор дагнасан аялагчид цуглардаг. Эдгээр хүмүүс дээр тосканийн уламжлалт жороор "өвчилсөн" нутгийн иргэдийг нэмэхэд энэхүү үзэсгэлэнгийн бүрэн дүр зураг гарч ирнэ. Энд гярхай нүд, соргог чих хэрэгтэй. Тухайн жилд Италийн хоолны салбарт нэмэгдсэн, хамгийн шилдэг, шинэ, сонирхолтой бүх л зүйлс Pitti Taste үзэсгэлэнд заавал танилцуулагддаг.

Үзэсгэлэнгийн лангууны цаанаас сайхан залуучууд ба бүсгүйчүүд өөрсдийн бүтээсэн ховор нандин бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж, амсаж үзэхийг санал болгоно. Энд урлагийн хүний төрхтэй сицили эр өөрийн консервантгүй салямины тухай ярьж өгөх зуураа хурц иртэй хутгаар хиамаа зүсч хүмүүст тарааж өгөхөө ч мартахгүй. Хэрэв түүний салями консерванттай эсэхийг лавлавал "Та нар яаж миний тухай ингэж бодож чадав аа? Миний хиамыг идэх зориулалттай болохоос хайрцагт хийж хадгалдаггүй юм" гэж хариулна.

Дараагийн миний уулзсан хүн дуу цөөтэй ч далайн хадран загасны түрс (боттарга) өгч таныг хэрхэн зажлахыг чимээгүй ажиглана. Түүний боттарга бол энэ үзэсгэлэн дээрх хамгийн шилдэг нь гэдгийг тайлбарлах ч шаардлагагүй юм. Гэхдээ энэ эрхэмд бүр ч ховор бараа бий. Тэр нь боттаргатай пекорино бяслаг. Энэ бяслагны талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, хөндлөнгийн хүний бодлыг сонсох хэрэгтэй. Тэгэхдээ надад энэ бяслаг хэт тослог санагддаг. Би трюфельтэй (малтуу мөөг) бяслагийг илүүд үзнэ. Харин боттаргаг дангаар нь идсэн нь зүгээр. Энэхүү өвөрмөц бяслагийг зохион бүтээсэн эрхмийн эргэн тойронд овоорсон хүмүүс хоёр хэсэгт хуваагджээ. Тэдний тал нь түүний бүтээлийг дэмжиж байсан бол нөгөө хэсэг нь эрс эсэргүүцэж байлаа. Гэхдээ түүний сэтгэл гонсойсонгүй. Синьорын сэтгэл хангалуун царайнаас харахад тэр өөрт нь хэрэгтэй рестораны эзэд, дэлгүүрийн төлөөлөгчдийг олсон бололтой.

Pitti Taste: Мөнхийн жор ба орчин үеийн тренд (фото 2)

Бас нэгэн бяслагны мэргэжилтэн миний нүдэн дээр 20 минутын турш хөх өнгийн хөгцний талаар ярьсан юм. Түүний цөцгийтэй, гашуун, чихэрлэг, хөгцтэй бяслагууд үнэхээр гайхалтай. Гэвч өөрт таалагдсан бяслагаа зүгээр нэг шууд шүүрч аваад явчихаж болохгүй. Учир нь үзэсгэлэнгээс гарахдаа тусгай дэлгүүрт бараагаа бичүүлж, төлбөрөө хийдэг. Уг дэлгүүрт үйлдвэрлэгчид үнийг тогтоож, тавиурууд дээр трюфельтэй хиам, хадран загасны түрс, салями, песто сүмс төрөл төрлөөрөө өрөөстэй байна. Дээрээс нь нэмээд кофе, шоколад, оливын тос, будаа, паста, жигнэмэг болон бусад санаанд багтамгүй олон зүйлс ч бий.

Pitti Taste зөвхөн үзэсгэлэнгийн орон зайгаар хязгаарлагдахгүй. Энд амталгаа, коктейль үдэшлэг, богино хэмжээний лекц ба зүгээр л өдрийн хоол, оройн зоогууд хотыг бүрхдэг. Энэ хаврын хамгийн их хэлэлцсэн сэдэв бол "Хипстер кофе" , Итали ба Зүүн Өмнөд Азийн хоолны хослол, "Тоскани сүши" мөн мэдээж лактоз, цавуулаггүй, эрүүл, органик хоол байсан юм. Гэхдээ би Флоренцийн эртний уламжлал, асар том хөвсгөр цагаан талх одооны "цавуулаггүй" трендийг ялан дийлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

цааш үзэх