Хайх

Шинэ хоолны тренд: “Буддагийн аяга”

Шинэ хоолны тренд: “Буддагийн аяга”

Эрүүл ба тэжээллэг хоол

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Та "Buddha Bowl" буюу "Буддагийн аяга" гэх шинэ хоолны трендийн тухай сонссон уу? Хэрэв та сонссон бол энэхүү хоол нь эрүүл, амттай бас Instagram-д зургийг нь хийж болохуйц "хөөрхөн" гэдгийг мэдэж байгаа байх. Ингээд хүний биед хэрэгцээтэй бүхий л шим тэжээлийг өөртөө агуулсан "Буддагийн аяга" амттай зоогийг хэрхэн бэлтгэх талаар бид зөвлөж байна.

"Буддагийн аяга" гэж юу вэ?

"Буддагийн аяга" нь тодорхой нэг зоог гэхээсээ илүү хоолны ерөнхий концепци юм. Энгийнээр тайлбарлавал энэхүү хоолны соёл нь ухамсартайгаар хооллох ухааныг заадаг. "Буддагийн аяга"-ыг Японы "Орьоки" хоолны соёлоос гаралтай гэж үздэг бөгөөд Буддагийн гэдэстэй төстэй харагддаг учраас ийнхүү нэрлэсэн байна. Энэхүү зоог нь уураг, тос, нүүрс ус гээд бүх төрлийн шим тэжээлийг нэг аяга хоолонд агуулдгаараа онцлог юм. Ерөнхийдөө "Буддагийн аяга" хоолны гол утга учир нь нийгэмд тэнцвэртэй хооллолт дэлгэрүүлэхэд оршино.

Шинэ хоолны тренд: “Буддагийн аяга” (фото 1)

Ямар бүтээгдэхүүн орох вэ?

Та энэхүү хоолыг бэлтгэхдээ нэг аяганд 15% уураг, 25% үр тариа, 35% ногоо, 10% сүмс, үлдсэн 15% хувьд нь үр, самар тооцоолон хийх хэрэгтэй.

Мах: Өөхгүй үхрийн мах, тахианы цээж мах, яргай загас, дүпү (цагаан хоолтнуудад) зэрэг уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн оруулаарай.

Ногоо: Улаан лооль, өргөст хэмх, амтат төмс, хулуу, байцаа , бууцай, авокадо, аспарагус болон улирлын чанартай бүх төрлийн ногоог ашиглаж болно.

Үр тариа: Бор будаа, киноа, гурвалжин будаа болон бусад тэжээллэг үр тариаг нэмээрэй.

Үр, самар: Чиа үр, кунжут гэх зэрэг тосны агууламж өндөртэй төрөл бүрийн үр, самар нэмж болно.

Сүмс: Энэхүү зоогийг амтлахдаа өөрийн хүссэн сүмсээ бэлтгэх боломжтой. Жишээ нь оливын тос, нимбэгний шүүсээр амталж эсвэл газрын самрын тос, буурцагны сүмс хольж болох юм.

Шинэ хоолны тренд: “Буддагийн аяга” (фото 2)

Хэрхэн бэлтгэх вэ?

"Буддагийн аяга" зоогийг бэлтгэхдээ эхлээд мах, будааг шарж эсвэл жигнэж болгоно. Ногоог түүхийгээр нь эсвэл зарим тохиолдолд (амтат төмс) зууханд болгох шаардлагатай. Ингээд бэлэн болсон хүнсний бүтээгдэхүүнүүдийг төрөл, төрлөөр нь ангилж таваглаад, дээрээс нь бэлтгэсэн сүмсээ хийнэ. Эцэст нь өөрийн хүссэн үр эсвэл самрыг нэмэхэд л эрүүл мэндэд тустай, амттай хоол бэлэн болох нь тэр. Та "Delish" сэтгүүлийн видеоноос хэрхэн "Buddha Bowl" хийхийг хараарай.

цааш үзэх