Хайх

Цэсээ шинэчилье: Цэцэгт байцааны будаа

Цэсээ шинэчилье: Цэцэгт байцааны будаа

Цагаан будааг нүүрс ус, илчлэг багатай цэцэгт байцаагаар орлоё

Text: Бюро 24/7

Палео, кето зэрэг төрөл бүрийн дэглэм дэлгэрч, хүн бүр эрүүл хооллохыг хүсэж байгаа энэ үед бид шарсан төмсийг амтат төмсөөр сольж, пастаг ногоон хулуугаар орлуулж янз бүрийн бүтээлч аргуудыг туршиж үзсэн билээ. Бидний өдөр тутмын хоолны цэсэнд цагаан будаа бат бөх суурьшиж, тогтвортой байр суурийг нэгэнт эзлээд уджээ. Цагаан будааг агшааж бүх төрлийн хоолны хачир болгоод зогсохгүй зутан, ризотто гэх зэрэг бие даасан хоол бэлтгэж идэх боломжтой байдгаараа онцлогтой. Гэхдээ энэхүү тэжээллэг (100г агшаасан будаа нь ойролцоогоор 150 ккал илчлэгтэй) хүнсний бүтээгдэхүүн нь жин хасахыг хүсэж буй, үүний тулд илчлэг ба нүүрс ус багатай хоол идэх шаардлагатай хүмүүст төдийлөн тохиромжтой биш юм. Тиймээс та өөрийн амьдралаа цагаан будаагүй төсөөлдөггүй бол үүнийг шийдвэрлэх нэгэн "амттай" аргыг туршаад үзээрэй.

Та өөрийн дуртай цагаан будаагаа цэцэгт байцаагаар сольсноор олон зуун калори хэмнээд зогсохгүй маш олон шим тэжээлийг олж авах болно. Америкийн Healthline эрүүл мэндийн вебсайтын мэдэгдсэнээр 128г түүхий цэцэгт байцаанд ердөө л 25 ккал агуулагддаг бөгөөд дотроо C, K, B6 амин дэмүүд, эслэг, фолийн хүчил, антиоксидант зэрэг бие организмд хэрэгцээтэй олон шим тэжээл, бодисууд агуулдаг байна. Үүнээс гадна цэцэгт байцааг бэлтгэхэд 10-аас ч бага минут зарцуулна. Мөн энэхүү хүнсний ногоо нь цагаан будаанаас дутахааргүй сайхан амттай.

Хэрхэн хийх вэ?

Цэцэгт байцааны будаа бэлтгэхэд танд томоохон хэмжээтэй цэцэгт байцаа, оливын тос, чимх давс шаардагдана. Юуны түрүүнд цэцэгт байцаагаа хэдэн хэсэг хэрчиж, гал тогооны комбайнд хийж бутална. Хэрэв гал тогооны комбайн байхгүй бол ногоо үрэгч ашиглаж болно. Үүний үр дүнд цэцэгт байцааны үйрмэг нь будааны ширхгийг санагдуулж байх ёстой. Харин одоо хайруулын тавагтаа оливын тос (ургамлын тос байсан ч болно) хийж зөөлөн гал дээр халаагаарай. Бутарсан цэцэгт байцааны будаагаа халсан тосон дээр хийж, 5-8 минутын турш зөөлөн болтол нь тогтмол хутгаж шарах хэрэгтэй. Хэрэв та хүсвэл сонгино, сармис нэмж амталж болно. Бэлэн болсон цэцэгт байцааны будаагаа хуурга, шөл, салат гээд хүссэн хоолондоо хачир болгон идээрэй. Амархан байгаа биз?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх