Хайх

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Элсэн чихрийг юугаар орлох, гэрийн нөхцөлд хэрхэн амттан хийх талаар

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө

Text: Бюро 24/7

Элсэн чихэр, гурил болон бусад биеийн галбирт муугаар нөлөөлөх бүтээгдэхүүнүүд

Амттанд ордог хамгийн аюултай хоёр янзын бүтээгдэхүүн бий. Энэ бол элсэн чихэр болон нарийн боовонд ашигладаг тос юм. "Бараг бүх амттан (бялуу болон нарийн боов) бидний бие организмд хэвийн бус нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл эдгээр амттангууд нь хоорондоо тохирдоггүй маш олон төрлийн орц найрлагатай байдаг. Гэхдээ тэр дундаас хамгийн аюултай нь боловсруулсан элсэн чихэр аж. Учир нь энэхүү бүтээгдэхүүнийг хүний бие организм "таньж" чаддаггүй бөгөөд ходоод үүнийг задлахын тулд маш их хэмжээний шүүс, фермент ялгаруулж эхэлдэг байна. Мөн ийм их хэмжээний элсэн чихрийг боловсруулахын тулд нойр булчирхай асар их инсулин ялгаруулдаг" гэж эрүүл хооллолтын "Вкус и цвет" төслийн үүсгэн байгуулагч ярьж байна.

"Бид амттан идсэнээр бус харин зарцуулснаасаа илүү их илчлэг авснаас болж жин нэмдэг. Хэрэв өдөр тутмын хооллолтонд амттанг зөв хуваарилаж чадвал биеийн галбирт муу нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ чихэрлэг зүйлс нь хоолны дуршил нэмэгдүүлдэг гэдгийг санах хэрэгтэй" гэж эрүүл хоол хүргэлтийн GrinDin компанийн мэргэжилтэн зөвлөжээ.

Хүнсний дэлгүүрт худалдаалагддаг, үйлдвэрийн аргаар боловсруулагдсан амттангуудын орц, найрлагыг харахад заримыг нь унших ч боломжгүй маш олон бодис орсон байдаг. "Үйлдвэрлэгчид тухайн бүтээгдэхүүнд нэмэлт бодис, консервант нэмснээр дуусах хугацааг нь уртасгаж, өртгийг нь багасгаж, харагдах байдлыг нь сайжруулж үйлчлүүлэгчдийг татдаг. Мөн нарийн боов хийхэд ашигладаг тос нь маш их хэмжээний ханаагүй тос агуулдаг тул зүрх судасны өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Харин элсэн чихэр нь өөхөн давхарга үүсэхэд гол нөлөө үзүүлдэг. Ингээд ч зогсохгүй чихэрлэг орчин нь янз бүрийн бактер үржих нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг. Тиймээс бие организм бактертай тэмцэхэд хамаг хүч чадлаа ашиглаж, харин энэ нь дархлаа сулрах шалтгаан болдог байна" гэж "Город-Сад" эрүүл хоолны сүлжээ дэлгүүрийн мэргэжилтэн ярилаа.

Эрүүл амттан хийх аргууд

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө (фото 1)

Хамгийн энгийн бөгөөд эрүүл мэндэд тустай амттан бол мэдээж төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хатаасан жимснүүд юм. Гэхдээ энэ тохиолдолд зарим нэг зүйлсийг анхаарахад илүүдэхгүй. Жишээ нь хатаасан жимс нь маш өндөр илчлэгтэй байдаг. "Би өдөрт 1-2 ширхэг хатаасан чангаанз, хар чавга идэхийг зөвлөж байна. Шинэхэн жимс нь арай бага илчлэгтэйгээс гадна, ислэг ихээр агуулдаг. Ислэгийн ширхгүүд нь ходоодонд орсны дараа хөөж, хэмжээ нь томорсноор илүү удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ. Мөн сахар нь цусанд маш удаан шимэгдэж ордог давуу талтай. Гэхдээ жимс бол нүүрс ус гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өдрийн эхний хагаст жимс идэх нь хамгийн тохиромжтой байдаг. Гэрийн нөхцөлд хийж идэж болох амттангуудаас хоол боловсруулалтанд сайн нөлөө үзүүлдэг наргил модны самартай йогуртанд би хамгийн дуртай. Хүмүүст амт нь бага зэрэг исгэлэн санагдаж магадгүй тул дээрээс нь зуун настын шүүс (агаве), шинэхэн ваниль, шанц эсвэл жимсгэнэ нэмж болно" гэж "Город-Сад" эрүүл хоолны сүлжээ дэлгүүрийн мэргэжилтэн зөвлөжээ.

"Хатаасан жимс худалдаж авахдаа нэвт харагддаг савлагаатайг нь сонгоорой. Учир нь зарим нэг үйлдвэрлэгчид хатаасан жимсийг илүү гялалзсан, өнгөлөг, амттай харагдуулахын тулд хүхрийн диоксид (E220 гэх консервант) ашигладаг. Мөн энэхүү бодис нь шавьж болон хөгцнөөс сэргийлдэг байна. Хүхрийн диоксид нь усанд амархан уусдаг бөгөөд ходоодонд ормогцоо хүхрийн хүчил үүсгэн хоол боловсруулах системийн салст бүрхэвчийг гэмтээдэг аж. Ийм ч учраас чанартай хатаасан жимс гаднаасаа төдийлөн амттай харагддаггүй. Хатаасан жимс идэхээсээ өмнө үүнийгээ 10-15 минут дэвтээж, дараа нь сайтар угааж, цэвэрлэх хэрэгтэй" гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө (фото 2)

"Байгалийн цэвэр йогурт эсвэл тарган дээр гүзээлзгэнэ болон бусад жимсгэнэ нэмж коктейль бэлдэж болно. Хэрэв та завтай байвал сүүн бүтээгдэхүүн ашиглахгүйгээр жимсний мөхөөлдөс ч хийж болох юм. Жирийн нэг алим эсвэл лийрэн дээр нэг халбага зөгийн бал, шанц нэмэхэд л гайхалтай амттан болон хувирдаг шүү" гэж "Королевский рацион" компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн хуваалцсан юм.

"Ямар ч төрлийн бүрэн боловсорсон жимсийг холигчинд хийж бутлаад дараа нь тусгай жимс, ногоо хатаадаг төхөөрөмжинд хийж чийггүй болгоход илүүдэл жин үүсгэхэд хүргэдэггүй, эрүүл амттан бэлэн болно. Харин жимсгэнийг мөн л холигчинд хийж, дараа нь халааж, эрүүл бөгөөд амттай жимсний чанамал амтлах боломжтой" хэмээн эрүүл хооллолтын "Вкус и цвет" төслийн үүсгэн байгуулагч зөвлөсөн байна.

Хэрэв өөрийн гараар амттан хийх боломжгүй бол худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ шошгыг сайтар уншаарай. "Бүтээгдэхүүний нийт илчлэг, өөх тос, элсэн чихэр, ханаагүй тос гээд бүхий л зүйлсийг нь харах хэрэгтэй. Эдгээр мэдээллийг шошгон дээр зааж өгөхийг хуулинд заасан байдаг. Цэлцгэнүүр, пектин дээр суурилсан бүтээгдэхүүнүүд өөрөөр хэлбэл жимс, жимсгэний мусс хамгийн хөнгөн амттан болно. Зефир, пастил зэрэг амттангууд нь илчлэг ба өөх тос багатай байдаг ч, бараг гуравны нэг нь элсэн чихрээс бүрддэг" гэж GrinDin компанийн мэргэжилтэн дурдсан байна.

Ямар нэг амттаныг худалдан авахаасаа өмнө шошгыг нь сайтар судлаарай. Хэрэв танд орц найрлага нь таалагдахгүй бол тус бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэггүй юм.

Элсэн чихрийг юугаар орлох вэ?

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө (фото 3)

Өнөө үед элсэн чихрийг орлох асар олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий болжээ. Жишээ нь наргил модны самрын сахар, нишингийн элсэн чихэр, боловсруулаагүй, бор элсэн чихэр гэх мэт төрөл бүрийн сонголтууд бий. "Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүний бие организм задалж чаддаг байна. Мөн усан үзмийн ба зуун настын сироп хэрэглэж болно. Гэхдээ шинэхэн жимс, жимсгэнэ л сахарын эх үүсвэрээ авах хамгийн зөв сонголт болдог" гэж "Вкус и цвет" төслийн үүсгэн байгуулагч ярьжээ.

Түүнчлэн шанц, задь, ваниль зэрэг байгалийн гаралтай амтлагчуудыг нэмснээр элсэн чихэр бага хэрэглэх боломжтой гэдгийг тэрээр бидэнд хэлсэн юм.

Амттан ба спорт

Жин нэмэхэд хүргэдэггүй амттангууд: Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө (фото 4)

Хэрэв жин хасахыг хүсч байвал спорт ба амттаныг хослуулах хэрэггүй. "Биеийн хүчний дасгал хийсний өмнө эсвэл дараа нүүрс ус хэрэглэх нь зөвхөн авсан илчлэгээ л шатаахад хүргэдэг. Энэ нь таны өөхөн давхарга "шатахгүй" байна гэсэн үг юм. Тиймээс хэрэв та оройн цагаар спортоор хичээллэдэг бол өглөөний цай ба өдрийн хоолны дундуур амттан идэхэд хамгийн тохиромжтой байх болно.

Хэрэв та ямар нэг хоол хүнсийг хэт их хэмжээгээр хэрэглэвэл мэдээж жин нэмнэ. Өдрийн турш авч буй илчлэгээ хянах нь хамгийн чухал. Хэрэв хоол хүнснээс авч байгаа илчлэг тань зарцуулж буй энергиэс тань их байвал жин нэмэгдэнэ. Харин эсрэгээрээ зарцуулж байгаа энерги нь авч буй илчлэгээсээ их байвал жин хасагдана" гэж мэргэжилтнүүд хуваалцлаа.

 

 

 

  • Зураг:
Цааш үзэх