Хайх

Жижи Беллагаас ярилцлага авлаа: Модель бүсгүйн сонирхолтой хариултууд

Жижи Беллагаас ярилцлага авлаа: Модель бүсгүйн сонирхолтой хариултууд

Harper's Bazaar сэтгүүлд зориулан олон нийтийн сүлжээ, гэр бүлийн хүмүүжил гэх мэт өөрийгөө бусдад нээн, таниулсан олон сонирхолтой сэдвийн талаар ярьжээ

Text: Buro.Mongolia


Өдгөө 21 настай загвар өмсөгч, Dior брэндийн нүүр царай Белла Хадид Harper's Bazaar сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимлээ.

Зураг авалтыг гэрэл зурагчин Сольви Сансбо хариуцан ажилласан бөгөөд зургууд бүхэлдээ маш тайван уур амьсгалтай болжээ. Түүнчлэн дугаарын хамгийн онцлох зүйл нь ярилцлагын хэсэг байлаа. Учир нь Белла Хадидаас ярилцлага авсан хүн нь түүний төрсөн эгч Жижи байжээ. Уг ярилцлагад Белла олон нийтийн сүлжээ, царайны хувирал, гэр бүлийн хүмүүжил гэх мэт өөрийгөө бусдад нээн, таниулсан олон сонирхолтой асуултуудад хариулсан байна. Бид ярилцлагын онцлох хэсгүүдийг иш татан бэлтгэлээ.

"Заримдаа олны танил Белла биш, жинхэнэ өөрөөрөө байхыг хүсдэг"

"Амар амгалан байдлаа хадгалахын тулд орондоо орохын өмнө бясалгахад зориулсан тайван намуун хөгжим сонсож, харин өглөө сэрээд эхний 30 минутад утсаа өөрөөсөө хол байлган оюун бодлоо тэр өдөрт зориулан бясалгадаг. Заримдаа би ердөө 30 минут л олны танил 'Белла' бус харин жинхэнэ өөрөөрөө байхыг хүсдэг шүү".

"Үдэшлэгт явах нь ажлын нэг хэсэг"

"Урьд өмнө нь олон үдэшлэгт явах нь надад таалагддаг байсан ч одоо бол амралтын өдрийг хайртай хүмүүсийн хамтаар өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Карьер минь өсөхийн хирээр үдэшлэгт явна гэдэг ажлын нэгээхэн хэсэг болж хувирсан. Яг үнэнийг хэлэхэд олны танил Жижи, Белла болохоос өмнөх үедээ очин видео тоглоом тоглож, хамтдаа хөгжилдөхийг хүсч байна".

"Хэнийг ч ялгаварлан харьцах ёсгүй"

Жижи Хадид түүний мэдэх хүмүүс дундаас хамгийн эелдэг, өрөвч, зөөлөн хүн бол Белла гэж хэлэхэд Белла үүнийг гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой болохыг онцолжээ. "Ээж маань бидэнд ерөнхийлөгч ч бай, эсвэл туслах ч бай хамаагүй, хэнийг ч ялгаварлалгүй харьцах ёстой гэх хүмүүжлийг олгосон. Хүн бүрийн цаг үнэ цэнэтэй. Өвлийн хүйтэнд зочид буудлын гадна биднийг хүлээн зогсох шүтэн бишрэгчид маань гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж болох байсан ч биднийг харахын тулд хүлээн зогсдог. Тийм ч учраас би тэдэнд үргэлж цаг гаргахыг хичээдэг".

Жижи Беллагаас ярилцлага авлаа: Модель бүсгүйн сонирхолтой хариултууд (фото 1)

"Би нялх байхаасаа л үргэлж инээмсэглэж ирсэн"

"Надад инээмсэглэлгүй өнгөрөөсөн нэг ч өдөр байдаггүй. Хүмүүс намайг ганц л царайны хувиралтай гэдэг ч, зурагчдаас шалтгаалж 'уйтгарласан', 'амирлангуй' төрх гаргах хэрэгтэй байдгийг тэд ойлгодоггүй. Би бодит амьдрал дээрээ тийм хүн гэсэн үг биш шүү дээ".

"Хэнд ч, юу ч тохиолдож болно"

"Хэсэг хугацаанд би өөртэйгөө ч мөн олон нийтийн сүлжээн дэх хүмүүстэй ч зөрчилдөж, энэ нь намайг улам хэцүү байдалд оруулж байсан. Хүмүүс намайг муухай зантай хэмээн, эсвэл өөр ямар нэгэн байдлаар муугаар хэлэхдээ надад магадгүй тухайн үед хэцүү зүйл тохиосныг, эсвэл би тэр өдөр сэтгэлээр унан уйлсан байсныг бодолцож үздэггүй. Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ."

 

цааш үзэх