Хайх

Өдөрт 3 зөв шийдвэр: Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безосын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өдөрт 3 зөв шийдвэр: Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безосын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Амжилттай удирдагчийн үр дүнтэй ажиллах арга барил

Text: Buro.Mongolia


Зураг:

Amazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос Вашингтон дахь Эдийн засгийн клубийн хурал дээр түүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай хуваалцжээ. Сонирхолтой нь хэт их ачаалалтай ажиллах соёл тогтсон өнөө үед дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн нэг өдөр харьцангуй тайван өнгөрдөг байна.

Түүний хувьд өдөрт найман цаг унтаж амрах нь, мөн өглөөдөө юу ч хийхгүй "хийцгүйрэх" нь маш чухал байдаг гэнэ.

Жефф Безос өдрийн эхний уулзалтаа 10:00 цаг орчимд товлодог ба үүнээс өмнө аяга кофегоо таашааж, хүүхдүүдтэйгээ өглөөний цайгаа ууж, сонин уншдаг байна. Мөн Безос бүх чухал ажлуудаа өдрийн хоолноос өмнө шийдвэрлэхийг хичээдэг гэдгээ онцолсон юм.

Онолын дагуу өдөрт бага нойр авч, эхний уулзалтаа 08:00 цагт товлох нь Безосыг илүү үр дүнтэй болгох байсан биз ээ. Гэхдээ түүний хэлснээр энэ нь зөвхөн тухайн өдөрт гаргах шийдвэрийн тоог л нэмдэг гэхээс чанарыг нь тодорхойлдоггүй гэнэ. 

"Өндөр, удирдах албан тушаалд байгаа хүмүүст цөөн тооны хэдий ч чанартай, зөв шийдвэр гаргаж байгааг нь үнэлж мөнгө төлдөг. Тиймээс өдөрт ердөө гурван зөв шийдвэр гаргаж чадах нь л надад хангалттай. Уоррен Баффет жилд гурван зөв шийдвэр гаргавал өөртөө сэтгэл хангалуун байдаг гэж хэлж байсан" хэмээн дэлхийн хамгийн баян эрхэм хуваалцжээ.

Безосын энэхүү зарчмыг шинжлэх ухаан ч дэмждэг. Тодруулбал хүн өдөрт ямар хоол идэх, юу өмсөх, ямар ном унших, хэрхэн ярих гэх зэрэг маш олон тооны жижиг шийдвэрүүдийг гаргаж байдаг. Тиймээс өдрийн төгсгөлд хүний тархи маш их ядарсан байдаг тул буруу шийдвэр гаргаж, алдах өндөр магадлалтай байдаг гэнэ. Энэхүү төлөвийг шинжлэх ухаан "decision fatigue" буюу шийдвэр гаргахаас ядрах үзэгдэл хэмээн нэрлэдэг байна.

цааш үзэх