Хайх

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ?

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ?

Вашингтон хотод болсон

Text: Buro.Mongolia


Зураг:

Дональд Трампын бодлогын эсрэг зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн жагсаал бодит үр дүнд хүргэх зүйл үү, эсвэл түр зуурын дайчилгаа мэт жирийн нэгэн цугларалт болсон уу?

Өнгөрсөн амралтын өдрүүдээр 500 мянга гаруй эсэргүүцэгчид Вашингтон хотын гудамжинд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэж жагслаа. Харин дэлхийн бусад орнуудад болсон энэ жагсаалд нийт 2,5 сая хүн оролцсон байна. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч Трамп өөрөө "Эмэгтэйчүүдийн жагсаал"-д харьцангуй тайвнаар хандаж, өөрийн Twitter хуудсандаа "Эсэргүүцэх эрх нь ардчиллын салшгүй нэгэн хэсэг. Иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэдгийг би хүлээн зөвшөөрнө" гэжээ.

Харин жагсаалд оролцогчид энэ тал дээр маш их ач холбогдол өгсөн харагдлаа. Жагсаалын үеэр дуучин Мадоннагийн хэлсэн үг хамгийн ихээр шуугиан тарьсан юм. Тэрээр "Саяхнаас эхлээд Цагаан ордныг дэлбэлэх бодолтой болсон" гэнэ. Түүний энэ үг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их шуугиан дэгдээж, АНУ-ын нууц албаныхан үүнийг шалгахад хүргэжээ. Тэгэхдээ Мадонна "Ийм алхам юуг ч өөрчлөхгүй гэдгийг би мэдэж байна. Бид цөхөрч болохгүй. Бидэнд хайрын хувьсгал хэрэгтэй!" гэж нэмж хэлсэн юм.

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ? (фото 1)

Жагсагчид бас нэгэн "тэсрэлт" хийсэн илтгэлийг жүжигчин Скарлетт Йоханссоноос сонсчээ. Тэрээр Иванка Трампын хүүхэд насандаа эдэлж байсан давуу эрхүүдийг түүний охин хүртэж чадахгүй байх вий хэмээн эмээж буйгаа илэрхийлсэн юм. Мөн жүжигчин Эшли Жадд Трампын шуугиан тарьсан бичлэгүүдийн сэдэвтэй өөрийн зохиосон шүлгийг уншиж үзүүлсэн байна.

Энэхүү жагсаалын хамгийн сонирхолтой дүр зургийг New York Magazine сэтгүүлийн сурвалжлагч буулгаж авчээ. Булган шуба нөмөрсөн эмэгтэй хар өнгийн Chevrolet Suburban машины зорчигчийн суудлаас босч, суух бүрт түүний жолооч хаалгыг нь онгойлгож өгч байв. Эмэгтэй машинаасаа бууж жагсагчидтай маргалдахыг оролдсон боловч амжилт ололгүй эргээд машиндаа сууж харагдсан. Эцэст нь эмэгтэйн тэвчээр алдарч "Хэрэв та нарт хийх ажил байсан бол энд ингэж эмх замбараагүй байдал үүсгэхгүй байсан" гэж хашхирчээ. Хүмүүс хариуд нь "Өнөөдөр бямба гараг, мал минь!" гэх нь сонсогдлоо.

Энэ явдал Трампын тангараг өргөх ёслолоос ч илүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хэлэлцсэн сэдэв болсон байна. Улс орныхоо шинэ нөхцөл байдалд дургүйцсэн бүхэл бүтэн нийгмийн давхарга, АНУ-ын түүхэн дэх хамгийн их шуугиан тарьсан ерөнхийлөгчийн дэмжигчидтэй нүүр тулахад хүрчээ. Гэвч америкийн нийгэмд яг одоо хурцаар тулгамдаад байгаа асуудлыг анхны эх сурвалжаас бус "үймээн самуун дэгдээж буй галзуу феминистүүд"-ийн талаарх мэдээнээс уншвал бүх зүйлээс хоцорч мэднэ.

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ? (фото 2)

Америкийн улс төрийн салбарын альтернатив баруун жигүүрийнхэн буюу хэт консерватив үзэлтэй хэвлэл мэдээллийн шинэ хөдөлгөөнийхөн "Тэдэнд ямар нэг зүйл хийхийг нь хориглоод байгаа биш" гэсэн агуулгатай зүйлсийг ярьж байлаа.

Нөгөө талд ч гэсэн шүүмжлэгчид хангалттай байсан юм. Тухайлбал африк америк эсэргүүцэгчид жагсаалд оролцож байсан ихэнх цагаан арьст эмэгтэйчүүдийг үнэн хэрэгтээ Дональд Трампад саналаа өгсөн ч хууран мэхлэгдсэнээ ухаараад энэхүү жагсаалд нэгдсэн хэмээн сэжиглэж байлаа. Тэд хажуудаа алхаж буй дундаж давхаргын, дунд насны эмэгтэйчүүдийг шоолж, өөрсдийн сэтгэгдлийг шууд л Twitter хуудсандаа бичиж байв.

Гэхдээ тэдний ундуйцлыг ойлгож болох юм. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдийн хамгийн их үзсэн Youtube-ийн бичлэгээр Мадоннагийн "Цагаан ордонг дэлбэлнэ" гэсэн үгс, эсвэл жагсаалын тайзан дээр эгшиглэж байсан хиппи стилийн дуу ч биш харин Мартин Лютер Кингийн анд, пан африканизмын дэмжигч Кваме Турегийн лекц байлаа. Тэрбээр "Байгууллага ба дайчилгааны нарийн заагийг гаргаж өгөх хэрэгтэй. Дайчилгаа бол түр зуурын л үйл явц бөгөөд ямар нэг асуудал үүсэхэд үүнийг амархан зохион байгуулж болно. Хэн нэгний цалинг тавиагүй эсвэл хэн нэгнийг гомдоолоо гэж бодоход бид цугларна. Харин байгууллага бол өөрчлөлтийг авчирч чадах тогтмол зүйл юм. Тийм учраас л Мартин Лютер Кингийн Вашингтонд зохион байгуулсан африк америкчуудын эрхийг хамгаалах жагсаал түр зуурын л амжилт олсон байдаг" гэж Туре хэлжээ.

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ? (фото 3)

Өнгөрсөн бямба гарагт зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалыг өмнө нь болсон үйл явдлуудтай ийнхүү адилтгах нь ч аргагүй юм. Тэгэхээр Buzzfeed гэх мэт вебсайтууд өөрсдийнхөө сайн мэдэхгүй улс төрчийн эсрэг зурагт хуудсуудыг тарааж, хичнээн их меме зураг үүсгэсэн ч бай энэ өдөр зүгээр л нэг дайчилгаа шиг "түр зуурын" жагсаал болсон мэт уур амьсгалыг үлдээжээ.

Ер нь эмэгтэйчүүд болон цагаачдын эрхийг хамгаалсан олон нийтийн хөдөлгөөнд алдартнуудын оролцоо их байх тусмаа утга нь алдагддаг. Тиймээс америкийн дундаж давхаргын бодит байдал ба Холливүүдын элитүүдийн үзэл бодлын ялгаа энэ үед мөн тод харагдаж байлаа. 

“Эмэгтэйчүүдийн жагсаал”: Эсэргүүцлийн хөдөлгөөний талаар бид юу мэдэх ёстой вэ? (фото 4)

Өнгөрсөн бямба гарагт хүмүүс Трампыг зүгээр л галт тэрэг саатдаг шиг түр зуурын хүндрэл мэт хүлээж авч байсан нь харагдлаа. Америкийн баримтат киноны найруулагч Майкл Мур Трампыг ерөнхийлөгчийн суудалд гурван сар ч болохгүй албан тушаалаасаа бууна гэж ярьж байна.

Гэхдээ мэдээж энэхүү шинэ хөдөлгөөнийг сүүлийн хэдэн жилд болсон америкийн бусад эсэргүүцэгчидтэй шууд зүйрлэж, дүгнэлт хийх гэж яараад хэрэггүй. Ийм том цар хүрээтэй, үндэсний хэмжээний хөдөлгөөнийг бид ойрд АНУ-аас хараагүй билээ.
Эцэст нь энэхүү хөдөлгөөн нь бодит өөрчлөлтөнд хүргэх найдвар уу, эсвэл улс төрчдийн ээлжит урхи уу гэдгийг цаг хугацаа л харуулах болно.

цааш үзэх