Хайх

Эрдэмтэд: Согтууруулах ундаа гадаад хэлээр ярихад тусалдаг

Эрдэмтэд: Согтууруулах ундаа гадаад хэлээр ярихад тусалдаг

Та үүнийг анзаарч байсан уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Юуны түрүүнд согтууруулах ундаа нь хүний биед хор хөнөөлтэй болохыг хүн бүр маш сайн мэднэ. Хэдий тийм ч шинэ жилийн баяр, албан байгууллагуудын үдэшлэгүүд ар, араасаа зохион байгуулагдаж байгаа энэ үед оргилуун дарс, коктейль зэрэг төрөл бүрийн уух зүйлсийг хүмүүс тодорхой хэмжээгээр хэрэглэж байгаа харагддаг. 

Тэгвэл согтууруулах ундаанд ашиг тустай тал бас бий гэдгийг эрдэмтэд саяхан баталсан байна. Тодруулбал Нидерланд дахь Маастрихтын их сургуулийн эрдэмтэн Фриц Реннерээр ахлуулсан судалгааны баг согтууруулах ундаа нь гадаад хэлээр ярихад тусалдаг болохыг баталжээ. Тэд Нидерландын их сургуульд суралцахаар ирсэн 50 Герман оюутны дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна.

Судалгааны хүрээнд оюутнуудаас голланд хэлний шалгалт авчээ. Гэхдээ гадаад хэлний шалгалтын өмнө оюутнуудын тал хувьд нь 250 мл ус уухыг санал болгож, харин үлдсэн оюутнуудад тодорхой хэмжээний согтууруулах ундаа агуулсан 250 мл лимонтой ундааг өгсөн байна. Үүнээс 15 минутын дараа буюу согтууруулах ундаа цусанд орсны дараагаар оюутнуудад голланд хэлээр харилцан яриа үүсгэхийг санал (унаган голланд хэлтэй хүнтэй) болгожээ.

Судалгааны үр дүнд согтууруулах ундаа хэрэглэсэн оюутнууд голланд хэлээр хамгийн сайн ярьж байсан аж. Эрдэмтдийн үзэж буйгаар тодорхой хэмжээний согтууруулах ундаа нь хүний биеийг суллаж, өөрийгөө илүү чөлөөтэй мэдрэхэд нь тусалдаг байна.

Гэсэн хэдий ч судлаачид согтууруулах ундааны хэмжээ 1-2 коктейлиэс хэтрэхгүй байх ёстой хэмээн онцолсон бөгөөд хүний биед хор хөнөөлтэй болохыг нь дахин нэг удаа сануулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх