Хайх

Гарын авлага: Гэрийнхээ эд зүйлсийг хэр тогтмол цэвэрлэх шаардлагатай вэ?

Хадгалаад аваарай

Гарын авлага: Гэрийнхээ эд зүйлсийг хэр тогтмол цэвэрлэх шаардлагатай вэ?

Цэмцгэр, сайхан гэр ахуйтай байна гэдэг юуны түрүүнд эерэг энерги бүрдүүлж, сэтгэл сэргэм, гэгээлэг уур амьсгал бий болгодог. Гэхдээ нөгөөтээгүүр гэр орноо цэмцгэр байлгана гэдэг маш их (бүр маш их) цэвэрлэгээ шаарддагийг хүн бүр мэдэх биз ээ. Заримдаа бүр гэр орны цэвэрлэгээ хэзээ ч дуусашгүй их мэт санагдан шантрах ч үе бий. Тэгэхээр гэр цэвэрлэх ажлаа хөнгөвчлөхийн тулд төлөвлөгөө гаргаж, тогтсон журам бий болгохыг бид зөвлөж байна. Гэр доторх эд хогшил ба зүйлсээ хэр тогтмол цэвэрлэх шаардлагатайг тэмдэглэж авснаар та хялбар систем бий болгож чадна. Аяга тавгаас эхлээд угаалгын өрөөний эд хогшил болон таны хувийн хэрэглээний зөөврийн компьютер зэргийг хэдэн хоног, эсвэл хэдэн сарын давтамжтайгаар цэвэрлэх хэрэгтэйг доорх жагсаалт харуулна. Магадгүй та энэ бүхнийг аль хэдийнээ мэддэг байж болох ч дахин нэг эргүүлээд харахад илүүдэхгүй шүү.
Өдөр бүр

Сав суулга
Хоол идсэний дараагаар заримдаа залхууран сав суулгаа угаалгүй орхих хүсэл төрдөг ч хэзээ ч тэгж болохгүй юм. Сав суулгаа өдөр бүр цэвэрлэж занших нь ариун цэвэр сахих үндсэн суурийг тавьж өгнө.

Цэвэрлэгээний спонж
Спонжийг үнэндээ өдөр бүр гэлтгүй, бүр хэрэглэх бүрдээ цэвэрлэх шаардлагатай. Мөн цэвэрлэснийхээ дараа задгай хэсэгт байршуулан хатаах хэрэгтэй. Спонжийг түүнчлэн хоёр долоо хоног бүрд солих шаардлагатай байдгийг та мэдэх үү?

Гал тогооны тавилгын гадаргуу
Өдөрт дор хаяж нэг удаа гал тогооны тавилгын гадаргууг цэвэрлэж байх шаардлагатай. Хэрвээ та хоол хийх дуртай нэгэн бол хоол хийх бүрдээ тавиуруудыг арчин бохирдол, нян үүсэхээс сэргийлээрэй.

Гал тогооны угаалтуур
Зарим хүмүүс гал тогооныхоо угаалтуурыг цэвэрлэхээ мартчихдаг. Гэтэл үнэн хэрэгтээ угаалтуурыг өдөр бүр цэвэрлэвэл зохистой юм. Сав суулганы цэвэрлэгч шингэн болон бүлээн усны ачаар уг үйлдлийг тун хурдан хийх боломжтой. Бараг нэг минут ч шаардагдахгүй юм.

Ор хураах
Өдөр бүр ороо хурааснаар таны унтлагын даавуун дээр элдэв янзын бохирдол, тоос шороо цугларахгүй, цэмцгэр байх болно. Тэгээд ч цэмцгэр, шинэхэн даавуун дээр унтахаас сайхан зүйл гэж үгүй шүү дээ тийм ээ?

Угаалгын өрөөний эд хогшлын гадаргуу
Косметик будгийн үлдэгдэл, унасан үс болон бусад харшил хөдөлгөх магадлалтай бохирдлууд угаалгын өрөөнд маш хурдан цуглардаг. Тиймээс уг өрөөнийхөө эд хогшлын гадаргууг аль болох өдөр бүр цэвэрлэж заншаарай.
Долоо хоног бүр

Тоос арчих
Долоо хоногт дор хаяж нэг удаа тоосоо арчих нь манай Монголын нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Тоосоо арчихдаа номын тавиур, аливаа булангууд болон бусад хүрэхэд хүндрэлтэй газруудыг мартуузай.

Тоос соруулах
Таны гэрийн шал ба хивсэн дээгүүр өдөр бүр маш их хэмжээний хөдөлгөөн явагддаг. Тийм ч учраас тоос соруулах үйл ажиллагааг долоо хоног бүрийн жагсаалтдаа хамруулаарай. Энэ дашрамд дурдахад орчин үед удирдлагагүйгээр явдаг, автомат тоос сорогч нэлээд эрэлттэй байгаа тул та ч бас ажлаа хөнгөвчлөөрэй.

Хоол хүнсний агуулах ба хөргөгч
Хугацаа нь дууссан, тэр ч бүү хэл хөгзөрсөн бүтээгдэхүүн цуглуулахаас зайлсхийн хоол хүнсний агуулах болон хөргөгчөө долоо хоног бүр цэвэрлэж занших хэрэгтэй. Аливаа зүйлийг цаг тухайд нь цэвэрлэснээр та дараагаар нь цэвэрлэгээнд хэтэрхий их цаг зарцуулахгүй байх давуу талтай юм.

Даавуу солих
Орны даавуу таны бодсоноос ч хурдан бохирддог. Ариун цэвэр төдийгүй арьсны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг уг зүйлийг үргэлж цэмцгэр байлгаарай.

Хог шүүрдэх
Зарим хүмүүс хог шүүрдэхийн оронд тоосоо соруулж, тоосоо соруулалгүй хог шүүрдэж, эсвэл аль алийг нь хослуулан хийдэг. Юутай ч энэ цэвэрлэгээний үе шатыг долоо хоног бүр давтах хэрэгтэй.

Толь 
Бохир толь үргэлж гэр орны ерөнхий үзэмжийг дордуулдаг. Тэгэхээр толин дээр цугларсан хурууны хээ, тоос зэргийг долоо хоног бүр цэвэрлээрэй.

Зөөврийн компьютер
Орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон зөөврийн компьютерыг долоо хоног бүр цэвэрлэж, аливаа нян, бохирдлыг устгах шаардлагатай. Мөн компьютерын дэлгэцийг зориулалтын шингэнээр арчих учиртай байдаг юм шүү.

Гэрлийн бүрхүүл
Гэрлийн бүрхүүл дээр цугларсан тоосыг долоо хоног бүр арчсанаар таны өрөө илүү тод гэрэлтэх болно.

Угаалгын өрөөний эд хогшил
Ванн, угаалтуур, суултуур гэх зэрэг эд хогшлыг долоо хоног бүр ариутган цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ хэзээ ч сойз ашиглаж болохгүй юм. Эс тэгвээс таны эд хогшлын гадаргуу гэмтэх болно.
Сар бүр

Хөшиг
Танд мэдэгдэхгүй байж болох ч хамгийн ихээр тоос цуглуулдаг зүйл бол хөшиг юм. Даавуун эсвэл хатуу материалтай бүх хөшгийг сар бүр цэвэрлээрэй.

Матрас
Матрасыг ихэнх хүмүүс хэтэрхий удаан хугацааны дараа цэвэрлэдэг сул талтай. Тоос сорогчийнхоо бүрээсний хошууг хийснээр матрасаа сар бүр тоосноос нь ангижруулж, шаардлагатай нөхцөлд толбоны цэвэрлэгчээр жижиг бохирдлыг устгах хэрэгтэй.
3-6 сард нэг удаа

Ном
Номын тавиур дээрх номуудаа тогтмол цэвэрлэж чадахгүй аваас номын хуудаснууд өнгөө алдаж, элэгдэх болно. Номнуудынхаа тоосыг арчиж, тогтмол эргүүлж, байршлыг нь өөрчилж байхыг зөвлөж байна.

Гал тогооны утаа сорогч
Гал тогоондоо хэр их хоол хийдгээс тань шалтгаалан утаа сорогч бохирдол цуглуулах нь элбэг билээ. Цаг тухайд нь цэвэрлэхгүй бол дараа нь цэвэрлэхэд улам л хүндрэлтэй болохыг анхаараарай.

Шарах шүүгээний дотор хэсэг
Жилд дор хаяж хоёр удаа шарах шүүгээнийхээ дотор хэсгийг цэвэрлэж байхыг бүү мартаарай.

Дэр
Зургаан сард нэг удаа дэрээ угаалгын машинд угаах эсвэл хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй.

Ө.Тодгэрэл

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх