Хайх

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга

Text: Buro.Mongolia


Жилийн хамгийн романтик уур амьсгалтай цаг мөч болох Гэгээн Валентины өдөр хаяанд иржээ. Жилдээ ганц тохиодог тус баяраар хосууд нэгэндээ үнэнч хайр сэтгэлээ илэрхийлж, сэтгэл догдлом өдрийг өнгөрүүлэхийг хүсдэг бол ганц бие хүмүүсийн хувьд удаан хугацааны турш харж явсан нэгэндээ сэтгэлээ илчилж, зоригтой алхам хийхэд нь туслах чухал боломжуудын нэг билээ. Тэгвэл тус баярын өдрөөр хэрхэн болзохоо төлөвлөж амжаагүй байвал анхаарлаа хандуулаарай. Бид Гэгээн Валентины баярыг хайртай нэгэнтэйгээ мартагдашгүй өнгөрөөхөд тань туслах сонирхолтой аргуудыг хуваалцаж байна.


Хамтдаа зургаа авхуулах

“Зураг л үлддэг хорвоо” хэмээн хүмүүс ярьдаг. Тиймээс хайрттайгаа дурсамж үлдээх романтик зургуудыг авхуулаарай. Ингэхдээ гар утасны камераар бус мэргэжлийн гэрэл зургийн студид, photo booth-д, эсвэл полароид камераар тухайн цаг үеийн мэдрэмжийг агуулсан өхөөрдөм зургуудыг даруулаарай. Энэ нь илүү дурсамжтай, хөгжилтэй, мөн романтик байх болно. Түүнчлэн жил бүрийн Валентинаар зургаа даруулдаг уламжлалыг хайртай нэгэнтэйгээ бүтээх боломжтой юм.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 1)

Хотоос зайдуу гарах

Их хотын чимээ, шуугианаас түр ч гэсэн холдож хамтдаа хотоос зайдуу цэнгэг агаарт болзоогоо төлөвлөөрэй. Энэ нь танд амар амгалан, тайван мэдрэмж өгөхийн сацуу өдрийг илүү дурсамжтай өнгөрөөхөд тань туслах болно. Маргааш нь халуун шоколад ууж, хамтдаа өглөө нар мандахыг харж яг л кинон дээр гардаг шиг өдрийг өнгөрүүлэх боломжтой. Харин баярын өдрүүдээр амралтын газруудын захиалга хурдан дүүрдэг тул эртнээс төлөвлөж, захиалгаа өгөөрэй.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 2)

Улаанбаатарт болох арга хэмжээнүүдээр зочлох

Хамтдаа хайрын сэдэвтэй тоглолт үзэж, анх танилцсан нандин өдрөө дурсаж өнгөрүүлэх боломжтой үдшүүдийн нэг бол Валентины өдөр. Тиймээс тус баярын үеэр болох арга хэмжээнүүдийг бид тоймлон хүргэж байна.

"Fantasia - Film In Concert"

Хэзээ: Хоёрдугаар сарын 14,15

Хаана: The Corporate Convention Centre

Фантазиа Студи нь сэтгэлд хоногшсон, алдартай бүтээлүүдийн хөгжмийг яруу тансаг оркестр, амьд хөгжмийн хамтаар албан ёсны эрхтэйгээр бидэнд хүргэдэг билээ. Дуу хөгжим, кино урлаг таалан соёрхдог хэн бүхний мэлмий болоод сонорыг мялаах тус арга хэмжээ нь энэ удаа шилдэг романтик кинонуудын нэгт тооцогддог “In The Mood For Love”, “Her”, “La La Land”, “Shape of Water” болон бусад кинонуудын хөгжмийг толилуулах аж.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 3)

"Symphony Choijoo & A-Sound Concert"

Хэзээ: Хоёрдугаар сарын 14

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Дуучин Чойжоо болон A-Sound хамтлаг Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан гурван цагийн тоглолтыг шүтэн бишрэгчдэдээ бэлджээ. Энэ үдэш тэд сэтгэлд хоногшсон хайрын дуунуудаа шинэлэг байдлаар тоглохоос гадна дуучин Чойжоо тун удахгүй цоо шинэ дуугаа сонсогчдодоо хүргэхээр зорьж байгаа гэнэ.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 4)

"Your Valentine Concert"

Хэзээ: Хоёрдугаар сарын 17

Хаана: Буянт Ухаа Спорт Цогцолбор

Evandis Entertainment-ийн зүгээс зохион байгуулж буй уг тоглолтод бидний дунд “Boys Over Flowers” цувралаараа алдартай жүжигчин, дуучин Ким Хён Жүн, “Downtown Baby” дуугаараа олонд танигдсан реппер BLOO болон “Windstruck” киноны алдарт “BK Love” дууг дуулсан реппер MC Sniper нар урилгаар ирж оролцож байгаа юм. Түүнчлэн дуучин Чойжоо, Vandebo, Gangbay зэрэг монгол хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулна.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 5)

Нэгэндээ бэлэг сонгож өгөх

Хайртай хүндээ бэлэг өгч, түүнийхээ жаргалтай байхыг нь харах мөч юугаар ч орлуулшгүй сайхан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс хостойгоо хамт сошиал орчинд тренд болоод буй нэгэндээ хөгжилтэй байдлаар бэлэг сонгож өгдөг аргыг туршаад үзээрэй. Ингэхдээ "бидний дуртай амттан, авахыг хүсэж буй ном, дуртай уух зүйл" гэх мэт тодорхой жагсаалтыг гаргаж, тус жагсаалтын дагуу нэгэндээ ижил төрлийн бэлгийг сонгох юм. Энэ нь маш сонирхолтойн сацуу хосууд нэгнээ хэр сайн мэддэг гэдгээ шалгах хөгжилтэй арга шүү.


Нэг өдрийн романтик сургалтуудад хамрагдах

Валентины өдрийг хостойгоо шинийг сурч, бүтээлчээр өнгөрөөхийг хүсэж буй хүмүүс цөөнгүй байгаа болов уу. Тиймээс хайрттайгаа хамтдаа хамрагдаж болох сургалтуудыг танилцуулж байна.

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 6)

Керамик урлал

Керамик буюу шавар урлалын сургалтад хамрагдсанаар та гоёмсог керамик эдлэлтэй болохын сацуу тус урлалын талаар анхан шатны мэдлэгтэй болж, хостойгоо бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлж, цагийг халуун дулаанаар өнгөрүүлэх боломжтой юм.  Манай улсад эдгээр төрлийн сургалтуудыг “Ceramic Art Studio”, “Little Heaven in UB”, “Space road crew” зэрэг газрууд заадаг билээ.

Дарс шимэнгээ уран зураг зурах

Энэхүү сургалт нь танд уран зургийн мэдлэг боловсрол олгохоос гадна хостойгоо нэг үдшийг дурсамжтай өнгөрүүлэх боломжийг өгнө. Мөн уг сургалтад хамрагдахын тулд заавал сайн зурдаг байх шаардлагагүй бөгөөд тухайн сургалтууд нь мэргэжлийн багш, уран зургийн бүх хэрэгслээр таныг хангахын сацуу цай кофе, халуун дарсаар дайлах болно. Ийм төрлийн сургалтуудыг “Жуулчин Тэрэлж Ресорт”, “Space road crew”, “Milky Way art club” зэрэг газруудаас олох боломжтой.


Энгийн ч гэсэн…

Онцгой өдрөө гэртээ дулаан уур амьсгал бүрдүүлж, хамтдаа дуртай хоолоо хийж, зүрхэн хэлбэртэй амттан, шоколадыг гэртээ урлаж, хайр дурлалын сэдэвтэй кинонуудыг бүтэн өдөржингөө үзэж, халуун дотно яриа өрнүүлэх нь энгийн ч гэсэн хамгийн сэтгэл хөдлөм, романтик болзоонуудын нэг байх болно. 

Гэгээн Валентины өдрийг хайрттайгаа мартагдашгүй өнгөрөөх 6 арга (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх