Хайх

Хосуудын салалтын №1 шалтгаан: Судалгаанд оролцогчид нэрлэж байна

Хосуудын салалтын №1 шалтгаан: Судалгаанд оролцогчид нэрлэж байна

Text: Buro.Mongolia


Дан ганц АНУ-д л гэхэд 2021 онд нийт 690,000 орчим хос гэрлэлтээ цуцлуулсан үзүүлэлт гарчээ. Тухайн жилд 1,9 сая гаруй хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин Монгол улсад 2021 оны байдлаар нийт 16,118 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол үүний 17.4% нь буюу 3,391 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Цаашлаад 2022 онд гэрлэлт, салалтын харьцаа 79.4% : 20.6% болж гэрлэлтийн чанар уруудсан үзүүлэлт гарсан байна.

Тэгвэл Forbes Advisor-ын зүгээс салсан болон салалтынхаа үе шат дээр явж буй 1,000 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар гэрлэлт цуцлуулахад хүргэдэг түгээмэл шалтгаанууд ил болсон байна. Оролцогчдын 46% нь карьер сонголтын асуудлыг нэрлэснээр уг шалтгаан нь жагсаалтыг тэргүүлжээ. Удаах байранд хүүхэд хүмүүжлийн ялгаатай арга барил, гуравдугаарт гэр ахуйн хөдөлмөр эрхлэлтийн хуваарилалтын асуудал оржээ. Сонирхуулахад, гэр ахуйн хөдөлмөр эрхлэлтийн хуваарилалт сэдвээр хийсэн 2022 оны судалгаанд ахуйн ажлын дийлэнх хувь нь ноогдсон ээжүүд нөхөртэйгөө харьцуулахад бэлгийн дур хүсэл нь доогуур байдгийг баталж байжээ.

Хосуудын салалтын №1 шалтгаан: Судалгаанд оролцогчид нэрлэж байна (фото 1)

Салалтын түгээмэл шалтгаанууд:

  1. Карьер сонголт 46%
  2. Хүүхэд хүмүүжлийн ялгаатай арга барил 43%
  3. Гэр ахуйн хөдөлмөр эрхлэлтийн хуваарилалт 43%
  4. Гэр бүлийн харилцаа 39%
  5. Найз нөхдийн харилцаа 35%
  6. Санхүү 28%
  7. Эрүүл мэнд 9%

Нөгөөтээгүүр салсан хосуудын 95% хамтрагч нь өөрийн зан араншиндаа өөрчлөлт оруулснаар гэрлэлт нь аврагдах боломжтой гэдэгт итгэдэг байна. Үүнээс гадна оролцогсдын дийлэнх нь гэрлэхээсээ өмнө үүргээ ухамсарлах тухай ойлголтоо улам лавшруулах нь, мөн эхнэр эсвэл нөхрийнхөө баримталдаг үнэ цэн, ёс суртахууныг илүү сайн мэддэг байх нь харилцааг салалтаар дуусгахгүй байхад туслах талаар хэлжээ.

Оролцогчдын дурдсан гэрлэлтийг аварч болох байсан үйлдлүүд:

  1. Үүргээ ухамсарлах талаар үндэс сууриар нь ойлгох 63%
  2. Хамтрагчийнхаа баримталдаг үнэ цэн, ёс суртахууны тухай илүү сайн ойлгох 56%
  3. Гэр бүл зохиох шийдвэрээ яаралгүй гаргах 44%
  4. Сэтгэл засалч, эсвэл хосуудын харилцааны мэргэжилтнээс зөвлөгөө авах 42%
  5. Гэрлэх шийдвэрээ яаралгүй гаргах 40%
  6. Гэрлэхээсээ урьтаж хамтран амьдрах 29%
  7. Бидний гэрлэлт аврагдах боломжгүй 5%
Хосуудын салалтын №1 шалтгаан: Судалгаанд оролцогчид нэрлэж байна (фото 2)

Монгол улсад 

  • Одоогийн байдлаар шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлгээс авч үзэхэд тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд ордог байна. Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, харин гуравдугаарт холын зай гэх шалтгаанууд нэрлэгджээ. 
  • Гэр бүл судлаач доктор Б.Оюун-Эрдэнийн "Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал" суурь судалгааны тоймд бичигдсэнээр үзэл бодол, сэтгэл санааны таарамжгүй байдал, хамт амьдрах итгэл, сэтгэлгүй болох нь (75.3%) салалтад хүргэдэг үндсэн шалтгаанаар дурдагджээ. Үүний араас архидалт (22.5%), гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа (20%), боловсролын түвшин (12.9%) гэх асуудлууд орсон байна.  
  • МУИС-ийн социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор Т.Бүрэнжаргалын гэр бүл салалтад хийсэн социологийн шинжилгээнд салалтад хүргэдэг түгээмэл шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, архидалт, үзэл санааны зөрчилдөөн гэхчлэн асуудлууд тодорчээ. Мөн санхүүгийн хүнд нөхцөл, гэр бүлийн дотоод асуудал дахь хадмуудын хэт их оролцоо, дутуу хайр халамж, эрүүл мэндийн шалтгаан зэрэг нь салах шийдвэр гаргахад түлхэц болдог гол хүчин зүйлс болох нь судалгаанд тэмдэглэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх