Хайх

Меган Маркл хунтайж Харригийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн бэ?

Меган Маркл хунтайж Харригийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлсөн бэ?

Хунтайж тамхинаас гарч, спортоор хичээллэж, эрүүл хооллож эхэлсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Тун удахгүй буюу тавдугаар сарын 19-нд 2018 оны дэлхийн гол үйл явдлуудын нэг болох хунтайж Харри ба Меган Маркл нарын хуримын ёслол зохион байгуулагдана. Тэгвэл Меган Марклын хувьд Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн болсноор түүний амьдралд хэд, хэдэн өөрчлөлт гарсан байгаа. Жишээ нь жүжигчин бүсгүй олон нийтийн сүлжээн дэхь бүх хуудсаа устгаж, өөрийн хөтөлдөг байсан амьдралын хэв маягийн блогоо хааж, Канадаас Англи улс руу нүүж, Suits цувралыг бүр мөсөн орхисон юм. Харин хунтайж Харри сүйт бүсгүйнхээ төлөө юуг "золиослох" шаардлагатай болсныг Австралийн Vogue сэтгүүл тайлбарлаж байна.

Эхний ээлжинд хунтайж Харри тамхи татдаг муу зуршлаа орхижээ. Учир нь Меган Маркл тамхи татдаггүй бөгөөд хунтайжийн энэхүү муу зуршлыг огт дэмждэггүй гэнэ. Хэдийгээр тамхи татах нь Кенсингтоны ордны дэргэд байрлах тэдний амьдардаг байшинд албан ёсоор хориотой ч өмнө нь Харри энэхүү дүрэм журмыг үргэлж зөрчиж иржээ. Үүнийг батлахын тулд ердөө л "Prince Harry + smoking" гэх үгсийг хайлтын системд бичихэд л хангалттай. Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгджээ.

"Харри ямар ч тохиолдолд тамхи татахгүй гэж амласан. Учир нь Меган тамхи татдаггүй ба түүнд Харригийн энэ зуршил нь тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс одооноос эхэлж хунтайж Харри цонхныхоо дэргэд тамхи татахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харри Меганы төлөө тамхинаас гарсан" гэж Daily Mail сонин бичжээ.

Ингээд ч зогсохгүй хунтайж Харри сарын гишүүнчлэл нь 1,000 ам.долларын үнэтэй gym-д бүртгүүлж, өдөрт авдаг нүүрс усны хэмжээгээ багасгаж үүний оронд киноа, буржгар байцаатай салат иддэг болсон байна. Үр дүнд нь тэрээр шууд л гурван кг жин хасчээ. Түүнчлэн хунтайж йогоор хичээллэж, Беатрис ба Евгения гүнж нарын хоол тэжээлийн мэргэжилтэн Габриела Пикокт хандсан байна.

Сонирхуулахад хунтайж Харри Меган Марклтай гэрлэлтийн гэрээ хийхээс татгалзсан юм. Учир нь тэрээр тэдний гэрлэлт аз жаргалаар дүүрэн байж, удаан үргэлжилнэ гэдэгт итгэдэг гэдгээ мэдэгдсэн юм. Ингэснээр хунтайж Харри өөрийн ах ба түүний хуримын гэрч хунтайж Уильямын жишгийг дагаж байгаа аж. Тодруулбал хунтайж Уильям ба Кейт Миддлтон нар долоон жилийн өмнө гэр бүл болохдоо мөн л гэрлэлтийн гэрээ байгуулж байгаагүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх