Хайх

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд

Улаан хивсэн дээрх гэрлэх санал, 183 см сахиусан тэнгэрийн далавч, Мадоннагийн тоглолт ба бусад

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд

Text: Бюро 24/7

Энэ хаврын загвар ба урлагийн хамгийн том үйл явдлуудын нэг болох Met Gala 2018 үдэшлэг Нью-Йорк хотын Метрополитен музейд өнөөдөр сүр дуулиантайгаар зохион байгуулагдаж өнгөрлөө. "Тэнгэрлэг биес: Загвар ба Католик шашны төсөөлөл" сэдвийн дор зохион байгуулагдсан энэ жилийн Met Gala үдэшлэг одуудын дуу алдам загварлаг төрхүүд, гэрлэх санал, санаанд багтамгүй хосуудын агшин гэх зэрэг онцлох мөчүүдээр дүүрэн байлаа. Яг л католик шашны сүмд хүрэлцэн ирсэн мэт мэдрэмж төрүүлэх уг арга хэмжээг энэ жил Донателла Версаче, Рианна, Амаль Клуни, Анна Винтур, Стивен ба Кристин Шварцман нар хөтлөн явуулсан байна. Харин одоо үдэшлэгийн үеэр өрнөсөн онцлох үйл явдлуудыг харцгаая.

Пап ламын хувцас, 183 см далавч ба готик хатан

Мэдээж хэрэг улаан хивсэн дээрх одуудын төрхүүд энэ жил үдэшлэгийн сэдэвтэйгээ зохицсон илүү сүрлэг, бүтээлч бас загварлаг болсон нь илэрхий байлаа. Гэхдээ тэр дундаас дэлхийн нийтийн анхаарлыг дуучин Рианна, Кэти Перри, Мадонна нарын бүрдүүлсэн төрхүүд хамгийн ихээр татсан юм. Жил бүрийн Met Gala үдэшлэг дээр сэдэвтэйгээ хамгийн тохирсон, шилдэг төрхийг харуулдаг Рианна энэ жил ч мөн тэрхүү уламжлалаа үргэлжлүүллээ. Met Gala-гийн хатан хаан гэгддэг Рианна энэ удаад Maison Margiela загварын ордны урласан бараг л жинхэнэ пап ламын өмсгөл гэж хэлж болохоор гоёл өмсөн хүрэлцэн ирж өөрийн байр сууриа дахин нэг бататгаад авсан юм. Түүнчлэн дуучин Кэти Перри Met Gala 2018 үдэшлэгт Versace ордны урласан ойролцоогоор 183 см өндөртэй, яг л бодит мэт сахиусан тэнгэрийн далавч зүүн ирсэн нь хэвлэл мэдээллийнхний харааг булаалаа.

Энэ үдэш зөвхөн Рианна ба Кэти Перри нар үдэшлэгийн гол баатрууд байсангүй. Поп хөгжмийн хатан хаан Мадонна энэ жил хар өнгөөр дагнасан даашинз ба очир-эрдэнээр чимэглэсэн толгойн гоёлоор гоёж, готик хатны дүр төрх бүрдүүлжээ. Мөн Мадонна Met Gala үдэшлэгийн үеэр "Like a Prayer" ба "Hallelujah" гэх хоёр дуугаа тайзан дээр дуулж, зочдод гэнэтийн бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад Мадонна 1989 онд "Like A Virgin" синглээ гаргаснаар Католик шашны сүмтэй асуудал үүсгэж байсан түүхтэй билээ.

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд (фото 1)

 

 

Met Gala үдэшлэгийн улаан хивсэн дээрх гэрлэх санал

Энэ үдшийн хамгийн сэтгэл догдлом мөчийн нэг бол рэппер 2 Chainz-ийн дурлалт бүсгүйдээ улаан хивсний ёслолын үеэр тавьсан гэрлэх санал байлаа. Тэрээр Met Gala-гийн алдарт шатан дээр өвдөг сөгдөн түүний гурван хүүхдийн ээж Кеша Уордод гэрлэх санал тавьжээ. Мэдээж хэрэг бүсгүй "Тийм" хэмээн хариулсан байна!

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд (фото 2)

Хэний ч төсөөлөөгүй хосууд

Өнгөрсөн жилийн Met Gala үдэшлэг дээр дуучин Селена Гомес ба The Weeknd нар албан ёсоор болзож буйгаа бататгаж хамтдаа хүрэлцэн ирснийг та бүхэн санаж байна уу? Тэгвэл энэ жил ч мөн адил хэд, хэдэн шинэ хос бий болсныг Met Gala харууллаа. Тухайлбал Met Gala үдэшлэг дээр дуучин Шон Мендес, загвар өмсөгч Хэйли Болдуины хамтаар хүрэлцэн ирсэн бол тэрбумтан, SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Мaск дуучин Grimes-ын хамтаар улаан хивсэн дээр алхсан нь гэнэтийн явдал болж, тэднийг болзож байгаа гэсэн мэдээлэл тархахад хүрчээ.

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд (фото 3)

Met Gala 2018 үдэшлэгийн эргэн тойронд: Онцлох мөчүүд (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх