Хайх

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 16-17

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 16-17

Гэгээлэг

Text: Г.Тэмүүлэн


Өнөөдөр нойтон цас ханатал орсон тул ирэх амралтын өдрүүд тунгалаг, сайхан байх биз ээ. Тэгэхээр таны амралтын өдрийн төлөвлөгөөнд бид агаарын аялал, морин хуурын чуулгын итали маестротой хамтарсан тоглолт, монгол дизайнеруудын хувцсаар төрөлжсөн дэлгүүрийн нээлт зэрэг үйл явдлуудыг санал болгож байна

Gecko Extreme Tour
Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 16-17 (фото 1)
Амралтын өдрөө идэвхтэй, эрч хүчтэй өнгөрөөх хүсэлтэй хүмүүс болон экстрим спортын хорхойтнуудад сайхан мэдээ хүргэе. Энэ амралтын өдрүүдээр Gecko Extreme Tour нэртэй, уулын дугуйн аялал болон Cavalon гэх нэртэй онгоцоор агаарт хөөрөх хөтөлбөр бидний анхаарлыг татлаа. Хэрэв та энэхүү Cavalon онгоцоор нисэх болвол Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийг дээрээс тольдож, Чингис хааны морьт хөшөөний дэргэдүүр өнгөрөх болно. Өндөрт гарах сонирхолгүй, зүгээр л уул усны сайханд тааваараа байх хүсэлтэй хүмүүст харин Мэлхий хад, Гүнжийн сүм хавьд зохиогдох уулын дугуйн аялалыг санал болгоё. Хүсвэл та дугуй ч унахгүй зүгээр л ууланд авирч, эсвэл сагс, волейбол тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөж болох юм. 

Хэзээ, хаана: 4-р сарын 16-ны 09:00 цагаас 4-р сарын 17-ны 12:00 цаг хүртэл

 

Novel Melody

Залуучуудад зориулсан "Их хотын хэмнэл" төслийн хүрээнд Монгол Улсын Филармониос жил бүр зохион байгуулдаг цөөхүүл хөгжмийн "Novel Melody"  тоглолт энэ бямба гарагт болно. Энэхүү тоглолтонд Морин хуурын чуулгад зориулж шинээр найруулсан Клод Боллин, Давид Поппер, Астор Пьяцолла зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх юм байна. Энэ үдшийн маестро Д.Түвшинсайхан Итали улсаас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаиотой хамт таны сонорыг мялаах бөгөөд мөн дуучин Сальваторе Маньери гэх эрхэм ая дуугаа өргөнө. 

Хэзээ, хаана: 4-р сарын 16-нд, 18:00 цагт, Улсын филармонийн концертийн их танхимд

 

Gumuda Concept Store Opening

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 16-17 (фото 2)

Энэ бямба гарагт монголын хувцас загварын ертөнцөд Gumuda Concept store гэх нэгэн шинэ газар нэмэгдэж, нээлтээ хийнэ. Монгол загвар зохион бүтээгчдийн хувцсыг нэг дороос худалдан авах боломж олгох энэхүү дэлгүүрт зөвхөн загвар зохион бүтээгчид төдийгүй уран гартай, бүтээлч хүмүүсийн шинэ бүтээлүүд тавигдаж байх юм. Хэрэв та тус дэлгүүрийн нээлтэнд хүрэлцэн ирвэл дуртай загвар зохион бүтээгчтэйгээ танилцаж, шинэ загварын хувцсыг нь бусдаас түрүүлж худалдан авах боломжтой. 

Хэзээ, хаана: 4-р сарын 16-нд 16:00 цагт, Хүүхдийн 100 - Christian Dior Boutique

 

Франц Кафкагийн "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" номын нээлт

Амралтын өдрийн төлөвлөгөө: Дөрөвдүгээр сарын 16-17 (фото 3)

Уран зохиолд дурлагсдад энэ бямба гараг ээлтэй байх нь ээ. Учир нь ХХ зууны алдарт зохиолчдын нэг Франц Кафкагийн тууж, өгүүллэгийн цомирлогоос бүрдсэн шинэхэн номын нээлт болох гэж байна. Энэхүү номонд анх удаа монгол хэлнээ орчуулагдсан "Мацаг баригч", "Цээрлүүлэх колонид", "Шүүлт" өгүүллэгүүд оржээ. Номын нээлтийн үеэр яруу найрагч, Тагтаа паблишингийн орчуулагч Б.Баясгалан Франц Кафкагийн уран бүтээлийн талаар илтгэл тавих болно. Дашрамд дурдахад Тагтаа паблишингаас зохион байгуулдаг ижил төрлийн номын өдөрлөгүүд нь зохиогч, уншигчдын дунд халуун уур амьсгал бүрдүүлсэн, оюун бодол тэлсэн сайхан үйл явдлаар дүүрэн болж өнгөрдөг юм. 

Хэзээ, хаана: 4-р сарын 16-нд 18:00цагт, Piano Lounge-ын хоёр давхарт

 

 

цааш үзэх