Хайх

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27

Зугаатай

Text: Ж.Чинбат


Улаанбаатарчууд энэ долоо хоногт амралтын өдрөө агаар салхитай, кофетой, урлагтай, мөн дуу хөгжимтэйгээр өнгөрүүлэх янз бүрийн төлөвлөгөө зохиожээ. Харин алинд нь очвол юу хийж, мэдэрч болохыг бид сонирхож үзлээ

Дэлхийн цирк

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 1)

Зургыг news.mn-с

Энэ амралтын өдрүүдээр Улаанбаатарт тоглохоор Африкийн арслан, Латин-Америкийн лам гөрөөс, сургуультай ноход, сахилгагүй сармагчин зэрэг онцгой зочид дэлхийн 15 орны, 60 гаруй шилдэг циркчдийн хамт айлчлан ирээд байна. Тэд Монгол циркийн алтан манеж дээр хүүхэд, багачуудыг жинхэнэ алмайруулах зүйл үзүүлнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ийм тоглолтоос хоцорч болно гэж үү?

Хэзээ, хаана: 2016 оны гуравдугаар сарын 26-наас эхлэн 15:00, 19:00 цагаас. Монголын үндэсний циркт.

 

Шангри-Ла, Horizon lounge - Sunday Champaign brunch

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 2)

Өндөрт, өдрийн цагаар, хамгийн сайхан оргилуун дарс шимж, амтат хоол идэж тухлана гэдэг амралтын өдрийн сайхан санаа. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт, юунд ч яарахгүй, тайван орчинд цагийг өнгөрөөнө гэсэн үг шүү дээ. Тус лаунжид энэ ням гарагт очвол үндсэн нэг хоол цэснээс сонгох ба  зууш, дессерт нь буфет маягаар өрөгдсөн байх аж. Харин Moet Chandon оргилуун дарсыг хүссэнээрээ уух эрх нь энэ долоо хоногоор тасалбар болж, ирэх дөрөвдүгээр сараас нэг хундага болж өөрчлөгдөх юм байна.

Хэзээ, хаана: Ням гарагт, Шангри-Ла Улаанбаатар зочид буудал, 21 давхар, 12-15 цагт


Home Barista

 Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 3)

Амралтын өдөр-амтат кофе хоёр яг л нуур, нугас хоёр шиг бие, биетэйгээ сайхан тохирдог. Хэдийгээр капсултай кофе уух хялбархан арга байдаг ч гэсэн гэртээ өөрөө кофе бэлдэж сурвал дотны хүмүүсээ уриад, жинхэнэ зугаатай цайллага зохион байгуулж болно. Үүнд бага зэргийн кофены тухай мэдлэг, үр хэрхэн сонгож, хадгалах тухай ойлголт, кофег хэрхэн нунтаглаж, чанах тухай туршлага хэрэг болно. Яг ийм зүйлсийн тухай өгүүлэх сургалт энэ бямба гарагт болох юм байна.

Хэзээ, хаана: Бямба гарагт, 12-15 цагт

 

Мix it up

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 4)

Амралтын өдрөө урлагийн орчинд өнгөрүүлэх сонирхолтой хүн байгаа бол Зайсан Скуэр дэх Арти Коур галерейг зорьж болох нь ээ. Энд "Уран зургийг хэрхэн унших вэ" сэдвийн дагуу яриа өрнөж, галерейн орчинд өөрийн гэсэн зургаа бүтээх боломжтой юм байна. Мөн мэргэжлийн зураач, уран бүтээлчид танд зөвлөж, ярилцах тул дотроо буй авьяасаа сэрээж, утас, компьютер товшсоор хөшсөн хуруу, гарныхаа чилээг гаргаарай.

Хэзээ, хаана: Бямба гараг, 11:00 цагт

 

Zodaics horse travel

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 5)

Хаврын урь хэдийнэ сэтгэл гижигдэж эхэлсэн энэ цаг үед хангай газар морин дэл дээр нар, салхи амсаж явах шиг жаргал ховор. Тиймээс байнга тохиодоггүй ийм амралтыг Тэрэлж голын таван салаа, Хан Хэнтийн уулсын үзэсгэлэнт нутгаар явж өнгөрүүлэх үйл явдал энэ Ням гарагт болох юм байна. Энэхүү аялалыг Арслангийн ордныхон группын залуус Vivid travel club-тай хамтран зохион байгуулах бөгөөд  одоогоор арслан, нум, матарын ордонд төрсөн хүмүүс энэ аялалд нэгджээ.

Хэзээ, хаана: Ням гарагт, 9:00-18:30 цагт

 

Jazz night

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 6)

Бага тойрууд Briti Grey гэх газар урлагт дуртай, мэдрэмжтэй залуусыг соронздож байгаа тухай та сонссон уу? Тэнд ойр, ойрхон "Жазз үдэш" нэртэй тоглолт зохион байгуулагддаг бөгөөд очиж үзсэн хүний хувьд маш гоё гэж хэлэх байна. Энэ бямба гарагт тэнд контрабасс хөгжимчин Мартин Зенкер, саксафон хөгжимчин Мөнхтэмүүлэн нар тоглох болно. Тэд Улаанбаатарт үнэхээр нэг тийм өөр, гоё орчин байж болохыг мэдрүүлж чаддаг. Тоглолтын дараа тэндээс явах үед гадаа огт өөр, гоё хот хүлээж байгаа юм шиг л санагдана. Мөн Briti Grey-д дуулдаг дуучин Солонго, Энхжин нарын жазз хоолой, чөлөөтэй байдал нь давтагдашгүй, амьд сэтгэгдэл төрүүлдэг юм.

Хэзээ, хаана: Бямба гарагт, 20:30 цагт

 

Demi Moors with Alternatives ...

Амралтын өдрийн төлөвлөгөө: Гуравдугаар сарын 26-27 (фото 7)

Амралтын өдрийн үдшийг арай түргэн хэмнэлтэй, илүү мэдрэмж төрүүлэх хөгжимтэй орчинд өнгөрөөхийг хүсвэл Night Train хамтлагийн дуучин Цэцээ DJ хийх энэ арга хэмжээг сонирхож болох юм. Одоо мэдэгдэж буйгаар тэнд New Order, Shura, Com Truise зэрэг уран бүтээлчдийн дуу хөгжим тоглогдох өндөр магадлалтай байна.

Хэзээ, хаана: Бямба гарагт 21-03 цагт

 

 

цааш үзэх