Хайх

Бюрогийн хөтөч: Хурим ба аялал

Бюрогийн хөтөч: Хурим ба аялал

Хуримаараа аял, нис бас шумба…

Text: Ж.Чинбат


Хуримын улирал эхэлснээр энэ намраас хойш хуримаа хийхээр төлөвлөж буй хүмүүст шинэ туршлага судлах боломж гарч ирлээ. Зарим хосууд уламжлалт маягаар хуримлахаас өөр хувилбар, ер нь хайрцагнаас гарч сэтгэсэн зүйл эрэлхийлж байгаа нь гарцаагүй

Тэгвэл гэрлэх ёслолоо хаана, хэзээ, хэрхэн батлуулж болох вэ

Энэ жил Гэрлэх ёслолын ордон 10-р сарын захиалгаа аваад дуусахад 900 гаруй хос хуримаа хийх төлөв гарчээ. Өнгөрсөн 2014 онд 7933 хос гэрлэлтээ батлуулсанаас 1563 нь хуримаа хийсэн юм. Тэгэхээр энэ жил олон сүйт хархүү гэрлэлтээ хойшлуулсан, эсвэл өөр газар хийхээр хайж байгаа бололтой.

Бид чинь нүүдэлчин хүмүүс болохоор ер нь дэлхийн хаана ч хурим үүсгэж чадна шүү дээ. Улаанбаатар орчимд гэвэл хамгийн түрүүнд Хуримын ордноос хориодхон метрийн зайтай Шангри-Ла зочид буудал эхний сонголт. Энэ зунаас хойш метрополитан хэв маягаар, дөрвөн шинэ гэр бүл тэнд ёслолын арга хэмжээгээ зохиосон ба хоёр нь хуримын ордны ёслол гүйцэтгэдэг хүмүүсийг урьж авчиран гэрлэлтээ батлуулжээ.

Дараагийн газрыг "Тэрэлж зочид буудал гэж" та хэлэх гэж байж магадгүй. Тийм ээ, орчин үеийн мөртлөө бас Монгол ахуйтай, дээр нь маш гайхалтай байгаль дунд амьдралын чухал мөчөө эхлүүлэх ч гоё сонголт. Дээр нь Тэрэлжийн үзэсгэлэнт намар!

Ер нь одоо "Ертөнцийн өнгө бүхэн чуулсан" хамгийн тансаг улирал ирлээ. Монголд намар нутаг бүхэнд төгс болдог учраас ойр дотны хүрээллийнхээ дунд,  цөөн хүнтэй "амьд" хурим хийж бас болно.

Төлөвлөгөө:

Хүмүүс хуримаа төлөвлөхдөө зөвхөн үйл явдалдаа анхаараад харин өөрсдөө хамгийн чухал өдрөө хэрхэн өнгөрүүлэхээ тооцоолж ч амжаагүй байх нь бий. Олон хүн цугласан "найр" болох тусмаа залуус өөрсдөдөө зориулах цаг улам багасдаг. Тиймээс төлөвлөгөөний гол нь та хоёр юм шүү. Ингээд бид Монголоос өөр газар дотны хүмүүстэйгээ хуримын аялал хийвэл ямар төлөвлөгөө гаргах хэрэгтэй талаар судалснаа дэлгэе.

6 сарын өмнө

Хуримаа хийх өдрөөсөө зургаан сарын өмнө анхны төлөвлөгөөгөө гарган, төсвөө зохиох хэрэгтэй. Дундаж хуримын аялал 30 мянган долларт багтдаг байна.

- Ямар улиралд хуримын аялалаа тохируулахаас шалтгаалж байршлаа тодруулаарай. Мөн хуримын төлөвлөгөөний хуудас, эсвэл файл өөртөө нээж, бүх хэрэгтэй зүйлсээ жагсаан бичиж болно. Ингэж ямар асуудлаар, хаана хэнтэй холбогдох зэрэг бүх мэдээллээ нэг дор цуглуулбал юу ч анхаарлын гадна үлдэхгүй.
- Аялалд хамт явах хамгийн чухал хүмүүсийнхээ нэрсийг гаргаарай. Таны хуримын зочид ч бас эртнээс ажил, амьдралаа зохицуулчихвал бүх зүйл санаа амар бүтнэ.
- Хуримын үдэшлэгээ хэрхэн хийх хэлбэрээ сонгоорой. Ямар дуу хөгжим, бүжиг, онцгой бас "галзуу" зүйлстэй байж болох уу? Үгүй бол бүр романтик, хоёулхнаа мөрөөдлөө биелүүлэх зүйл хийх үү гэдгээ төлөвлөөрэй.

Бюрогийн хөтөч: Хурим ба аялал (фото 1)

4 сарын өмнө

- Яг хурим болох нэг бүтэн өдрөө тоймлон төлөвлөж эхлэх хэрэгтэй. Өглөөнөөс эхлээд орой хүртэл болж өнгөрөх үйл явдлуудын гинжин хэлхээг сайтар төлөвлөж, нягтлахад олон санаа, шийдлээс сонгох хэрэг гарна. Тиймээс цаг гарган бүх "нэр дэвшигчийг" шалгаж үзсэнээр өөрсөддөө хамгийн тохиромжтой хувилбараа сонгож чадах болно шүү.

- Цэцгийн захиалга, гэрэл зурагчин, аялалаа хийх тээврийн хэрэгсэл, бялуу болон бусад энтертэйнмэнт зүйлсийг төлөвлөж, очихоор шийдсэн газартаа тааруулан судлах хэрэгтэй. Онгоцны тийзнээс эхлээд бүх зүйлийг эртнээс төлөвлөн захиалж чадвал маш их хэмнэлт гарах болно.

- Хосууд буудаллах газар болон та бүхэнтэй хамт явах гэр бүл, найз нөхдөө хаана буулгах, тэнд юу хийж болох талаар урьдчилан төлөвлөж, боломжтой бол захиалгаа өгөх хэрэгтэй.
Хурим зохион байгуулагч мэргэжилтнүүд очихоор төлөвлөсөн газрын ойролцоох гурваас доошгүй газрын үнийн саналыг харьцуулахыг зөвлөдөг байна.

2 сарын өмнө

- Одоо урилгаа тараах цаг ирлээ. Мэдээж, таны хуримын урилгыг хүлээж авах хүмүүс өмнө нь та бүхэнтэй хамт хуримын аялалд явах талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Тэгвэл тэд хоцорч үлдэхгүй, бас амласнаа цуцлахгүй байх боломжтой шүү дээ.

- Цэцэг, чимэглэлийн зүйлс, түрээсээр авах хөгжим, гэрэлтүүлэг гээд Монголд хэрэг болдог байсан бүхнийг таны очих гэж буй газар "ок" болгох уу гэдгийг шалгаж, эцэслэн шийдэх хэрэгтэй.

- Паспортын хугацаагаа шалгаж, визээ авч бэлдээрэй.

- Хуримын өмнө болох үдэшлэгээ хэрхэн хийхээ төлөвлөөрэй. Эцэг эх, найз нөхөдтэйгээ хамт явах бол гэрлэж буй хосууд аль нэг өдөр нь тэдэнд зориулж, тус тусад нь оройн зоог барих цаг төлөвлөх хэрэгтэй.

- Үс засалт, нүүр будалт ямар байхыг урьдчилан төлөвлөж, туршиж үзээрэй.
- Хуримын даашинз, хослолын примерк өгч, тэр харьцаандаа тааруулж жингээ өөрчлөхгүй байхад анхаарах өдрүүд эхлэнэ.

1 сарын өмнө

-Аялалын төлөвлөгөө болон хуримын ёслолын хуваарь гээд бүх зүйлсийг эцэслэн батлаарай.

- Dj тоглуулах хөгжмийн жагсаалтаа гаргаж, хөтөлбөрийн онцгой үйл явдлууд, үдэшлэг, зоог барих цаг гээд бүгдэд нь тааруулаарай.

- Аялалд гарахдаа гар тээшиндээ авч явах зүйлс, тусгайлан ачуулах зүйл байгаа эсэхээ нягталж, тодорхойлоорой. Хэрэв мартвал нөхөн олж болохгүй зүйлс бий эсэхээ жагсааж бичиж, хамгийн хариуцлагатай хүндээ даатга.

2003 оноос хойш 500 мянга гаруй хосуудад үйлчилсэн Honeymoonwishes.com -оос туршлага судлаарай. Тэд бал сарын аялал болон гэрлэгсдийн гэр бүл, хүндэт зочдод зориулсан үйлчилгээ, хуримын бэлэг сонгоход тань туслана. АНУ болон Латин Америкийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг болохоор тэр чиглэлд сонирхож байгаа хүмүүст таалагдаж болно. Эсвэл зүгээр л үнэгүй бүртгүүлж ороод, өөрт хэрэгцээтэй зохион байгуулалтын төлөвлөгөөг харах боломжтой.


Далайн эрэг дээрх романтик хурим

Үзэсгэлэнт намар дууссан ч гэлээ дэлхийд халуун, бас цэлмэг газар олон байгаа. Тийм ч учраас өвлийн амралт болон хурим хоёроо хамтатгаад хийж болох тухай бодож байгаа хүмүүст зориулж бид дараах газруудыг сонголоо.

Малайз бол Монгол улсын иргэн визгүй зорчиж болох 17 орон дотроос Ази дахь сонирхолтой сонголт. Дөрвөн улирал резорт, Шангри-Ла, Пангкор Лаут резорт гээд хуримын ёслол үйлдэхэд зориулсан үйлчилгээтэй олон тансаг газар тэнд бий. Та өөрт тохирох хэв маягийг доорх сайтаас үзэж, сонгох боломжтой.

http://www.malaysiaweddinghub.com/

Куба /визгүй/ -ын нийслэл Хаванад энэ 12 -р сарын 13-21-ны хооронд "Хавана Жазз Фестиваль" болно. Мосвка, Бээжингийн аль нэгээр нь дамжин та тэнд хамгийн хайртай гэр бүлийнхэн, найз нөхөд чинь багтсан цомхон багтайгаа буугаад шууд л өөрсдөө машин түрээслээд явбал ямар вэ. Оргилуун, эрч хүчээр дүүрэн инээмсэглэсэн хүмүүстэй нарлаг Кубад хуримаа хийгээд, маргааш нь самба, жазз, хөл бөмөг, наргил модны самрын ундаа гээд тоймгүй олон таатай мөртлөө танил бус шинэ зүйлсээр аялалаа үргэлжлүүлээрэй.

Усан доторх хурим

"Та хуримынхаа дараа юу хийсэн бэ" гэх хэн нэгний сониуч асуултанд тэнгист шумбаж, од загастай хамт авахуулсан зургаа үзүүлэнгээ хайрын түүхээ өгүүлэх дурсамжийн эзэн болоорой. Номин цэнхэр далайн гүнд шумбаж сурах тийм ч хэцүү зүйл биш гэдгийг 23 сая хүнийг шумбагч болгосон Padi.com-ын туршлага батлана. Аварга загасны дэргэд авахуулсан зураг та бүхний хамгийн экзотик мөч байж ч мэднэ. Шумбах боломжтой газрууд Европ, Ази, Австрали, Кариб, Африкийн хаана ч бий. Жишээ нь Италийн Лигура хот өвөрмөц сонголт байх болно. Та тэнд зөвхөн далайн гүнд "хуримын үнсэлт" хийгээд зосгохгүй Феррари сүлжилдсэн нарийхан гудамжинд нь кофе ууж, загварын чиг хандлага тайзан дээр биш амьдрал дээр алхлахыг харан сууж ч болох юм.

http://www.padi.com

Тайланд

Зүүн өмнөд Азийн зүрхэнд орших Тайландыг "Мишээсэн мянган арлын орон" гэж нэрлэдэг. Тэндэхийн хамгийн алдартай арлууд нь Кох Тао, Ках Самуй гэдгийг та хэдийнэ мэдэх биз ээ. Энэ удаад бид Кох Ланта арлуудын виллаг санал болгоё. Далайн эрэг дээрх эдгээр амралтын газрууд нь тохилог, тансаг хэр нь харьцангүй боломжийн үнэтэй учраас цөөн тооны ойр дотныхонтойгоо очиход тун таатай сонголт.

http://lantaluxuryvillas.com/

Нэмж хэлэхэд та Гэрлэх ёслолын ордон руу заавал очих ёстой биш шүү дээ. Харин чин сэтгэлээсээ танай гэр бүлийн анхны галыг асаалган, уламжлан ирсэн ариун ёс заншлыг ном ёсоор нь үйлдэж чадах хүн таны ойр дотны хүн ч байж болох юм шүү .

 

цааш үзэх