Хайх

#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх

#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх

Герман гоо үзэсгэлэн

Text: Г.Тэмүүлэн


Герман гаралтай жүжигчин, загвар өмсөгч Дайан Крюгерийн Холливүүдын карьер, төгс стилийг энэ удаагийн #BuroCrush булан онцолж байна

"Бүхэл бүтэн эзэнт гүрнийг сүйрүүлсэн гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрд тоглосны дараа тэр өөр илүү гүнзгий дүрд хувирах нь юу л бол" гэж нэгэн кино шүүмжлэгч Дайан Крюгерийн тухай хэлсэн байдаг. Энэ явдал 2004 онд "Troy" кино гарсны дараа болсон юм. Тэгэхдээ тэд Дайан Крюгерийг орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй хатан Хелений дүрд тоглохын тулд Николь Кидман, Жулия Робертс болон бусад 3,000 бүсгүйгээс илүү байж сонгогдсон гэдгийг мэдэхгүй л болов уу. Хожим нь герман гаралтай Дайан Крюгер тэр нөлөө бүхий кино шүүмжлэгчдийн буруу байсныг ойлгуулж чадсан билээ. Түүнийг домогт Квентин Тарантино "Inglourious Basterds" кинондоо өөрөө сонгосон шүү дээ. Тарантино бол жүжигчдийг өөрөө сонгож, тохирсон дүрээ олтлоо киногоо хойшлуулж ч чаддаг нэгэн гэдгийг нь санах хэрэгтэй. 

#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх (фото 1)

Гэхдээ Крюгер анх кино жүжигчин болох мөрөөдөлтэй байгаагүй юм. Германы Альгермиссен гэх жижиг тосгонд төрсөн тэрээр балетчин болохоор Лондонгийн Royal Ballet School-д суралцдаг байжээ. Харамсалтай нь өвдгөндөө гэмтэл авснаар түүний балетчин болох хүсэл нь мөрөөдөл чигээрээ үлджээ. Балетын сургууль Дайан Крюгерийг сахилга баттай болгосон тул шантралгүйгээр Парис хот руу нүүж, загвар өмсөгчийн карьер эхлүүлсэн байна. Хэдийгээр тэр загвар өмсөгч болоход харьцангуй намхан (174 см) байсан ч 16 настайдаа Герман улсыг төлөөлж Elite Model Look тэмцээнд орж, Chanel, Yves Saint Laurent, Jil Sander, Christian Dior, Giorgio Armani зэрэг алдартай загварын орднуудын сурталчилгаанд тоглож, загварын тайзнаа алхсан. Супермоделиудын эрин үеийг залгаж загварын ертөнцөд хэсэг ажилласан Крюгер дараа нь өөр шинэ талбар эрэлхийлж, Парисын алдарт Cours Florent жүжгийн сургуульд элсэн оржээ. 

#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх (фото 2)#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх (фото 3)

Мэдээж хамгийн анх түүнийг Холливүүдад алдартай болгосон кино нь "Troy". Үүнд тоглохын тулд тэр шалгаруулалтанд ч оролцоогүй бөгөөд ганцхан зургаараа дүр авсан гэж Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Энэ киноны дараа Крюгер "National Treasure", "Wicker Park", "Unknown" зэрэг олон амжилттай кинонд тоглосон. Хамгийн сүүлд л гэхэд тэр Брайан Крэнстонтой хамт Брэд Фурманы найруулсан "The Infiltrator" гэх хар тамхины сэдэвтэй кинонд дүр бүтээсэн байгаа. Дайан Крюгер Холливүүдын арилжааны киноноос гадна "The Piano Player", "Mr.Nobody", "Disorder" гэх зэрэг бие даасан кинонуудад ч тоглох дуртай.

"Франц кинонд эмэгтэй хүний дүр илүү сонирхолтой гардаг. Америк кинонд бол эрэгтэй гол баатрыг л дэмжих зорилготой байдаг" гэж тэрээр Net-А-Porter сэтгүүлд ярьж байжээ. Магадгүй тийм ч учраас "Миний карьерын 70% нь Францад төвлөрдөг" гэж Дайан The Guardian сонинд ярьсан байх.

#BuroCrush: Дайан Крюгерын балетчинаас кино жүжигчин болсон түүх (фото 4)

Дайан Крюгер киноноос гадна өө сэвгүй, төгс хувцасладгаараа алдартай. Тэр Каннын кино наадмын улаан хивсэн дээр ч, гудамжинд явж байхдаа ч үргэлж загварлаг ба дэгжин харагдаж чаддаг. Түүний энгийн хэрнээ, загварлаг стилийг InStyle, Harper's Bazaar, Vogue зэрэг томоохон загварын сэтгүүлүүд онцолж байсан юм. Дайан Крюгер хувийн стилистгүй бөгөөд өөрөө юу өмсөхөө шийддэг аж. Түүний хэлснээр бол "Хувийн стилисттэй Холливүүдын бүсгүйчүүд бүгд адилхан харагддаг" гэж Их Британий Stylist сэтгүүлд өөрийн бодлоо хэлжээ. Тэгэхээр Дайаны хичээгээгүй хэрнээ дэгжин төрх бүрдүүлж чаддаг нь түүний төрөлхийн чадвар бололтой. Тэр энэ чадвараараа цаашид ч бидний сэтгэлийг хөдөлгөж, олон сонирхолтой кинонд тоглоно гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэр өөрийгөө хамгийн шилдэг дүрээ хараахан бүтээгээгүй байгаа гэж үздэг юм.

цааш үзэх