Хайх

#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс

#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс

J.Law

Text: Г.Тэмүүлэн


Фермийн охиноос Холливүүдын хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон Женнифер Лоуренсыг энэ долоо хоногийн #BuroCrush буландаа онцоллоо

Ердөө л зургаан жилийн дотор Женнифер Лоуренс хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр шалгарч, загварын шүтээн болж, жүжигчдийн цалингийн ялгааны асуудлыг сөхсөн гээд Холливүүдыг ёстой л орвонгоор нь эргүүлсэн. Түүний хэлсэн үг бүрийг сэтгүүлчид чих тавин хүлээж байдаг. Арга үгүй шүү дээ! Женнифер шиг шулуухан, толгойдоо орсноо л шулуухан хэлдэг залуухан одыг Холливүүдаас олоход амаргүй болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс л сэтгүүлчид түүний оролцсон ток шоу, ярилцлагуудыг тэсэн ядан хүлээдэг байх. Гэхдээ түүнийг үргэлж ийм хөнгөмсөг, бодлогогүй байдаг гэвэл эндүүрэл болно. Тэр Холливүүдын цалин хөлсний асуудал дээрх хүйсийн тэгш бус байдлыг шүүмжилж, чухал сэдвүүдэд буурь суурьтай ханддаг.

#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс (фото 1)#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс (фото 2)

#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс (фото 3)

Кентакки мужийн Луисвиллд дэх морины фермд өссөн Женнифер Лоуренсыг 14 настай байхад нь нэгэн агентлагийн скаут анх харж, янз бүрийн сонгон шалгаруултанд оролцуулдаг байжээ. Үүнээс хойш тэрээр "Monk", "Garden Party" зэрэг хэд, хэдэн жижиг кино ба цувралуудад дүр бүтээж байгаад 2010 онд "Winter's Bone" гэх сэтгэлзүйн драм кинонд тоглож анх удаагаа "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. Энэ киноноос хойш түүний жүжигчний карьер гэрлийн хурдаар өссөн гэж хэлж болно. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Женнифер Лоуренс нэг Оскарын шагнал (Silver Linings Playbook ), гурван Golden Globe шагнал (Silver Linings Playbook, American Hustle, Joy) хүртсэн. Үүнээс гадна, супер баатруудын тухай X-Men ба алдарт Hunger Games зэрэг блокбастеруудыг ч мартаж болохгүй. Женнифер Лоуренс Сьюзен Коллинзын "Hunger Games" зохиолын Кэтнисс Эвердиний дүрээр шинэ мянганыхны хайрыг булаасан. Мөн хэдхэн хоногийн өмнө Крис Праттын хамт тоглосон "Passengers" кино нээлтээ хийж, зургаа хоногийн дотор 30 сая доллар олоод байгаа юм. Одоо 26 настай Женнифер Лоуренс Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн рейтингийг хоёр дах жил дарааллан тэргүүлээд байгаа. Энэ жил л гэхэд Женнифер 46 сая долларын орлоготой ажиллажээ. Дөнгөж 26 настай гэхэд муугүй шүү! Мөн Женнифер Холливүүдын хамгийн үнэтэй жүжигчин төдийгүй францын Dior загварын ордны нүүр царай юм.

#BuroCrush: Хөгжилтэй, шулуухан зантай Женнифер Лоуренс (фото 4)

Хамгийн сүүлд Женнифер Лоуренс Даррен Аронофскийн "Mother" гэдэг драм төрлийн шинэ кинонд дүр бүтээсэн байна. Мөн тэрээр Рон Ховардын найруулж буй "Zelda" кинонд америкийн алдарт зохиолч Зельда Фицжеральдийн дүрийг бүтээхээр сонгогдсон байгаа юм. Тиймээс шизофрени өвчтэй, авьяаслаг зохиолч бүсгүйн дүрийг Женнифер Лоуренс хэрхэн "амилуулах" нь хэн бүхэнд сонирхолтой байх болов уу.

цааш үзэх