Хайх

#BuroCrush: Хенри Голдингийн талаар таны мэдэх хэрэгтэй 5 баримт

#BuroCrush: Хенри Голдингийн талаар таны мэдэх хэрэгтэй 5 баримт

“Солиотой баян Азиуд” киноны супер од

Text: Бюро 24/7


"Crazy Rich Asians" кино бокс оффисыг тэргүүлээд зогсохгүй Ази жүжигчид болон романтик инээдмийн киноны жанрыг огт өөр түвшинд хүргэж байгааг хүн бүхэн анзаарсан биз ээ. Тэр дундаа киноны гол дүрийн жүжигчин Хенри Голдинг энэ онд кино ертөнцөд төрсөн шинэ од хэмээн нэрлэгдэж, Холливүүдийн продюсерууд ба бүсгүйчүүдийн харааг булааж байна. Харин одоо түүний талаар мэдэх хэрэгтэй сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Тэр хүүхэд байхдаа үсчин байсан

 

Өдгөө 31 настай Хенри Голдингийн аав нь Англи, харин ээж нь Малайз гаралтай. Тэрээр хүүхэд байхдаа амралтын өдрүүдээр Их Британийн нэгэн үсчний газар ажилладаг байсан бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа Лондон дахь алдарт Richard Ward Hair and Metrospa салонд үсний стилистээр ажиллаж байжээ.

Тэрээр телевизийн хөтлөгчөөр найман жил ажилласан

Хенри Голдинг MTV Asia телевиз ба хөтлөгчдийнх нь дундаршгүй эрч хүчийг шүтэн биширдэг байсан тул 2008 онд Малайзад эргэн ирэхдээ телевизийн салбарт хүч үзэхээр шийдсэн байна. Тэрээр найман жилийн хугацаанд BBC 2 сувгийн The Travel Show, Discovery Channel-ын Surviving Borneo ба бусад олон нэвтрүүлгийг хөтөлж асар их туршлага хуримтлуулжээ.

Тэрээр "Crazy Rich Asians" киноны сонгон шалгаруулалтад оролцохдоо эргэлзэж байжээ

Тус киноны продюсерууд анх Хенри Голдингод киноны гол дүрийн сонгон шалгаруулалтад оролцох санал тавихад тэрээр эргэлзэж байсан гэдэг. "Үгүй ээ, би чинь аяллын нэвтрүүлгийн хөтлөгч шүү дээ. Надаас өөр мэргэжлийн жүжигчид олон байгаа" гэж хэлж байсан тухайгаа тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан юм. Гэсэн ч найруулагч Жон М.Чу түүнийг ятгаж чадсанаар Ник Янгийн дүрийг Хенри Голдинг бүтээсэн байна. Бид нөхцөл байдал ийнхүү эргэсэнд маш их баяртай байгаа шүү.

Холливүүдийн кинонд тоглох нь түүний хүүхэд насных нь мөрөөдөл

 

Хенриг найман настай байхад нь тэдний гэр бүл Малайзаас Англи руу нүүхээр шийдсэн гэдэг. Энэ үеэр бяцхан Хенри далайн эрэг дээр сууж, ирээдүйнхээ талаар эргэцүүлжээ. Эцэст нь тэрээр Холливүүдийн од болно гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. "Үүнээс хойш хэзээ нэгэн цагт би заавал жүжигчин болно гэж мөрөөддөг байсан. Мөн мэдээж миний хамгийн том зорилго Холливүүдийн кинонд тоглох байсан юм" гэж тэр хуваалцжээ.

Түүний ирээдүйн төслүүд

"Crazy Rich Asians" киноны амжилт түүний хувьд зөвхөн эхлэл нь бололтой. Жишээ дурдахад тун удахгүй нээлтээ хийж буй Пол Фигийн найруулсан "A Simple Favour" нэртэй триллер кинонд тэрээр жүжигчин Блейк Лайвлитай хамт тоглосон байгаа. Мөн ирэх онд "Monsoon" гэх кинонд тэрээр Вьетнамын дайны үеэр дүрвэж, 30 жилийн дараа эх орондоо эргэн ирж буй нэгэн хүний дүрд тоглохоор болжээ. Мөн саяхан нэгэн ярилцлагадаа тэрээр ирээдүйд шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглох хүсэлтэй байдгаа дурдаад амжжээ. Ямартаа ч бид тун удахгүй түүнийг Холливүүдийн томоохон хэмжээний уран зөгнөлт киноноос харж магадгүй л юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх