Хайх

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой

Кино од биш чадварлаг жүжигчин

Text: Г.Тэмүүлэн


Netflix-ийн The Crown цувралд Их Британид хамгийн удаан төрийн эрхийг барьж буй хатан хааны дүрийг бүтээснээр залуухан жүжигчин бүсгүй нэг л өдөр дэлхийд алдартай болчихсон сэрсэн юм

Клэр Фой бол даруухан бүсгүйгээс эхлээд хөгжилтэй, дур булаам, халуухан эмэгтэй хүртэл ямар ч дүрд хувирч чаддаг жүжигчдийн нэг юм. Гэнэн харц, цонхигор царай, өхөөрдөм сэвхтэй тэрээр өмнө нь жижиг телевизийн цувралуудад ихэвчлэн англи язгууртны дүрд тоглодог байжээ. Жишээ нь "The Crown" цувралаас өмнөх түүний хамгийн алдартай дүр бол BBC телевизийн "Wolf Hall" (2015) түүхэн цувралын Анна Болейн хатны дүр байсан юм. Клэр энэ дүрээрээ British Academy Television Awards шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой (фото 1)

Клэр Английн Стокпорт гэдэг жижиг хотод төрж өссөн бөгөөд гурван хүүхэдтэй айлын хамгийн бага нь байсан тул аав ээжийнхээ анхаарлыг татах гэж маш их хичээдэг, идэвхтэй хүүхэд байжээ. Тэрээр дунд сургуулийнхаа театрын жүжгүүдэд үргэлж гол дүрд тоглодог байсан тул эцэг эх нь түүнд мэргэжлийн жүжигчин болохыг санал болгосон байна. Ингээд Клэр Ливерпуль хотын Жон Мурсын нэрэмжит их сургуульд элсэн орохын зэрэгцээ Оксфордын драмын сургуульд давхар суралцжээ.

Клэрийг хамгийн анх олон нийтэд таниулсан бүтээл бол Чарльз Диккенсийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Little Dorrit" гэдэг BBC телевизийн богино хэмжээний цуврал юм. Клэрийн эмзэг төрх, гайхалтай том нүд нь цувралын найруулагч Дирбла Уолшийн анхаарлыг шууд л татсан байна. Яг энэ тайлбарлахад хэцүү, сэтгэл булаам эмзэг гоо үзэсгэлэн олон мянган үзэгчдийг дэлгэцэнд "наалдуулж" орхисон юм.

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой (фото 2)

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой (фото 3)

Их Британийн түүхээс сэдэвлэсэн драмын төрлийн цувралд үзэгчид дуртай болохыг хамгийн анх "Downton Abbey" олон ангит кино баталсан билээ. Тиймээс америкийн Netflix компани 156 сая доллар зарцуулж II Элизабет хатны амьдралыг өгүүлэх түүхэн телевизийн драм хийхээр шийдсэн юм. Хэрэв бид өмнө нь II Элизабет хатныг жүжигчин Хеллен Мирренээр ("The Queen", 2006) төсөөлдөг байсан бол одоо хатан хааны залуу үеийг төсөөлбөл шууд л Клэр Фой санаанд буух болно. Тэрээр II Элизабет хатны залуу насыг, тэр тусмаа хувь хүн талаас нь маш чадварлагаар харуулж чадсан. "The Crown" цувралын зохиолч Питер Морган сонгон шалгаруулалт дээр анх Клэр Фойг хараад шууд л "хатныг" олсон гэдгээ мэдсэн аж. Клэр биеэ барьсан, чимээгүй байхад ч түүний авьяас нь Питер Морганд мэдрэгдэж байсан гэдэг.

#BuroCrush: Хатан хааныг хэний ч мэдэхгүй өнцгөөс харуулсан Клэр Фой (фото 4)

Гэхдээ Клэрийн хэлснээр бол тэр хэзээ ч Холливүүдыг байлдан дагуулж "од" болох хүсэлгүй гэнэ. Харин түүнд сонирхолтой дүр бүтээх нь илүү таалагддаг гэж хэд, хэдэн ярилцлагадаа дурджээ. Тэгэхдээ мэдээж "The Crown" цувралын энэ их амжилтын дараа түүний энэ хүсэл бүтэхгүй л болов уу. Учир нь тэр аль хэдийнэ олон улсад од болсон.

Клэр Фой өөрийн карьерынхаа хамгийн чухал дүрийг одоо бүтээж байгаа. Тэгэхдээ "The Crown" цувралын хоёрдугаар улирал дуусахад түүний гэрээ дуусах болно. Харин түүний дараагийн алхам юу вэ гэж үү? Клэр Radio Times вебсайтад өгсөн ярилцлагадаа "Төмөр хатагтай" Маргарет Тэтчерийн дүрээр "The Crown" цувралд эргэн ирэх бодолтой байгаа хэмээн тоглоом, шоглоом хийгээд авсан юм. Гэхдээ түүний хошигнол үнэхээр биелэлээ олох ч юм бил үү? Тэр тусмаа Клэрийн хэн ч болж хувиран жүжиглэх чадварт бид огтхон ч эргэлзэхгүй байна.

 

цааш үзэх