Хайх

#BuroCrush: Крис Пайны “Оддын аялал”

#BuroCrush: Крис Пайны “Оддын аялал”

Зүгээр ч нэг Холливүүдын сайхан залуу биш

Text: Г.Тэмүүлэн


Крис Пайн одоо Холливүүдэд хамгийн эрэлттэй, “A” зэрэглэлийн жүжигчдийн тоонд багтдаг. Гэхдээ арваад жилийн өмнө түүний карьер огт өөр дүр зурагтай байсан юм. Холливүүдэд мянга, мянгаараа байдаг царайлаг залуу жүжигчнээс тэр хэрхэн дэлхийн хэмжээний од болсон бэ?

Сонгодог дурлалт залуугийн дүрд тоглодог царайлаг залууд менежер нь анх "Star Trek" киноны ахмад Киркийн дүрийг санал болгоход тэр огтхон ч сонирхоогүй юм. Крис хэзээ ч "Star Trek"-ийн шүтэн бишрэгч байгаагүй бөгөөд бас өөрийгөө яг л Роберт Паттинсон шиг зөвхөн үнэтэй франчайз киноны Эдвард Каллены дүрээрээ үзэгчдийн сэтгэлд үлдэж, эсвэл өмнө нь 30 жил ахмад Киркийн дүрийг бүтээсэн жүжигчин Уильям Шатнертай харьцуулагдана гэж эмээж байжээ. Гэхдээ тэр энэ дүрийг авч чадсанаар түүний амьдрал эрс өөрчлөгдсөн юм. Одоо бол тэр шинэ үеийн ахмад Киркийг үзэгчдэд танилцуулаад байгаа. Анх "Star Trek"-ийн найруулагч Ж.Ж. Абрамст Крис Пайны зургийг харуулахад тийм ч их таалагдаагүй гэдэг. Харин амьдрал дээр Пайн хөгжилтэй, бага зэрэг эрээ цээргүй, өөртөө итгэлтэй байсан учраас түүнийг шууд л сонгосон байна.

#BuroCrush: Крис Пайны “Оддын аялал” (фото 1)

Крис Пайн жүжигчдийн гэр бүлд өссөн болохоор анхнаасаа л кино жүжигчин болох хүсэлтэй байсан. Түүний эмээ Энн Гвин 1940-өөд онд нэрд гарч байсан Холливүүдын кино жүжигчин, ээж Гвин Гилфорд ба аав Роберт Пайн нар мөн л жүжигчний мэргэжилтэй. Тэгэхдээ тэдний аль нь ч Крис шиг жинхэнэ нэр алдарт хэзээ ч хүрч байгаагүй. Калифорни мужийн Берклигийн их сургуулийг англи хэлний мэргэжлээр төгсөөд шууд л жүжигчин болохоор шийджээ. Крис анхандаа бусад жүжигчдийн л адилаар "ER", "CSI: Miami" зэрэг телевизийн цувралуудад туслах дүр бүтээж карьераа эхлүүлсэн түүхтэй. Эхэндээ тэр зүгээр л дур булаам гаднах төрхтэй байсан учраас Холливүүд ч үүнийг нь ашиглахыг зорьжээ. Цэнхэр нүдтэй, сонгодог зөв төрхтэй залуу жүжигчинг анх ихэвчлэн романтик, дурлалт залуугийн дүрд тоглуулдаг байв. Тэрээр Энн Хэтэуэйтэй хамт "The Princess Diaries 2: Royal Engagement", "Just My Luck" кинонд Линдси Лохантай хамт тоглож анх олонд танигдаж байсан. Харин 2006 онд Жо Карнаханы найруулсан "Smokin' Aces" кинонд тоглосон нь түүний жинхэнэ нэр алдрын эхлэл байсан юм. Үүний дараа "Jack Ryan: Shadow Recruit" зэрэг хэд, хэдэн амжилттай адал явдалт кинонд тоглож, US Weekly сэтгүүл хүртэл түүнийг "Шинэ Харрисон Форд" гэж нэрлэсэн. Өнгөрсөн тавдугаар сард Канны кино наадам дээр танилцуулагдаж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан "Hell or High Water" триллер кинонд Крисийг огт өөр өнцгөөс харж болно. Entertainment Weekly вебсайтад өгсөн ярилцлагадаа "Би нэг хэвийн, дур булаам байхаас залхсан. Би дахиад ийм залуугийн дүрд хувирахыг хүсээгүй. Би яг үүний эсрэгийг хийхийг хүссэн" гэж хэлсэн юм.

#BuroCrush: Крис Пайны “Оддын аялал” (фото 2)

Хамгийн сүүлд л гэхэд тэр 2017 оны зун нээлтээ хийх "Wonder Woman" блокбастерт тоглож байгаа. Тэгэхээр зүгээр л нэг "mainstream" жүжигчин байхыг хүсээгүй Крис Пайн ийнхүү өөрийн карьерын чиглэлийг огт өөр түвшинд аваачиж, өөрчилснөөр бидэнд улам бүр сонирхолтой зүйлс үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

цааш үзэх