Хайх

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето

Бартоломео Каббинс

Text: Г.Тэмүүлэн


Сүүлийн үед урлагийн ертөнцөд нэр нь хамгийн их сонсогдож, хамгийн эрэлттэй байгаа хүн бол Жаред Лето гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Тэр энэ зуны гол блокбастер болох “Suicide Squad” кинонд шинэ Жокерын дүрийг бүтээсэн болохоор арга ч үгүй биз. Тэгэхдээ Жаред амжилттай кино жүжигчин гэхээсээ илүү өөрөө ямар хувь хүн бэ гэдэг нь бидний сонирхлыг татлаа

Жаред Лето кино жүжигчний хувьд амжилтын дээд цэгтээ хүрээд байна. Гэвч тэр өөрийгөө жүжигчнээс илүү дуучин, хөгжимчин гэж танилцуулах дуртай гэдгийг хүмүүс нэг их мэддэггүй. Ер нь Холливүүдад хөгжимчин, дуучнаас жүжигчний карьер хөөж амжилтанд хүрсэн цөөн хэдэн уран бүтээлчид бий. Тэдний нэг бол яг одоо Холливүүдийн хамгийн нууцлаг, өдөөн хатгасан жүжигчдийн нэг болсон Жаред Лето. Түүний тоглосон "Suicide Squad" АНУ-д өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Сонирхолтой нь зарим нэг сайтууд кинонд маш муу үнэлгээ өгчээ. Өршөөлгүй шүүмжлэгчид харин нийтлэлдээ "Зөвхөн Жаред Летогийн жүжиглэлтийг харахын тулд л хүмүүс энэ киног үзэж болно" гэж бичжээ. Харин Жаред Лето шинэ дүрдээ зориулж үсээ неон ногоон өнгөөр будаад зогсохгүй зураг авалт дууссаны дараа ч үргэлжлүүлэн Жокер шиг аяглаж, Марго Роббид үхсэн хархтай хайрцаг илгээх зэрэг солиотой үйлдлүүдийг хийсэн байх юм.

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето (фото 1)

Жүжигчин болохоосоо өмнө нь Жаред сонирхолтой амьдрал туулжээ. Сургуульд байхдаа буюу 12 настайдаа тэр ажлын гараагаа Виржиниагийн жижиг цайны газар аяга таваг угааж эхэлсэн байна. Өсвөр насныхаа нэгэн хэсгийг тэр зочид буудалд үүдний угтагч хийж өнгөрөөсөн. Өвөө нь агаарын нисэх хүчинд ажиллаж байсан тул түүний гэр бүл нь маш олон газар руу нүүж очжээ. Ээж нь хиппи хөдөлгөөний идэвхтэн болохоор Жаредын ах Шеннон тэр хоёр урлагт, амьд хөгжимд анхнаасаа дуртай байсан юм. Тиймээс Жаред ахтайгаа нийлж хөгжим тоглох сонирхлоо өргөжүүлж, 1998 онд "Thirty Seconds to Mars" хамтлагаа байгууллаа. Тэгэхдээ Жаред Летог хөгжмөөс гадна дүрслэх урлаг татдаг тул ахлах сургуулиа төгсөөд Филадельфия дахь Урлагийн их сургуульд элсчээ. Хэсэг хугацааны дараа тэр Нью-Йоркийн Дүрслэх урлагийн их сургууль руу шилжиж, амьдралынхаа ээлжит нүүдлийг хийсэн байна. Нью-Йорк хотод ирээд тэрээр кино ертөнц рүү татагдан орж, өөрийнхөө тоглож, найруулсан анхны "Crying Joy" нэртэй киногоо бүтээжээ. Түүний идэр залуу наснаас бүхэлдээ урлагийн олон төрөл рүү шунамхайран дайрсан оролдлогууд харагддаг ч тэр кино ертөнцөд хамгийн гол амжилтаа гаргасан юм.

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето (фото 2)

Жаред Лето 1992 онд жүжигчний карьер хөөхөөр Лос-Анжелес хотод нүүж ирлээ. Анхандаа тэрээр "Camp Wilder", "My So-Called Life" цувралуудад тоглосноор олонд танигдаж, бүрэн хэмжээний кинонд дүр бүтээж эхэлжээ. Ер нь Жаредын гол онцлог бол нэг дүрийг бүтээхдээ тухайн хүний амьдралын хэв маягийг маш сайн судалж, яг л тухайн киноны баатрын амьдралыг өөрөө мэдрэх гэдэг зантай.  Тухайлбал, Даррен Аронофскийн "Requiem for a Dream" кинонд хар тамхинд донтогчийн дүрийг бүтээх гэж Жаред Нью-Йорк хотын гудамжинд амьдарч, хоёр сарын турш сексийн харилцаанаас татгалзсан байна. Үр дүнд нь 14 кг турж, яг л жинхэнэ Брүүклиний донтогч шиг тэр харагдаж чадсан. Бас өөр нэг эсрэг жишээ дурдахад Жон Ленноны аллагын тухай "Chapter 27" кинонд Марк Дэвид Чепмений дүрд тоглохдоо Жаред 30 кг жин нэмсэн билээ. Таргалахын тулд хэрэглэсэн арга нь тун сонирхолтой. Шөнө бүр унтахаасаа өмнө тэр олон зайрмаг хайлуулж, дээрээс нь буурцгийн сүмс, оливийн тос нэмж холиод уудаг байсан юм. Ийм зэргийн санаачлагатай ажилладаг тул бүтээсэн ихэнх дүр нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаж, өнөөдрийн алдрын оргилд тэр гарсан. Жаред Лето олон бүтээлд өөр дүр бүтээснээс гадна 2009 онд Дианна Крюгертэй хамт тоглосон Mr.Nobody кинонд нэг хүний олон амьдралын тавиланг үзүүлсэн байгаа. Меланхолик хийгээд шийдэмгий хүн, романтик эр зэрэг тэдгээр дүрүүд нь цөм үнэмшилтэй, жинхэнэ болж чадсан. Улмаар Жаред Лето 2013 онд "Dallas Buyers Club" кинонд гаргасан ДОХ-ын халдвартай трансжендер эмэгтэйн дүрээрээ Оскарын шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн юм. 

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето (фото 3)

Нэг нууц дэлгэхэд Жаред Лето өөрийгөө Доктор Сьюзийн зохиолын баатар болох Бартоломео Каббинсын нэрээр нэрлэх дуртай. Энэ нэрээ тэр найруулсан видео клипнүүддээ ашигладаг байна. Хөгжмийн салбарт гаргасан амжилтыг нь түүний "Thirty Seconds to Mars" нэртэй альтернатив рок хамтлаг илтгэнэ. Нийт дөрвөн бие даасан цомог гаргасан тус хамтлаг одоо тав дах студийн цомог дээрээ байгаа. Жаред Лето хамтлагийнхаа ихэнх дууг зохиохоос гадна өөрөө дуулж бас гитар тоглодог. Одоо тэгэхээр Suicide Squad киноны халуурал буусны дараа бид түүний алдар дуу хөгжмийн ертөнцөд үргэлжлэн цуурайтахыг үзэж, мэдрэх бололтой.

#BuroCrush: Олон талын авьяастай Жаред Лето (фото 4)

цааш үзэх