Хайх

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц

Таны хүүхэд дэлгэцэнд донтвол яах вэ?

Text: Ж.Чинбат


Зураг: Original desgin by Freepik

Хүмүүс өмнө нь ухаалаг төхөөрөмжүүд шиг жижигхэн хэрнээ олон төрлийн супер чадвартай тоглоомтой байсангүй. Тиймээс энэ зүйл хүүхдүүдэд сайн, муу эсэхийг тодорхойлох нэгэн судалгаа саяхан хийгдсэн байна

Орчин үеийн хүүхүүд "Аав, ээжийн гар утас бол бидний тоглоом мөн" гэсэн уриатай болоод байгаа билээ. Энэ бүр уриа биш олонх тохиолдолд ялалт болсон байх нь бий.  Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн ихэнхи нь өөрийн гэсэн гар утастай, нийгмийн сүлжээний багагүй хэсгийг бүрдүүлдэг, байнгын хэрэглэгчид болоод амжсан.

Гар утасны соронзон долгион хүний тархинд сөрөг нөлөө үзүүлдэг, дэлгэцийн дон хүний төлөвшил, ухамсарт олон янзаар нөлөөлж байгаа тухай хүмүүс их ярих болсон. Тэгэхдээ ухаалаг төхөөрөмжид суурилсан шинэ үеийн, супер энтертэйнмэнт зүйл маань ямар үр дагавартайг судлаж, нотлох хэмжээний хугацаа хараахан өнгөрөөгүй байна. Тиймээс энэ талаар судалсан "International School of Ulaanbaatar" сургуулийн нийгмийн ажилтан Кайл Оттавианотой ярилцлаа.

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц (фото 1)

Танай сурагчдын дунд компьютер, ухаалаг утасны хэрэглээ хэр байна вэ?

Би жил хагасын өмнө сурагчдынхаа компьютер, ухаалаг гар утас, онлайн тоглоомын хэрэглээг судлахаар нэгэн судалгааны багт нэгдсэн. Тэрхүү судалгаагаар ийм дүн гарсан байна.

"Та компютерийн тоглоом тоглодог уу?" гэсэн асуултанд V ангийн сурагчдын 80%, 6,7,8-р ангийн сургачдын 77% нь, 9,10,11-р ангийн сурагчдын 64% нь тийм гэж хариулсан. Тэгэхээр анги дэвших тусам компютерийн тоглох нь буурсан байгаа юм.

"Та хэзээ тоглож эхэлдэг вэ, өдөрт хэдэн цаг тоглодог вэ?" гэсэн асуултанд олон хүүхдүүд гэртээ хариад тоглож эхэлдэг гэж хариулсан байна.

"Ta нийгмийн сүлжээ хэрэглэдэг үү?" гэхэд V ангийн сурагчдын 69%, ахлах ангийнханы 95% нь тийм гэсэн.
"Хэр удаан хэрэглэдэг вэ?"
Дунджаар өдөрт 2-3 цаг. 

 

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц (фото 2)

"Ta компютер тоглоом  биед муу гэж боддог уу?"  гэх асуултанд зарим нь тийм, зарим нь үгүй гэж хариулсан. Ахлах ангийн сурагчид хагас нь тийм, хагас нь үгүй гэж хариулсан бол дунд сургуулийн сурагчид ихэнх нь компютер тоглоомыг эрүүл мэндэд муу гэж боддог байна.

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц (фото 3)

Та таблет болон ухаалаг гар утасны хэрэглээг сургууль дээрээ хязгаарладаг уу?
Хичээл дээр сурагчид хувийн гар утас, таблет хэрэглэж болохгүй. Гэхдээ бид зарим хичээлд таблет ашигладаг.  Зарим залуу хүүхдүүд таблетаа зөв ашиглаж чаддаг. Тэд суралцаж байхдаа жижиг кино хийж ангийнхаа блогт тавьж, бусдадаа хичээлийн үйл явцаас танилцуулдаг. 

Судалгаанаасаа танилцуулсанд баярлалаа. Сургуулийн орчинд Wifi бий юу?

Тийм. Тэгэхдээ нийгмийн сүлжээ, апп дэлгүүр орох боломжгүй зэрэг хязгаарлалттай.

СОШИАЛ МЭДИА, ФЭЙСБҮҮК, ГАР УТАС ХҮНИЙГ ДОНТУУЛДАГГҮЙ. ЭДГЭЭР НЬ ЗҮГЭЭР л МУУ ЗУРШИЛ. 

Ухаалаг гар утасны хэрэглээ охид, хөвгүүдийн хувьд ялгаатай байна уу?

Тийм. Би охидууд гар утсаа илүү их хэрэглэж байхыг анзаарсан. Тэд ихэвчлэн нийгмийн сүлжээнд орох эсвэл хүмүүстэй чатладаг байх. Харин хөвгүүд утсаараа илүү их тоглодог. Гэхдээ бас эсрэгээрээ хөвгүүд нийгмийн сүлжээнд цагаа өнгөрүүлж, охидууд тоглоом тоглох өдөр олон.

Таны бодлоор хүүхдүүд өдөрт хэдэн цаг зарцуулахад хангалттай вэ?

Тэдний наснаас хамаарна. Хүмүүс хоёр наснаас доош хүүхдүүдэд зурагт, таблет, тоглоом гээд ямар ч төрлийн дэлгэц харуулж болохгүй гэдэг. Судалгаагаар комьютер, гар утас удаан хугацаагар хэрэглэх нь зарим логик сэтгэлгээг хөгжүүлж болох ч түүнээс илүүтэйгээр хүүхдүүдийн нийгэмшилд саад болдог гэж үзсэн. Миний бодлоор компьютер тоглоом хүүхдэд туслахаас илүүтэйгээр илүү хөнөөл учруулна. Өдөрт 2 цаг хэрэглэхэд хангалттай. 

Ач холбогдолтой тал нь юу бол?

Магадгүй хүүхдийн уран сэтгэмжийг сайжруулж болох юм. Гэхдээ бусдаар бол тийм ч эрүүл биш. Хүүхдүүд хэтрүүлж хэрэглэхгүй аль эсвэл түүнийгээ амьдрал дээрх бодит харилцаагаар орлуулахгүй бол буруу зүйлгүй. Харин түүндээ хэтэрхий донтож, найзуудтайгаа болон бусад хүмүүстэй нүүр тулсан харилцаагаар соливол маш том асуудал юм. Тэгэхээр энэ таны хүүхдийн хэрэглээнээс шалтгаална.

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц (фото 4)

Онлайн тоглоомууд хүүхдийн багаар ажиллах чадварыг дээшлүүлэх боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ мэдээж нүүр тулсан баг бүрдүүлэлтийг гүйцэхгүй. Амьдрал дээр бодитоор баг бүрдүүлж ажиллавал хэзээд ямар ч онлайн багаар ажиллах тоглоомоос илүү чадвар эзэмшинэ. Гэхдээ ирээдүйд цахим ертөнцөд хамт ажилладаг мэргэжил олон гарах боломжтой. Тиймээс тэднийг ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэх бэлтгэл байж болох юм.

Тоглоом асуудал шийдвэрлэх чадварт суралцуулдаг уу?

Хүүхдүүд бодит амьдрал дээр хоорондоо тогловол хавьгүй илүү. Судалгаагаар хүний тарxи компьютер биш эргэн тойронтойгоо харьцахад илүү ажилладаг нь тогтоогдсон. Тоглоом хэр ашиг тустайг хэмжих боломжгүй.

Та эцэг, эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэрвээ таны хүүхэд гэртээ очоод оройжин өөрийгөө тусгаарлахгүй бол асуудал биш. Тэдэнд компьютэр, гар утас, тоглоом зэргээс хол, найзуудтайгаа нүүр тулж ярилцах, тоглох цаг хэрэгтэй. Өөр нэг зөвлөгөө бол хүүхдээ унтахын 2 цагийн өмнө гар утас, зурагт үзүүлэх хэрэггүй. Учир нь эдгээрээс гарч буй гэрэл, соронзон долгион хүний тархийг сэргээж, унтахад нь садаа болдог. 

Хэрэв хүүхэд дэлгэцийн донтой болвол яах вэ?

Энэ тохиолдолд хүүхдээс утас, компьютэрыг нь хурааж аваад хүүхэддээ "Эдгээрийг хэрэглэх нь өөрийх нь давуу тал болохоос эрх биш юм" гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ялангуяа онлайн тоглоом амархан донтуулдаг учраас анхнаас нь тоглуулахгүй байх хэрэгтэй. Нийгмийн сүлжээ, фэйсбүүк, гар утас хүнийг донтуулдаг биш зүгээр л муу зуршил. Харин онлайн хүн өөрийгөө урамшуулахын тулд дахин тоглох сонирхол байнга төрүүлдэг.  Би бага байхдаа утастай байсан л даа. Их тааруухан утас боловч мэссэж бичихэд их үнэтэй. Одоогийн олон хүүхэд үнэтэй утастай, мөн бусадтай үнэгүй онлайнаар харилцаа тогтоож байна. Тиймээс тэд шөнийн цагаар илүү их ашиглаж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байх. 

Хүүхдүүдийн онлайн, сошиал ертөнц (фото 5)

 

 

цааш үзэх