Хайх

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ

Урлаг, уран зохиол, хөгжмийн хорхойтнуудад зориулсан

Text: Ж.Чинбат


Жирийн нэгэн кафенаас өөр дотно мэдрэмж төрүүлэх, сайн найзындаа зочлож байгаа мэт тухтай газар Улаанбаатар хотод нээгдлээ. Москва, Санкт-Петербург, Лондон, Манчестер хотуудад салбартай энэ газарт зочилсон хүмүүст цоо шинэ мэдрэмж төрөх болно

Циферблат Улаанбаатарын нээлтэн дээр загвар зохион бүтээгчид, дуучид, сэтгүүлч, яруу найрагчид, хөгжимчид, бүжигчид, бизнесмэнүүд, банкир бүсгүйчүүд гээд маш олон сонирхолтой хүн цугларчээ. Арванхоёрдугаар сарын 15-нд албан ёсоор Монголд нээгдэж байгаа энэхүү шинэлэг, чөлөөт орчин бүрдүүлсэн газрыг харахад яг л кинон дээр гардаг Европын аль нэг сэхээтнүүдийн цуглардаг газар шиг харагдана. Эсвэл алдарт "Friends" цуврал киноны дүр зураг толгойд бууж ирээд байлаа. Залуучуудын зарим нь кофе уунгаа халуун яриа өрнүүлж байхад танхимын нөгөө хэсэгт зураачдын заавраар хүмүүс янз бүрийн сонирхолтой зүйлс урлаж байна. Тэгэхээр хаанаас ийм сонирхолтой газар гэнэт Улаанбаатарт нээгдсэн болохыг танд товч танилцуулахаар шийдлээ. 

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 1)

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 2)

Анх Москвад хэсэг бүлэг уран зохиол сонирхогчид өөрсдийн дуртай зүйлсээ ярилцан цагаа өнгөрөөх зорилгоор Циферблатыг нээж байжээ. Ердийн ойлголтоор бол хүн кафед орж ирж үйлчлүүлээд тодорхой хугацааны дараа ширээгээ суллах хэрэгтэй байдаг шүү дээ. Бас дээр нь ямар ч ресторан, кафед үйлчлүүлэгч, харилцагчийн уур амьсгал ноёрхдог. Тэгвэл яагаад найз, нөхдийн нөхөрсөг харилцаатай газар байж болохгүй гэж. Зөвхөн кафе биш бүжгийн талбай, кино театр, урлан болгож ашиглачихмаар чөлөөт орон зай, хүмүүс өөрөө өөртөө үйлчлэх гал тогоо, дээрээс нь бусдаас тусгаарлагдсан орчинд тухтай яриа өрнүүлэх газар, номын сан гээд маш олон зүйл байж болно шүү дээ. Яг ийм зорилгоор Москвад 2010 онд байгуулагдсан Циферблат богино хугацаанд дэлхийн 15 хотод салбартай болжээ.

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 3)

Москва, Санкт-Петербург, Лондон, Манчестер, Киев, Улаанбаатар дахь Циферблатын салбарууд бүгд л нэг зарчимаар ажиллана. Та энэ газарт зочилж ирээд цай, кофе, хөнгөн зууш хүссэнээрээ хэрэглэж болох бөгөөд тооцоо нь зөвхөн таны Циферблатад өнгөрүүлсэн хугацаагаар хэмжигдэнэ (Маш боложмийн үнэтэй). Энд зөөгч, үйлчлэгч гэж үгүй бөгөөд оронд нь туслах, найз гэсэн ойлголт байна. Тиймээс та "Зөөгч өө, би эспрессо авья" гэх биш харин "Мандах аа, найздаа кофе хийгээд өгөөч" гэж хэлж болно гэсэн үг. Сонирхолтой байгаа биз. 

Циферблат Улаанбаатар салбар 150 м2 талбайтай бөгөөд хэд, хэдэн тусдаа өрөөнүүдтэй. Харри Поттерын Хогвартс сургуулийг санагдуулам булан, хуучны сэтгэлд дотно орос ахуйтай булан, дорнын уур амьсгал төрүүлэх япон хэв маягтай хэсэг, кино театр, уран зургийн зориулалтаар ашиглаж болох бага танхим байна.  Та энд орж ирээд хаана нь ч тухлаж болно. Интернэт ашиглаж, принтер хэрэглэж, эсвэл гэртээ бэлдсэн өдрийн хоолоо халааж идэх, ажлаа хийх зэргээр гэртээ байгаа мэтээр цагийг өнгөрүүлэх юм. Үүний тулд орж ирэхдээ туслах ажилтанд цагаа бүртгүүлж, ширээний цаг аваад л болоо. Хэрэв аль нэг ширээн дээр ширээний цаг байна гэвэл тэр орон зай хүнтэй байна гэсэн үг. 

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 4)

Энэхүү сонирхолтой газрыг Монголд нээхээр санаачилж, үүсгэн байгуулсан М.Нацагсүрэн хэлэхдээ "Би өөрөө урлагийн болоод бүтээлч орчинд дуртай болохоор манай улсад ийм газар байгаасай гэж хүсдэг байлаа. Харин надад Циферблатын философи  маш их таалагдсан. Хүмүүсийн дунд амьд харилцаа үүсгэдэг, дотно орчинтой бөгөөд бие, биедээ татагдах хүндэтгэлтэй мэдрэмж төрүүлдэг нь их гоё. Бид Циферблатын Ази дахь анхны салбарыг нээж байгаа учраас бага зэрэг дорнын уур амьсгал оруулж өгөхийг хичээсэн. Ерөнхийдөө манай хамт олон өөрсдөө интерьер дизайнаа гаргаж, бүх зүйлсээ монголоос авч тохижуулсан байгаа" гэж хэллээ.

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 5)

Дэлхийн 15 хотод салбартай Циферблат Улаанбаатарт нээгдлээ (фото 6)

Улаанбаатар дахь Циферблат салбарт зөвлөж ажиллахаар Олон улсын салбаруудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Индира Алымкулова, хөгжүүлэлт хариуцсан куратор Наталья Енокьянц гэх хоёр орос бүсгүй түр хугацаагаар иржээ. Тэд Европын бусад хотууд дахь Циферблатын бизнес хөгжлийн туршлагаас энд нэвтрүүлж, хэрхэн бүтээлч уур амьсгалаа цааш нь улам хөгжүүлэх дээр ажиллаж байгаа аж. 

Энд цаашдаа маш олон сонирхолтой үйл ажиллагаанууд хийгдэхээр төлөвлөжээ. Кино үдэшлэг, урлагийн тухай лекц, нээлттэй ярилцлага болох ба профессоруудыг урьж дэлхийн түүхийн талаар залуучуудад зориулсан илтгэл тавигдах юм байна. Мөн шинээр гарч ирж буй хамтлаг дуучид, үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй зураачидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж М.Нацагсүрэн хэлсэн юм. Хэрвээ таны сонирхлыг энэхүү чөлөөт орчин бүрдүүлсэн газар татаж байвал өөрийн биеэр зочлож, ямар мэдрэмж төрүүлэхийг нь үзээрэй. Циферблат  долоо хоногийн бүх өдөр өглөөний 10:00-22:00 хүртэл ажилладаг юм байна. 

цааш үзэх